МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ
2017.01.19
Улстөр

Ж.Бат-Эрдэнэ: Хот төлөвлөлтийг иргэд биш мэргэжлийн хүмүүс нь л хийх ёстой

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.01.19/ Зөвлөлдөх санал агуулгын тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцлээ. 

Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ хууль санаачлагчаас хэд хэдэн асуулт асууж, өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

Хууль тогтоомжийн амьдралд хэрэгжихэд холбогдуулан иргэдийн дунд санал агуулга өрнүүлнэ гэдэгтэй санал нэг байна. Төв, орон нутгийн удирдлагаас гарч буй зарим шийдвэр хэт холыг харсан, амьдралаас тасарсан байдаг учраас хэрэгжихгүй байх нь бий. Тиймээс хуулийн төслийн үндсэн агуулгатай санал нэг байна. Хуулийн төсөлд зааснаар бол гурван асуудлаар зөвлөлдөх санал агуулга явуулах юм байна. Үүнээс нэн анхаарал татаж буй асуудал бол хот төлөвлөлт юм.

Хот төлөвлөлтийг мэргэжлийн байгууллагууд судалгааны үндсэн дээр хийх ёстой. Жишээлбэл, зарим аймагт иргэдээс авсан саналын дагуу газар олгосон байдаг. Гэтэл нийгмийн асуудлыг шийдэх, төрийн үйлчилгээг иргэдэд ойр хүргэх зорилготой цэцэрлэг, сургууль, эмнэлэг болон бусад үйлчилгээний байгууллагууд, ногоон байгууламж барих асуудал орхигддог.

Тэгвэл энэ мэт асуудлаар иргэдийн дунд зөвлөлдөх санал агуулга өрнүүллээ гэхэд тухайн иргэн өөрийн итгэл үнэмшлээр саналаа өгнө. Энгийн иргэдийн санал бодлыг 100 хувь тусгана гэвэл мэргэжлийн хүрээнд зөрчилтэй асуудал үүснэ. Олон улстөрчид Монголчууд өөрсдөө хот байгуулалтаа шийдэж чадахгүй гэдэг. Монголчууд чадна. Чаддаг болсон. Өндөр түвшинд хүрсэн. Гагцхүү зарим нэг эрх ашиг орж ирснээр хот төлөвлөлт алдагдаад байгаа юм.

Тиймээс хот төлөвлөлтийг асуудлыг шийдэх эрхийг мэргэжлийн байгууллагуудад өгөх нь зүйтэй. Энэ утгаар зөвлөлдөх санал агуулга явуулах гурван нөхцлөөс хот төлөвлөлтийг хасах саналтай байна. Зөвлөлдөх санал агуулгаар улс орны урт, богино хугацааны хөгжлийн хөтөлбөрт ямар ямар заалтууд тусгахаа ард түмнээсээ асууя л даа.

Иргэд ямар үйлдвэрлэл, аж ахуй, бизнес эрхлэх гээд байгаа билээ. Эдгээр бизнесийг эрхлэх нөхцөл, боломжоор төр засгаас хангаж чадаж байгаа бил үү? гэдгийг яагаад оруулж ирж болоогүй юм бэ? Монгол Улсыг хөгжүүлэх 20-30-аад төрлийн хөгжлийн хөтөлбөр бий. Эдгээр хөгжлийн хөтөлбөрийг боловсруулахдаа иргэдээсээ асуудаг байх тал дээр хууль санаачлагч саналаа хэлнэ үү.

Хуулийн төсөлд, зөвлөлдөх зөвлөл байхаар тусгажээ. Уг зөвлөл хувь болон аж ахуйн нэгжийн хандиваар санхүүжнэ гэсэн заалт байна. Хэрэв тийм бол уг зөвлөлд өгч буй хандив лобби болж хувирна шүү. Тиймээс энэ заалтыг тайлбарлаж, хэлэлцүүлгийн явцад хасах хэрэгтэй гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн Г.Занданшатар:

Ж.Бат-Эрдэнэ гишүүнд баярлалаа. Маш чухал саналууд дэвшүүллээ. Хот төлөвлөлт, Зөвлөлдөх зөвлөлтэй холбоотой асуудлыг байнгын хорооны хуралдаанаар авч хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна.

Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд тухайн орон нутагтаа нэр хүндтэй, хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс байж, санал агуулга явуулахдаа зохион байгуулалтыг сайн хангаж ажиллана гэж үзсэний үндсэн дээр Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэн, Монфэмнэт Үндэсний сүлжээ ТББ-ын ахлах зөвлөх Д.Сүхжаргалмаа, Гандантэгчилэн хийдийн хамба лам Д.Чойжамц, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, философийн ухааны доктор, профессор Б.Даш-Ёндон нарыг оролцуулсан. Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд багтсан хүмүүсийг нэмж, хасч болох байх.

Хот төлөвлөлттэй холбоотой асуудлаар Ж.Бат-Эрдэнэ гишүүнтэй санал нэг байгаа зүйл бол ард иргэдээс мэдээлэлгүй асуух юм бол популист чиг хандлагатай болдог. Харин зөвлөлдөх санал агуулгын нэг том давуу тал нь асуудалд популист чиг хандлагаар ханддаггүй. Тухайлбал, Япон улсад зөвлөлдөх санал агуулга явууллаа гэхэд татварыг нэмэгдүүлье гэсэн санал гарч байх жишээтэй.

БНХАУ, Сингапур улсад зөвлөлдөх санал агуулгын хүрээнд гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах санал анх эндээс гарч байсан. Энэ мэтээр улстөрчдийн зориглож шийдэж чаддаггүй асуудлыг иргэд өөрсдөө шийдчихдэг.

Мэдээлэлжүүлсэн хойноо санал агуулга явуулснаар иргэдийн гаргаж буй шийдвэр, саруул ухаанд итгэж болно гэдэг нь дэлхийн 27 улсад туршигдсан. Эдгээр улсын туршлагаас харахад ирээдүй, үр хүүхдээ бодсон маш чухал, оновчтой шийдвэрийг иргэд гаргаж чаддаг нь нотлогдсон юм. 

ШИНЭ МЭДЭЭ