Батлан хамгаалах яам 100 хоногт
2016.10.25
Улстөр

Батлан хамгаалах яам 100 хоногт

Батлан хамгаалах Яам 100  хоногийн хугацаанд дараах томоохон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлээд байна. 

Батлан хамгаалах яам үндсэн чиг үүргийн яам боллоо

Монгол Улсын Их хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар батлагдсан "Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай" хуулиар Батлан хамгаалах яам нь ерөнхий чиг үүргийн яам болж үйл ажиллагааны цар хүрээ өргөжлөө.

Батлан хамгаалахын багц хуулийн төслийг баталлаа

Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит бус нэгдсэн чуулганаар Батлан хамгаалах тухай, Зэвсэгт хүчний тухай, Цэргийн албаны тухай, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулиудыг хэлэлцэн баталсан нь батлан хамгаалах тогтолцооны хууль тогтоомжийг шинэчилж, батлан хамгаалах үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлж, эрх зүйн шинэчлэл хийх нөхцөлийг бүрдүүлж, салбарын үйл ажиллагаанд тулгамдаад байгаа олон асуудлыг шийдвэрлэх эрх зүйн таатай орчинг бүрдүүлсэн.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-т батлан хамгаалах бодлогын чиглэлээр "Монгол Улсын батлан хамгаалах эрх зүйн орчныг төгөлдөржүүлж, улс орны батлан хамгаалах чадавхийг бэхжүүлж, зэвсэгт хүчний хөгжлийг эрчимжүүлэн, батлан хамгаалах тогтолцоог боловсронгуй болгох зорилгын хүрээнд хэд хэдэн гол зорилтуудыг тусгасан.  

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар баталсан "Яамдын зохион байгуулалтын бүтцийг батлах тухай" Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоолын дагуу Батлан хамгаалах яам "Үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-ийг батлуулан шинэ бүтэц, орон тоонд шилжин үйл ажиллагаагаа явуулж байна. 

Зэвсэгт хүчний анги салбаруудын үйл ажиллагаатай танилцав

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ ЗХЖШ болон Зэвсэгт хүчний 232, 014, 016, 350, 338 дугаар ангиудад ажиллалаа. Ангийн удирдлагууд ангийнхаа чиг үүрэг, үйл ажиллагаа, хийж хэрэгжүүлсэн болон цаашид хийхээр төлөвлөсөн ажлууд, тулгамдаж буй асуудлынхаа талаар сайдад танилцууллаа. Батлан хамгаалахын сайд зарим тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх талаар албан тушаалтнуудад үүрэг даалгавар өглөө.

Бодлогын шийдвэрүүд гаргалаа

Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ томилогдсоноосоо хойш сахилга дэг журмыг бэхжүүлж, ажлын хариуцлагыг өндөржүүлэн, өвөлжилтийн бэлтгэл хангах, төсөв хэмнэх, зардал бууруулах, төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулах зэрэг 100 гаруй тушаал шийдвэр гаргаад байна. Энэ ч үр дүнгээ өгч байгаа. Батлан хамгаалах салбарт биеийн тамир спортыг хөгжүүлэх, иргэдийн батлан хамгаалах бэлтгэлжилтийг сайжруулах хөтөлбөрийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлээд байна.

Батлан хамгаалах яам-гадаад хамтын ажиллагаа

Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд И.К.Азизов, БНХАУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Син Хайминь, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Штефан Дюппелт, Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Бүрэн Эрхт Элчин сайд Суреш Бабу, БНЧУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Ивана Гроллова, ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Катрин Элизабет Жейн Арнолд, БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз нарыг хүлээн авч уулзан хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны  талаар ярилцлаа. 

Яам хоорондын зөвлөлдөх уулзалт 

Монгол Улс болон АНУ-ын Батлан хамгаалах яамд хоорондын Зөвлөлдөх уулзалт 9 дугаар сарын 15,16-ны өдрүүдэд Монгол Улсын Батлан Хамгаалах яаманд зохион байгуулагдлаа.

