АЛБАН ЖУРМЫН ДААТГАГЧДЫН ХОЛБОО

Үндэсний давхар даатгалын компани байгуулж гадагш урсах мөнгийг зогсооё
2016.12.06
Эдийн засаг, Худалдаа

Үндэсний давхар даатгалын компани байгуулж гадагш урсах мөнгийг зогсооё

Даатгал бол байгалийн гамшиг, осол аюул, гал түймэр, газар хөдлөлт, дээрэм тонуул зэрэг гэнэтийн тохиолдлын улмаас өмч эзэмшигчдэд учирсан хохирлыг нөхөх үр өгөөж бүхий арга хэрэгсэл юм.

Хүний амьдралын хэвийн үйл явцыг алдагдуулдаг, урьдчилан тооцоолох боломжгүй, гэнэтийн шинжтэй эдгээр эрсдэл учирсан үед өмч хөрөнгийг эзэмшигчийн эд хөрөнгийг нөхөн сэргээхэд зориулагдах эх үүсвэр бол даатгал.

"Оны эхний хагаст 60 тэрбум төгрөгийг давхар даатгалын хураамж хэлбэрээр гадагш төлсөн"

Даатгал гэдэг нь аливаа эрсдэлээс иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгө, ашиг сонирхлыг бүрэн бүтэн байлгах буюу хамгаалах зориулалт бүхий мөнгөн хөрөнгийн сан байгуулах үйл ажиллагаа юм. Тэгвэл даатгалын байгууллагыг өөрийг нь даатгадаг газрыг давхар даатгал гэдэг аж. Манай улсын хэмжээнд даатгалын компаниудыг эрсдэлийг үүрэх үндэсний хэмжээний давхар даатгалын корпораци зайлшгүй шаардлагатай байна.

Эрсдэлээ багасгах зорилгоор давхар даатгал бий болсон

Эртний худалдаачид бараагаа хэд хэдэн усан онгоцонд хуваан хийж, тээвэрлүүлэх замаар бараанд учирч болох хохирлоо багасгахыг оролддог байжээ. Мөн XVII зууны үед Европт усан онгоцны эзэд дундын сан байгуулж, далайн шуурганаар хохирол амссан нэгэндээ тусалж эхэлснээр одоогийн даатгалын байгууллагуудын үндэс суурь тавигдсан гэж үздэг.

Нийгэм хөгжихийн хэрээр даатгалын шинэ төрлүүд бий болж, даатгалын компаниуд хүчирхэгжиж, тэр хэмжээгээрээ аль болох олон эрсдэлийг өөртөө авч, хүчин чадлаасаа хэтэрсэн хариуцлага үүрч эхэлсэн. Энэ үеэс л даатгалын компаниудад ч эрсдэлээ багасгах зайлшгүй шаардлага гарч ирсэн юм. Эндээс давхар даатгал гэгч үүссэн түүхтэй.

Давхар даатгал 17-18 зуунд үүссэн бөгөөд Европт үйлдвэрлэл, худалдаа эрчимтэй хөгжиж эхэлсэн XIX зуунд давхар даатгал өргөжин хөгжиж, мэргэжлийн давхар даатгалын компаниуд бий болж эхэлжээ.

Ерөнхийдөө аливаа даатгалын компани өөрийн эрсдэлийн зарим хэсгийг дахин өөр компанид даатгуулах үйл ажиллагааг давхар даатгал гэж нэрлэдэг байна.

Таван жилийн хугацаанд 11.4 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр л авсан

Монгол Улсын хэмжээнд 2016 оны хоёрдугаар улирлын байдлаар ердийн даатгалын 15, урт хугацааны даатгалын нэг, давхар даатгалын нэг, нийт 17 компани үйл ажиллагаа явуулж байна. Даатгалын компаниуд эрсдэлийнхээ зарим хэсгийг өөр компанид даатгуулахыг давхар даатгал гэнэ гэж дээр хэлсэн.

Манайд давхар даатгалын компани зөвхөн нэг байдгаас эдгээр компани гадаадын давхар даатгагчид эрсдэлээ даатгуулдаг байна, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн “Энэ оны эхний хагаст л гэхэд 60 тэрбум төгрөгийн давхар даатгалын хураамж гадагш төлсөн байна. Гэтэл сүүлийн таван жилд 11.4 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг л буцаан төлүүлсэн байгаа юм.

Тэгэхээр давхар даатгалын тогтолцоо, зохицуулалтыг сайжруулан, дотоодын давхар даатгагчийн хөрөнгө босгох үйл ажиллагааг идэвхжүүлэх, гадны хөрөнгө оруулагчдыг даатгалын зах зээлд оруулж ирэх, гадаадын давхар даатгагчид төлөгдөж байгаа хураамжийн тодорхой хувийг дотооддоо авч үлдэх шаардлага үүсээд байна” гэж мэдэгджээ. Гадаадын давхар даатгагчид эрсдэлээ шилжүүлэх нь харьцангуй их байгаа нь манай даатгалын компаниудын эрсдэл даах чадвар сул байгаатай холбон тайлбарлах нь ч бий.

Жил бүр хэдэн тэрбумаар нь гадагш урсгадаг хэрнээ түүнийхээ хэрээр нөхөн төлбөр авч чадахгүй байгаа учир бид л алдагдал хүлээнэ гэсэн үг. Үнэхээр давхар даатгалаар дамжин их хэмжээний валют гадагш сул урсдаг нь тодорхой байна. Гэхдээ даатгалын компани эрсдэлээ бүрэн дааж чадахгүй нөхцөлд давхар даатгалгүй байж болохгүй.

Тиймээс Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс Үндэсний давхар даатгалын компани байгуулах асуудлыг Засгийн газартай хамтран судалж байгаа бөгөөд энэ асуудлыг нэн яаралтай шийдвэрлэх шаардлага тулгарч байна.

ШИНЭ МЭДЭЭ