АЛБАН ЖУРМЫН ДААТГАГЧДЫН ХОЛБОО

Хүүхэд зам, тээврийн осолд өртөхгүй байхад эцэг эх, асран хамгаалагч хамгийн чухал үүрэгтэй
ЗЦГ-ын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Бөхбат, Албан журмын даатгагчдын холбооны гүйцэтгэх захирал Д.Цэвээнжав
2016.11.10
Зам, Тээвэр

Хүүхэд зам, тээврийн осолд өртөхгүй байхад эцэг эх, асран хамгаалагч хамгийн чухал үүрэгтэй

Өнөөдөр Замын цагдаагийн газар, Албан журмын даатгагчдын холбоо өвлийн улирлын хальтиргаа, гулгаа үүссэний улмаас замын тээврийн осол, зөрчил гарч, түүнд хүүхдүүд их өртөж байгаатай холбогдуулан мэдээлэл хийлээ. 

2016 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 48 хүүхэд зам, тээврийн осолд өртсөний улмаас нас барсаны 5 нь нийслэлд гарсан хэрэг зөрчил юм. Тиймээс Замын цагдаагийн газраас орон нутгийн замд жолооч нар замын хөдөлгөөнд анхаарал, болгоомжтой оролцохыг сануулсан юм. 

"Замын цагдаагийн газрын хяналт, шалгалт бол таны болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалахын төлөө байдаг шүү гэдгийг ойлгох хэрэгтэй"

Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат

"Нэгдүгээрт, хүүхэд зам, тээврийн осолд өртөж байгаа нь эцэг эх, асран хамгаалагч, багш, сурган хүмүүжүүлэгчдийн хариуцлагагүй байдлаас үүдэлтэй.

Сургалтын хөтөлбөрт хүүхдэд зам, тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх тухай мэдлэг, мэдээлэл зөв, системтэйгээр олгодоггүйгээс зам, тээврийн осолд өртөх шалтгаан болж байна.

Хоёрдугаарт, сургууль, гэр орчмын аюулгүй байдал хангагдаагүйгээс хүүхдүүд зам, тээврийн осолд өртөж байна. Тиймээс ялангуяа 6-10 насны хүүхдийг хууль журамд заасны дагуу хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, эцэг, эхчүүд өөрсдөө хүүхдээ үлгэр дууриал болж, багш, сурган хүмүүжүүлэгчидтэй байнгын харилцаа холбоотой байх зайлшгүй шаардлага тулгараад байна.

Хүүхэд зам, тээврийн осол, зөрчлийн улмаас нас барах нь Улаанбаатар хотын замд харьцангуй бага, орон нутгийн замд элбэг тохиолдож байна.

Хүүхэд зам, тээврийн ослын улмаас гэмтэж, бэртэх тохиолдол нийслэлд орон нутагтай харьцуулахад их байна. Тиймээс Замын цагдаагийн газраас нийслэл, орон нутагт гарч буй зам тээврийн осол, зөрчилд хүүхэд өртөөд буй энэ байдалд анхаарал хандуулан ажиллах болно.

Орон нутгийн замд хяналт, шалгалт байдаггүй гэж хайнга хандсаны улмаас онхолдох, дайруулах, замаас гарах зэрэг осол, зөрчил гарч байна. Замын цагдаагийн газраас орон нутгийн замд хяналт шалгалт тогтмол явуулдаг. Жолооч нар орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай, ухамсартай байж, замын хөдөлгөөний дүрмээ биелүүлэхийг анхааруулж байна.

Замын цагдаагийн газрын хяналт, шалгалт бол таны болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалахын төлөө байдаг шүү гэдгийг ойлгох хэрэгтэй."

Хальтиргаа гулгаа ихтэй энэ үед жолооч нар дугуйгаа өвлийн дугуйгаар солих ёстой. Асфальтан зам нь өөрөө хальтиргаа гулгаа үүсгэдэг, царцдаг.

Зуны дугуйтай хөдөлгөөнд оролцож байгаа жолооч гэлтгүй өвлийн дугуйгаар сольсон ч цас орсон, хальтиргаа гулгаа үүссэн үед зам, дугуйн барьцалдах коеффициэнт 5-6 дахин буурдаг. Тоормозны зам 5-6 дахин нэмэгддэг.

Энгийнээр тайлбарлахад, 10 метрт зогсох байсан бол хальтиргаа, гулгаатай хэсэгт 30 метр яваад зогсоход хүрдэг. Тиймээс жолооч нар дугуйгаа өвлийн дугуйгаар яаралтай соль. Хөдөлгөөнд оролцохдоо замын нөхцөл байдал, зорчигч, ачаа бараа зэрэгт зохицуулан хурдаа тохируул гэдгийг анхаарууллаа.

Зам тээврийн ослын үзүүлэлт буурсан ч хүүхэд өртсөн зам тээврийн осол буурахгүй, тэр тусмаа ослын улмаас олон хүүхэд нас барж байгаа урчаас олон нийтийн анхаарлыг үүнд хандуулж, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд эцэг эх олон нийтийг сэрэмжлүүлэх үүднээс Албан журмын даатгагчдын холбооноос мэдээлэл хийлээ. 

Явган хүүхэд осолд өртсөн 65,7%

Тээврийн хэрэгслээр зорчигч 31,8%

Дугуйгаар зорчигч 2,5%  байна.

"Албан журмын даатгалд хамрагдсанаар жолооч нар харьцангуй ухамсартай болж байна"

Албан журмын даатгагчдын холбооны гүйцэтгэх захирал Д.Цэвээнжав

"Жолооч нар албан журмын даатгалд хамрагдаж, жилд 40 орчим мянган төгрөгийн даатгал хийлгүүлснээр 5 сая хүртэл төгрөгийн нөхөн төлбөр авах боломжтой.

