МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн С.Чинзориг
2016.12.02
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

С.Чинзориг: Хил орчим, хилийн зурваст ашигт малтмал хайх, олборлохыг хориглоно гэж оруулж болохгүй юу?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл"-ийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. 

Хуулийн төслийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг ажлын хэсгээс 4 асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

4 асуулт байна.

Нэгд, Хилийн шалган нэвтрүүлэх албыг хилийн цэрэгт шилжүүлж байгаа юм байна.

Өмнө нь Хилийн цэргийн эрхлэх асуудлын хүрээнд харьяалагдаж байсан асуудлыг Гадаадын иргэн харьяатын албанд шилжүүлж байжээ. Үүнд ямар сул тал давуу байна гэж үзээд буцаад хилийн цэрэгт нь шилжүүлж байгаа юм бэ?

Төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт тогтвортой байснаар үйл ажиллагаа нь хэвийн явж, улмаар чадавхжихад чухал нөлөөтэй гэж үздэг.

Энэ бүтцийг хилийн цэрэгт шилжүүллээ гэхэд цаашид тогтвортой явж авах, иргэдэд хүрэх ажил, үйлчилгээ нь хөнгөн, шуурхай болох нөхцөл боломж нь илүү байх уу? Хил хамгаалах байгууллагад тодорхой үүрэг функци шилжүүлснээр гадаадын иргэдэд тавих хяналтад сөргөөр нөлөөлөх вий гэж болгоомжилж байна.

Хоёрт, Хилийн зурвасыг 15 км-ээс илүүгүй гэж хуулийн төсөлд тусгасан байна. “Илүүгүй” гэхээр зарим газраа 1 км байж болох, зарим газраа 15 км ч байж болох юм шиг ойлгогдоод байна. “15 км” гээд тодорхой оруулж өгч болдоггүй юм уу? Ямар шахалт, шаардлагын улмаас ингэж оруулж байна вэ?

Гуравт, Хилийн зурваст аж ахуйн чиглэлийн үйл ажиллагаа явуулах, ялангуяа ашигт малтмалыг хайх, олборлохыг хуулиар хориглож өгөх боломж байхгүй юу?

Хилийн зурвасыг улс орны нутаг дэвсгэр рүүгээ наашлуулаад байдаг, хилийн зурвас орчим, хилтэй ойрхон нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах бол Засгийн газраас зөвшөөрөл олгоно гэж байдаг.

Хилийн зурвасаас нааш нутаг дэвсгэр улам багассаар байхад тухайн бүс нутагт ашигт малтмал хайж, олборлосоор байвал хилийн зөрчил нэмэгдэх, хууль бус үйл ажиллагаа хилийн зурваст үйлдэгдэх юм биш шүү?

Дөрөвт, Хилийн бүс гэдэг ойлголтыг энэ хуулиар байхгүй болгож байгаа юм байна.

Хилийн зурвас гэсэн ойлголт л үлдэж байна. Хилийн бүс өмнө нь 100 км байж байгаад 30 км болоход чөлөөлөгдсөн нутаг дэвсгэрийн хичнээн хувийг орон нутгийн иргэд бэлчээрээр ашигладаг болсон, хэдэн хувьд аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна тэр дундаа ашигт малтмалын хайгуул, олборлолт явуулж байна вэ?

Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хошууч генерал Ц.Сэргэлэн:

"Хилийн шалган нэвтрүүлэх албыг Хилийн цэрэгт байлгах үндэслэл гэвэл Монгол Улс өөрөө хоёр хөрштэйгээ хуурай газраар хиллэдэг. Хуурай газраар хиллэж буй хилийн хэсэг, боомт ч өөрөө улсын хил. Улсын хилийн хамгаалалтын нэгдмэл тогтолцоонд шалган нэвтрүүлэх алба багтаж ордог.

Шалган нэвтрүүлэх албаны үүрэг гүйцэтгэх хилийн цэргийн бие бүрэлдэхүүн нь Монгол Улсын хилийг хамгаалах тушаал авсан хилийн манаа байдаг.

Шалган нэвтрүүлэх алба нь Хилийн цэрэгт шилжсэнээр улсын хил хамгаалалтын нэгдмэл тогтолцоо бүрдэж, улсын хил бүтэн болж байна.

Гадаадын иргэн харьяатын албаны зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх чиг үүргийн хувьд хуурай газраар хиллэдэггүй, далай тэнгисээр хүрээлэгдсэн, аралын болон хойгийн улс орнууд ихэвчлэн шалган нэвтрүүлэх албыг давхар гүйцэтгэдэг юм байна.

Манай улсын хувьд хоёр хөрштэй хуурай газраар хиллэсэн учраас улсын хил хамгаалалт гэдэг ойлголтод багтдаг. Далай, тэнгисээр хүрээлэгдсэн улс орнуудын хувьд улсын хил хамгаалалт, хөрш орон гэсэн ойлголт байхгүй. Зөвхөн эргийн хамгаалалт гэсэн ойлголт байдаг.

Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдал, хамгаалалтад улам батжиж байна. Монгол Улсын хилээр нэвтэрч буй дотоод, гадаадын иргэд улсын хилээр нэвтрэхдээ биеийн байцаалтаа хилийн шалгагчид өгдөг.

Иргэний үнэмлэх уншуулагчид биеийн байцаалтыг уншуулангуут хэдхэн секундын дотор сүлжээнд холбогдсон төрийн тусгай албад буюу Гадаадын иргэн харьяатын алба, Цагдаа, Тагнуул, Улсын бүртгэлийн газар, Хил хамгаалах ерөнхий газрын 5 төв серверт шууд мэдээлэл нь ирдэг.

Тийм учраас ямар мэдээлэлтэй, хэн гэдэг иргэн Монгол Улсын хилээр нэвтрэв гэдэг нь шууд мэдэгддэг. Цаашид бүртгэлийн үйл ажиллагаа улам шуурхай болно.

Хилийн зурвасын хэмжээ огт багасаагүй. 1993 онд батлагдсан хуульд, “15 км-ээс илүүгүй...” гэж заасан. Одоогийн шинэчилсэн найруулгын төсөлд ч энэ хэвээр бий. “Илүүгүй” гэж интервал тогтоосны тухайд, Монгол Улсын хил дээр байгаа төв, суурин газрууд улсын хилийн шугамаас нааш харилцан адилгүй зайд байрладаг. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум нь улсын хилийн шугамаас 500 метрт оршдог. Дорнод аймгийн Чулуухороот сум 1,6 км гэх зэргээр оршдог. Хамгийн хол нь гэвэл 200, 300 км-ийн зайд оршдог төв, суурин газрууд ч бий.

Сумдыг хилийн зурваст оруулахгүй байх боломжтой гэсэн интерваль явж байна. Хилийн зурвасыг тогтоохдоо кадастрын зураглал хийх ёстой. Энэ кадастрын зураглалаа УИХ-аар батлуулдаг.

Ашигт малтмалын тухай хуульд, хилийн зурвас, зурвас орчимд ашигт малтмалыг хайх, олборлох тухай асуудлыг Засгийн газар шийднэ гэж заасан байдаг.

Ашигт малтмалын тухай хуульд ингэж заасан байхад Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд энэ бүсэд ашигт малтмалыг хайх, олборлохыг хориглон гэж заавал уг хоёр хууль хоорондоо зөрчилдөх юм.

Хилийн бүс 30 км гэж ярилаа. Хуулийн төсөлд 30 км гэсэн тоо огт байхгүй. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй хуульд 100 км гэж бий." 

ШИНЭ МЭДЭЭ