Зөвлөлдөх уулзалтаар бүс нутгийн аюулгүй байдлын асуудал, Тухайлбал, Афганистан улсад явагдаж буй эвслийн цэргийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагааны хэтийн төлөв, хоёр орны цэргийн бүрэлдэхүүний оролцоо, хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны үндсэн чиглэлүүдийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Мөн Монгол Улс, БНХАУ-ын Батлан хамгаалах яам хоорондын зөвлөлдөх уулзалт болж, хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа, бүх төвшний харилцан айлчлал хийх, зөвлөлдөх уулзалт зохион байгуулах, цэргийн тусламж, боловсон хүчин сургах, хил хамгаалах, хамтарсан сургууль хийх зэрэг олон чиглэлээр амжилттай өргөжиж байна.

Цэрэг-техникийн хамтын ажиллагаа

ОХУ-ын цэрэг-техникийн хамтын ажиллагааны холбооны албаны орлогч захирал В.Н.Дрожжов тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж "Монгол Улсад цэрэг-техникийн тусламж үзүүлэх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үйлчлэлийг сэргээх тухай Засгийн газар хоорондын протоколд гарын үсэг зурлаа.Энэхүү Засгийн газар хоорондын протоколд гарын үсэг зурснаар манай улсад зэвсэг техникийн туслалцаа үргэлжлүүлэн авах, ОХУ-д сургах цэргийн алба хаагчдынхаа тоог нэмэгдүүлэх боломж нээгдэж байгаа юм. 

Монгол цэрэг эрс энхийн ажиллагаанд

НҮБ-ын болон олон улсын энхийг дэмжих ажиллагаанд Монголын дайчид даян дэлхийн энх тайвны төлөө дэлхийн олон орнуудын дайчин эрстэй хамтран энхийг сахиулах үүргээ нэр төртэй биелүүлсээр байна. Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальон 2012 оноос эхлэн оролцож, нийтдээ 5 ээлжинд 4250 цэргийн алба хаагч үүргээ амжилттай гүйцэтгээд байна.тЭнэ оны 8 сард Судан улсад үүрэг гүйцэтгэх 850 хүнтэй цэргийн багийг үдэж мордуулаад байна. 

Монгол Улсын Зэвсэгт хүчнээс Өмнөд Судан Улс дахь НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Зэвсэгт хүчний мотобуудлагын батальон, Судан улсын Дарфур мужид үүрэг гүйцэтгэж буй Зэвсэгт хүчний мотобуудлагын ротын цэргийн багийн ээлж хүлээлцэх ажиллагааг зохион байгуулж, төрийн дээд одон медаль гардууллаа.

Цэргийн албан хаагчдын нийгмийн хамгааллын асуудлыг анхаарч ажиллана

Батлан хамгаалах салбарт ажиллаж байгаа офицер, ахлагч, ажилтан алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр БХЯ, ЗХЖШ-аас олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлсээр байна. Үүний нэг нь ипотекийн зээлд хамрагдах шалгуур болзлоо хангасан алба хаагчдад 10 хувийн буцалтгүй тусламжийг үзүүлж байна.

43 цэргийн алба хаагчдад 10 хувийн буцалтгүй тусламж олгох батламж, батлан хамгаалах салбарт ажиллаж байгаад бэлтгэл, чөлөөнд гарсан, тусламж туслалцаа хэрэгтэй байгаа 8 хүнд таван ханатай өргөө цагаан гэр олгох батламж гардуулан өглөө. Ингэснээр бид үндсэндээ 100 гаруй иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлээд байна. 

Олон улсын болон дотоодын сургалтууд амжилттай хийгдэж байна

Монгол Улс, Оросын Холбооны Улсын Зэвсэгт хүчний хамтарсан "Сэлэнгэ-2016" байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль "Хууль бус зэвсэгт бүлэгтэй тэмцэх устгах" сэдэвтэйгээр ОХУ-ын Алс дорнодын цэргийн тойрогт амжилттай зохион байгуулагдлаа. 

