МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн С.Чинзориг
2016.12.01
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

С.Чинзориг: Зөвлөлийн бүрэлдэхүүнд Эрүүл мэндийн сайд багтах ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар "Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Уг асуудлыг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг Нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяраас асуулт асуусан юм. 

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

"Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл нь орон тооны бус зөвлөл учраас уг зөвлөлийг чадавхжуулж, тэднийг нийгмийн даатгалын чиглэлээр мэдээлэл, статистик тоо баримтаар шуурхай хангах хэрэгтэй байна. Салбарын  сайд нь ямар хүн байна, тэр хүний аясаар үндэсний зөвлөлийн гишүүд байдаг тохиолдол бий. Тиймээс уг асуудлыг шийдэх тал дээр ямар ажил хийх вэ?

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд байхаас эхлээд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийг салбарын сайд нь ахалдаг болсон. Үүнд сайн тал ч бий, муу тал ч бий гэж боддог.

Өнгөрсөн 4 жилд сайнаасаа илүү муу тал нь давамгайлсан гэж болно. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл нь орон тооны бус учраас сайдын амаар явж, нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр цөөнгүй барилга барилаа.

Сумдад хүртэл нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр байшин, хашаа хайс барьдаг болтлоо зориулалтын бусаар үрэлгэн зарцуулж байсан. Тиймээс цаашид Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийг салбарын сайд ахалдаг нь хэр оновчтой гэж үзэж байна?

Цаашид Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар Засгийн газар ажиллах уу, эсвэл талууд ээлжлэн даргалдаг болох уу? Засгийн газар төдийгүй бусад талууд ээлжлэн зөвлөлийн даргаар ажилласнаар зөвлөлийн гишүүд чадавхжих нөхцөл боломж бүрдэнэ гэж харж байна. Энэ тал дээр ямар бодолтой байна?

Тус зөвлөлийн бүрэлдэхүүнд миний бие олон жил Засгийн газрыг төлөөлж,  Нийгмийн хамгааллын сайд, Хууль зүйн сайд, Сангийн сайд нарын хамт багтаж ирсэн. Миний бодлоор, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд Хууль зүйн сайд байх шаардлагагүй гэж үздэг. Учир нь нийгмийн даатгалын сангийн нэг хэсэг эрүүл мэндийн даатгалын сан юм.

Эрүүл мэндийн даатгалын сангийн үндсэн хэрэглэгч нь эрүүл мэндийн салбар. Энэ утгаараа Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд Хууль зүйн сайд байхаас илүүтэйгээр Эрүүл мэндийн сайд байх хэрэгтэй. Ингэснээр эрүүл мэндийн даатгалын санг зөв оновчтой, хүртээмжтэй, чанартай болгоход анхаарч чадна гэж үзэж байна. Ингэхгүйгээр эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгөөс хүртэж чадахгүй байна, эрүүл мэндийн даатгалд даатгуулахын үр шим гарахгүй байна гэж олон нийт шүүмжилдэг.

Цаашид Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлтэй зөвшилцөж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргыг салбарын сайд томилдог тогтолцоог халж, агентлагийн даргыг сайд томилох биш Засгийн газар томилдог болох хэрэгтэй. Энэ тал дээр ямар ажил хийх вэ?"

УИХ-ын гишүүн, Нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр:

"Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах асуудлыг хөндлөө.

Тус зөвлөлийн гишүүд нь Нийгмийн даатгалын сангийн орлого, зарлага, гүйцэтгэлд хяналт тавьдаг, бодлого тодорхойлдог гэдэг утгаараа салбарын эксперт байх зайлгүй шаардлага тулгардаг. Тиймээс Хууль зүйн сайд, Сангийн сайд, Нийгмийн хамгааллын сайд миний бие Засгийн газрын төлөөлөл болж, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдээр ажилладаг. 

Бусад зургаан гишүүний тухайд, ажил олгогч, даатгуулагчдын төлөөлөл байдаг. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл нь ажлын албатай. Уг ажлын албаны мэргэшсэн байдал, чадавх маш чухал.

Салбарын сайд нь Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийг ахалдаг байх нь сайн ч талтай, сул ч талтай. Хяналтын тогтолцоог бүрдүүлэх үүднээс урьд нь салбарын дэд сайд уг зөвлөлийн даргын албыг давхар хашдаг байсан.

2010 оны 10 дугаар сарын 24-нөөс салбарын сайд нь өөрөө зөвлөлөө ахалдаг болсон. Энэ нь нэг талаар агентлагийн даргыг үндэсний зөвлөлийн гишүүдтэй зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрын шийдвэрээс ангид томилдог. Нөгөө талаар салбарын сайд уг зөвлөлийг ахалдаг байх нь зөрчилтэй байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ ямар хүн сайдаар ажиллаж байгаагаас хамаарна.

Нийгмийн даатгалын тухай хуулийг шинэчлэх асуудлыг ирэх онд гаргаж тавина. Цогц бодлогын шийдвэрийг гаргах зайлшгүй шаардлага бий. Нийгмийн даатгалын сан нь аль болох төр, засгийн хараат бус байж иргэдийн төлөөлөл болж, ил тод, нээлттэй байх зарчим дээр суурилсан хяналтын тогтолцоог сайжруулах нь зөв. Мэдээж Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг УИХ-тай уях нь зүйтэй.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар энэ талын мэдээлэл өгсөн. Нийгмийн даатгалын талаар УИХ-ын гишүүд мэдээлэлтэй болсноор уг асуудалд анхаарах болсон нь туйлын ач холбогдолтой.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд Хууль зүйн сайд биш Эрүүл мэндийн сайд байх ёстой гэдэг дээр тайлбар өгье. Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл байгуулах тухай асуудлыг хуульчилж өгсөн. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд Хууль зүйн сайдын оронд Эрүүл мэндийн сайд байх тухай хуульчилагдсан. Уг бүрэлдэхүүнд Хууль зүйн сайд байдгаараа байх нь зөв."

ШИНЭ МЭДЭЭ