МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар
2017.01.19
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Л.Мөнхбаатар: Тушаал биелүүлснийхээ төлөө ямар тохиолдолд хариуцлага хүлээх, хүлээхгүйг нарийвчлан тусгах шаардлагатай

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар /2017.01.17/ Дотоодын цэргийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн юм. 

Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар асуулт асууж, үг хэллээ. 

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

Дотоодын цэрэг бол улсын онц чухал обьектийг хамгаалж, нийгмийн хэв журмыг сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх зэрэг чиг үүргийг гүйцэтгэж ирсэн түүхт байгууллага. Харамсалтай нь 2014 онд дотоодын цэргийг татан буулгаж, чиг үүргийг нь бусад байгууллага руу шилжүүлсэн байдаг.

Үүнийг сэргээж, дотоодын цэргийн тусгай сургууль байгуулах гэж байгааг дэмжиж байна. Дотоодын цэргийн үйл ажиллагаа бол цагдаагийн байгууллагатай уялдаатай байдаг. Үймээн самууныг зохицуулахад зэвсэгт хүчин, хилийн цэргийг аль болох бага татан оролцуулах ёстой. Тиймээс дотоодын цэргийн командлагч нь Цагдаагийн газрын дарга байхаар зохион байгуулж, оруулж ирсэн хуулийн төслийн үзэл баримтлалыг дэмжиж байна.

Дотоодын цэргийн тухай хуулийн төсөлд хэлэх хэд хэдэн санал байна.

Нэгд, Цэргийн эрх зүйн байдлын тухай хуулиар зарим зохицуулалт оруулж өгсөн байдаг. Уг хуулийн төсөлд энэ асуудлыг Цэргийн эрх зүйн байдлын туахй хуулиар зохицуулна гэж ишлэжээ. Ингэж ишлэх биш хуулийн төсөлдөө тухайн зүйл заалтаа тодорхой тусгасан нь зөв болов уу. Дотоодын цэргийн тухай хууль бол бие даасан хууль байх ёстой. Тиймээс бие даасан зохицуулалт оруулж өгөх нь зүйтэй.

Хоёрт, Албан хаагч хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлснийхээ төлөө дотоодын цэргийн албан хаагч хариуцлага хүлээхгүй гэсэн заалт бий. Уг заалтад, “...ямар тохиолдолд хариуцлага хүлээх, ямар тохиолдолд хариуцлага хүлээхгүй...” вэ гэдгийг нарийвчлан тусгах зайлшгүй шаардлага бий.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан:

Хуулийн төсөлд нэр бүхий хуулиудыг ишлэсэн. Энэ нь дотоодын цэргийн үйл ажиллагааг харгалзсаны үндсэн дээр Дотоодын цэргийн тухай хуулийн төсөлд ямар зохицуулалтыг өөр хуулиас ишлэх үү, ямар зохицуулалтыг нарийвчлан тусгах уу гэдгээ УИХ дахь ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэж болох байх гэж бодож байна.

Долдугаар сарын 1-ний үйл явдлаас улбаатайгаар олон нийтийн үймээн самууныг зохицуулахад дотоодын цэргийг оролцуулна гэсэн агуулга бүхий заалт уг хуулийн төсөлд бий. Мөн тушаал биелүүлснийхээ төлөө хариуцлага хүлээлгэхгүй гэсэн заалтыг хэлэлцүүлгийн явцад тодруулж тусгах боломжтой гэж үзэж байна. 

ШИНЭ МЭДЭЭ