Монгол Улсын Зэвсэгт хүчин, Япон улсын өөрийгөө хамгаалах хүчний хамтарсан "Шийдэмгий шийдвэр" хамтарсан сургууль, АНУ-тай хамтарсан "Баланс мээжик" сургууль зэрэг олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургуулиудыг өөрийн оронд амжилттай зохион байгуулж, зэвсэгт хүчний агаарын цэргийн командлалын анги, салбаруудтай команд штабын болон хээрийн дадлага, сургуулийн төлөвлөгөөний дагуу явууллаа.

"Оюутан цэрэг" хөтөлбөрийг Улаанбаатар хот, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд, Говьсүмбэр, Дорнод аймаг  дахь дээд сургууль, коллежийн оюутнуудыг БХИС, Зэвсэгт хүчний ангиудыг түшиглэн 3 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж, 1000 оюутныг "Цэргийн ерөнхий бэлтгэл сургалт"-д хамруулж, цэргийн мэргэжил эзэмшүүллээ. 

Мөн цэргийн алба хаагчдыг гадаадын 14 улсад цэргийн бакалавр, магистр, докторын болон академи, мэргэжил дээшлүүлэх дамжаанд суралцуулж байгаагаас 77 офицер, ахлагчийг шинээр элсэн суралцуулах асуудлыг шийдвэрлэлээ. 

ОХУ-д зохион байгуулагдсан "Арми-2016" олон улсын цэргийн тэмцээнд "Танкийн батальон", "Цэргийн гал тогоо", "Мэргэн буудагч"-ийн төрлүүдэд Монголын Зэвсэгт хүчний дайчид амжилттай оролцсон ба Москва хотноо олон улсын цэргийн хөгжмийн наадам, хүндэт харуулын жагсаалын уламжлалт фестиваль "Спасская Башня-2016" наадамд Зэвсэгт хүчний Жанжин штабын үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, Зэвсэгт хүчний 032 дугаар анги, Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулга амжилттай оролцлоо. 

"100 яруу найрагч-100 эх орны шүлэг" утга зохиол, урлаг соёлын өдөрлөгийг зохион байгууллаа

9 дүгээр сарын 4-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд "100 яруу найрагч-100 эх орны шүлэг" утга зохиол, урлаг соёлын өдөрлөг амжилттай болж өнгөрлөө.

Дэлхийд цор ганц сонгодог хэлбэрээ хадгалан үлдсэн нүүдлийн соёлтой ард түмний соёл, сэтгэлгээний онцлогийг тусган, түүх соёлоороо бахархах, байгаль дэлхийгээ хүндлэн дээдлэх, эх орон, газар шороогоо хайрлан хамгаалах үзлийг залуу үедээ төлөвшүүлэх зорилгоор Батлан хамгаалах яам, Залуу зохиолчдын нэгдэл, Монголын зохиолчдын эвлэл, "Хязгааргүй дуулал" ТББ-тай хамтран зохион байгууллаа

Батлан хамгаалах яам, эрүүл мэндийн яам хоорондын хамтын ажиллагаа

Зэвсэгт хүчний 027 дугаар анги буюу Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан болон, БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд танилцлаа. 

1921 онд их жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар цэрэг, ард иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэхээр байгуулагдсан Монгол Улсын шинжлэх ухааны ууган эмнэлгийн шинэ байр 2011 оноос баригдаж, энэ оны 3 дугаар сард ашиглалтад оржээ. А, Б, В гэсэн гурван блокоос бүрдсэн эмнэлэг өнөөдрийн байдлаар эмчилгээний 22 тасаг, поликлиникийн 4 тасаг, нарийн мэргэжлийн 30 гаруй кабинет, 411 ортойгоор үйл ажиллагаа явуулж байна.  

Эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах үеэр эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах, ур чадварыг дээшлүүлэх гэх мэт олон асуудлаар санал солилцож тулгамдаад байгаа хэд хэдэн асуудлуудыг УИХ болоод Засгийн газар, яамдын түвшинд хэрхэн бодлогоор уялдуулан шийдвэрлэх талаар ярилцлаа. 

ШИНЭ МЭДЭЭ