МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

С.Чинзориг: Төрийн өмчит их дээд сургуулиудын захирлыг УЗ томилдог эрх нь хэвээр үлдэнэ
УИХ-ын гишүүн Б.Чинзориг
2016.12.14
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

С.Чинзориг: Төрийн өмчит их дээд сургуулиудын захирлыг УЗ томилдог эрх нь хэвээр үлдэнэ

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Дээд боловсролын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг тус тус хэлэлцэн баталсан билээ.

Гэвч Их дээд сургуулиудын үйлдвэрчний эвлэлийн хороодын зөвлөл, Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл өчигдөр мэдээлэл хийхдээ, хууль тогтоогчид боловсролын салбарт ухралт хийж, боловсролын хөгжилд ноцтой саад тотгор учруулж байна хэмээн мэдэгдсэн юм.

Тус хуулийн талаар УИХ-ын гишүүн Б.Чинзоригоос тодрууллаа.

-Хамгийн сүүлд энэ оны дөрөвдүгээр сард Боловсролын тухай багц хуулийг баталсан. Боловсролын хуульд дахин нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий гэж үү? 

Энэ оны хавар өнгөрсөн парламент Боловсролын багц хуулийг баталсан. Түүн дотор Дээд боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Төрийн өмчийн их дээд сургуулиудад төлөөлөн удирдах зөвлөл дэх төрийн төлөөлөл 30, хараат бус гишүүд 40 хувийг эзэлнэ гэж тогтоосон.

Тус хуулийг эргээд харахад төрийн өмчит их дээд сургуулиуд дахь төрийн төлөөлөл 30 хувь гэж тогтоосон нь төрийн бодлогыг хэрэгжүүлэх боломжийг хааж байна гэсэн үзэж байна. Тийм учраас төрийн өмчийн их дээд сургуулиудад үүсгэн байгуулагч буюу Засгийн газрын төлөөллийг 51-60 хувь болгох ийм өөрчлөлтийг оруулсан. Харин үлдсэн 40 хувийг багш, оюутан, ажиллагсдын төлөөлөл орно.

-Энэ хуулийг баталснаар боловсролын салбар улс төрөөс хараат боллоо гэсэн шүүмжлэл гараад байгаа. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

Улс төрөөс хараат болно гэдэг өөр асуудал. Яагаад гэвэл нэгэнт төрөөс санхүүжилт авч байгаа төрийн мэдлийн их дээд сургуулиудад эрхээ хэрэгжүүлье гэхээр төрийн төлөөлөл нь 30 хувь учраас тэнд төрийн бодлого хэрэгжих үндэсгүй болж байна. Улс төрөөс хараат болно гэдгийг буруу өнцгөөс нь улстөржүүлж тайлбарлаж байна.

Аливаа төрийн өмчийн компаниудад төрийн төлөөлөлд улс төрийн албан тушаалтан орох боломжгүй. Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулиар төрийн дээд албан тушаалтан аль нэг компанийн төлөөлөн удирдах зөвлөлд орохыг хориглосон байдаг. Тийм учраас төрийн төлөөллийг 51-60 хувь болгоод их дээд сургуулиудын удирдлагад УИХ-ын гишүүд орж, улс төрийн хараат болох гэж байгаа тийм зүйл байхгүй.

-Өмнөх хуулиар төрийн өмчит их дээд сургуулиудын захирлыг УЗ нь томилдог байсан. Тэгвэл шинэ хуулиараа төрийн өмчийн их, дээд сургуулиудын захирлыг салбарын сайд томилдог болно гэсэн үг үү?

Үгүй. Төрийн өмчит их дээд сургуулиудын захирлыг УЗ томилдог эрх нь хэвээрээ үлдэнэ. Өмнөх хуульд хараат бус гишүүд 40 хувийг эзэлдэг байсан. Өмнөх парламентад хараат бус гишүүдийн тоо яагаад нэмэгдсэн байсан вэ гэхээр төрийн төлөөлөл ч биш, багш оюутны төлөөлөл ч биш ямар шалгуураар оруулсан нь бүү мэд хүмүүсийг оруулсан.

Магадгүй төрийн өмчит их дээд сургуулиудыг хувьчлах боломжийг бүрдүүлэхийн тулд хараат бус гишүүдийн тоог өндөр гаргасан гэсэн хардлага байгаа. Иймээс хараат бус гишүүдийн эзлэх хувийг бууруулсан. 

-Шинэ сайд гарч ирээд л боловсролын хуульд нэмэлт өөрчлөлт явуулдаг. Мөн Засаг солигдохоор л их дээд сургуулиудын удирдлага солигддог. Хууль тогтоомжийн тогтвортой байдал алдагдаж байна. 

Хууль тогтоомж тогтвортой байх ёстой гэдэгтэй санал нийлж байна. Гэхдээ Дээд боловсролын тухай хуульд оруулсан өөрчлөлт бол нэгэнт төрийн өмчийн их дээд сургууль байхад үүсгэн байгуулагчийнх нь оролцоог маш их ихээр хязгаарласан учир өөрчлөлт оруулсан. 

ШИНЭ МЭДЭЭ