Хэрэв жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулаагүй жолооч осол, зөрчил гаргалаа гэхэд манай холбооны даатгалын сангаас хохирлыг барагдууллаа ч гэсэн буруутай этгээдээс буцааж нэхэмжилж авдаг.

Монгол Улсад 500 мянган гаруй тээврийн хэрэгсэл жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдаж, 22 тэрбум төгрөгийн даатгалын хураамж төлөөд байна. Үүнээс улсын хэмжээнд 17 мянга гаруй тээврийн осол, зөрчил гарч, 8 орчим тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгоод байна.

Статистик мэдээнээс харахад, зам, тээврийн осол, зөрчил тодорхой тоогоор буурч байгаагийн нэг шалтгаан нь жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдсаны ач тус гэж үзэж байна.

Учир нь жолооч нар осол, зөрчил гаргаснаар дараа жил төлөх даатгалын хураамжийн хэмжээ нь өсдөг, хариуцлагагүй жолооч гэдгийг нь илтгэдэг. Замын цагдаагийн газар, Албан журмын даатгалын холбооноос явуулж буй суртал сурталчилгааны ажил ч үр дүнгээ өгч байна."

Сүүлийн хоёр жилд 100 гаруй хүүхэд зам, тээврийн осолд өртөж амь насаа алдаж байна. Энэ нь эцэг эх, асран хамгаалагчийн хариуцлагагүй байдал, сургууль, гэр орчмын орчинтой шууд холбоотой.

Тиймээс ч энэ талаар Замын цагдаагийн газрын ахлах мэргэжилтэн эцэг, эхчүүдэд хандаж дараах зөвлөмжийг хүргэж байна. 

"0-10 насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулбал эцэг эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгчид хариуцлага тооцно"

Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Л.Амаржаргал

"Хүүхэд машины хурдыг тооцоолж чаддаггүй. Дуртай газраараа замын хөндлөн гардаг. Эцэг, эх, асран хамгаалагчид гарцгүй газраар хүүхдээ дагуулж гардаг, ойртон ирж буй тээврийн хэрэгслийн урдуур гүйж гардаг, машинд хүүхдээ өвөр дээрээ суулгадаг зэргээс зам, тээврийн осол зөрчил гарч байна.

Эцэг, эхчүүд хүүхэддээ багаас нь буруу үлгэр дууриал үзүүлж, замын хөдөлгөөний талаар суурь мэдлэгийг буруу тавьж өгснөөр өнөөдөр хүүхдүүд осолд өртөж байна. Багш, сурган хүмүүжүүлэгчид хүүхдийг зөв дадалд сургаснаар хууль дүрмээ биелүүлдэг хариуцлагатай иргэн болж төлөвшинө.

Замын цагдаагийн газар хүүхдийг зам, тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд хүч мөхөсдөнө. Хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд, Замын цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж, энэ асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй.

Өнөөдөр хүүхэд зам, тээврийн осолд өртчихлөө гэж дуугарахын оронд осолд орохоос урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авах хэрэгтэй байна.

Нэгэнт осолд өртсөн хүүхэд амь нас, эрүүл мэндээрээ хохироод зогсохгүй сэтгэл зүйн хүнд байдалд ордог.

Тухайн хүүхдийн сэтгэл зүйг зөв засч, хүүхдийг тайвшруулах хэрэгтэй болдог. Хүүхэд нь осолд өртсөн тохиолдолд эцэг, эх хоёрын нэг нь хүүхдээ сахиж таардаг. Түүнээс үүдэн ажлаа алдах, хөрөнгө санхүүгийн хувьд хүнд байдалд ордог. Осолд орсон хүүхэд хичээлээс завсарддаг. Тиймээс энэ бүх хохирлыг амсахгүйн тулд эцэг эх, сурган хүмүүжүүлэгчид зөв үлгэр дууриал үзүүлэх нь замын хөдөлгөөний осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд оруулж буй хамгийн том хувь нэмэр юм шүү гэдгийг ойлгох хэрэгтэй.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд, 0-10 насны хүүхдийг харгалзах хүнтэйгээр замын хөдөлгөөнд оролцуулна гэж заасан байдаг. Хэрэв харгалзах хүнгүйгээр оролцуулсны улмаас хүүхэд гэмтэж, бэртэх, амь нас, эрүүл мэндээрээ хохирсон тохиолдолд эцэг эх, асран хамгаалагчид хариуцлага тооцдог.

Зарим эцэг, эхчүүд хүүхдээ өөрөө сургууль, цэцэрлэгт хүргэж өгч, авдаггүй. 6 настай хүүхдээ 10 настай хүүхэддээ даатгаад явуулдаг. Энэ нь нэг биш хоёр хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндийг гаргууд нь гаргаж байна гэсэн үг. Хүүхэд хүүхдийн асран хамгаалагчид тооцдоггүй. Өнөөдөр бид хүүхдийнхээ боловсролд анхаараад байгаа болохоос биш эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч чадахгүй байна.

Хүүхдүүд гар утас, чихэвчний хөгжим хэрэглэж байх үедээ замын хөдөлгөөнд оролцсоноор тухайн орчныхоо эрсдлийг тооцоолж чадахгүй нөхцөл байдал үүсдэг.

Түүнээс гадна маш том малгайтай цамц, куртка өмсөх нь өөрөө үзэгдэх орчныг хязгаарлаж байдгаас осолд өртөх тохиолдол ч гарч байна." Тиймээс өнөөдрөөс эхлэн замын хөдөлгөөнд оролцох зөв дадал хүүхэддээ хэвшүүлэхийг Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтэс, Албан журмын даатгагчдын холбооноос уриалж, анхааруулж байна.

ШИНЭ МЭДЭЭ