Л.Оюун-Эрдэнэ: Бүхнийг биш чаддагаа л сайн хий
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ оюутан, залуусын хамт
2016.11.30
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Л.Оюун-Эрдэнэ: Бүхнийг биш чаддагаа л сайн хий

АНУ-ын Харвардын Их сургуулийн Төрийн удирдлагын сургуульд магистр хамгаалсан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ оюутан, залуустай ойр ажилладаг.

Тиймээс тэдэнд хандан өөрийн туршлагад үндэслэн дараах товч бөгөөд тодорхой зөвлөмж хүргэж байна.

1. Боловсрол гэдэг бол байнга өөрийгөө хөгжүүлэх урлаг юм.

Өдөр нь сонсоогүй, мэдээгүй зүйлтэй учирвал түүнийгээ оройдоо Google-дэж үзэх хэрэгтэй. Мэдээж тэр мэдээллээ ойлгох хэмжээний хэлний мэдлэгтэй болох шаардлагатай.

Хэрвээ энэ дадал хэвшлийг хөгжүүлж чадвал 10 жилийн дараа гэхэд ийм дадал зуршилгүй үеийн тэнгийнхнээсээ хавьгүй их мэдээлэлтэй болж, системчлэгдсэн мэдлэгтэй, өрсөлдөх чадвартай хувь хүн болсон байна.

2. Зүгээр л ном унш.

Тэгж байгаад болно биз дээ? гэж өөрийгөө хуурч, хойш тавьсаар явна уу? Бодит байдал дээр та өөрөө өөртэйгөө л тулна. Та өөрөө чадваргүй бол ямар ч боломж гарч ирлээ гээд ашиглаж чадахгүй.

Хичнээн танил тал, татаас байлаа гээд өрсөлдөөнд та өөртэйгөө л тулна. Тиймээс ном унших дадал бол хамгийн чухал.

3. Амьдралынхаа төлөөлөн удирдах зөвлөлийг сонго.

Зөвхөн компанид л ТУЗ гэж байдаггүй. Өдөр тутам тантай харилцдаг хэдэн хүн байна, тэр хүмүүсээрээ хүрээлүүлсэн зөвлөлтэй бол. Та эрүүл мэнд, боловсрол, хуулийн талаарх нарийн мэдээллүүдээ хэнээс авч байна вэ?

Таныг төлөөлөх, таныг мэдээллээр хангах хүмүүсийнхээ хамрах хүрээг өргөжүүлж, хамтдаа ярилцаж, мэтгэлцэж, суралцах хугацааг тогтмол гарга.

Эцэст нь хэлэхэд "Тогшсон газраа тогш". Бүхнийг биш чаддагаа л хийх гэж зөвлөх байна.

ШИНЭ МЭДЭЭ