МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг
2017.01.19
Улстөр

Ё.Баатарбилэг: Аймаг, нийслэлийн ИТХ-ын бүрэн эрхэд халдаж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.01.19/ Зөвлөлдөх санал агуулгын тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцлээ. 

Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг хуулийн төслийг дэмжихгүй байна. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

Хуулийн төслийг дэмжихгүй байна. Иргэдийн нэрийг барьж, янз бүрийн гоё нэр өгч, ажил арга хэмжээ зохион байгуулдаг уламжлал энэ удаагийн парламентад халдварлаж болохгүй. Өнгөрсөн дөрвөн жилд энэ мэт гашуун туршлага бишгүй бий. Ийм замаар яваад бид хаа хүрсэн юм бэ? Юу хожсон гэж?

Зүгээр явж буй ажлаа тогтсон жишгийн дагуу явуулах л хэрэгтэй шүү дээ. Засгийн газрын зүгээс уг хуулийн төслийг зүйл заалт бүрийг бусад хуулийн заалтуудтай давхцаж байна гэсэн санал хүргүүлсэн байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлыг нэг хуулиар зохицуулдаг журамтай нийцэх, хоёрдмол агуулгатай болж байна гэж саналдаа дурджээ.

Улс орны эдийн засаг хүнд байна, мөнгөгүй байна, Засгийн газарт асар их ачаа ирж байна гээд байхад Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнийг цалинжуулна, цалинтай чөлөө олгоно, тендер зарлаж судалгааны байгууллага сонгон шалгаруулна, санал агуулгын төсвийг улсын төсвөөс гаргана гэх зэргээр хөрөнгө, мөнгөтэй холбоотой олон заалт байна.

Газар зохион байгуулалтын асуудал бол аймаг, нийслэлийн ИТХ-ын бүрэн эрхийн асуудал шүү дээ. Онцгой бүрэн эрх гэж хуульд заасан байдаг. Тиймээс аймаг, нийслэлийн ИТХ-ын онцгой бүрэн эрхэд халдаж байна. Хот төлөвлөлтийг мэргэжлийн байгууллага хариуцдаг. Хэрэв хүсвэл дурын дарга, албан тушаалтан иргэдийн нэрийг барьж, хот төлөвлөлтийг бусниулах эрсдлийг уг хуулийн төсөл бий болгож байна. Мөн нутгийн өөрөө удирдах байгууллагын чадамжийг бууруулж, ИТХ-ын бүрэн эрхэд халдаж байна.

Хуулийн төсөл батлагдвал орон нутагт улстөржилтийг гааруулах болно. Иргэний танхимаар хэлэлцүүлэг өрнүүлэхэд тийм нөхцөл байдал үүсдэг юм чинь одоо хуульчлаад, төсөв яригдаад ирэхээр асуудал улам хурцдана. Сум, орон нутгийн амьдрал ямар байдгийг хууль санаачлагчид мэдэж байна уу?

Гол ноцтой асуудал бол Зөвлөлдөх зөвлөлийг олон улсын байгууллагаас санхүүжнэ гэж байна. Энэ заалт хуулийн төслийн үзэл баримтлалдаа ч байна, хуулийн төслийн заалт ч байна. Ер нь цаашид ч гэсэн иргэний танхимаараа хэлэлцдэгээрээ хэлэлцэг. Бүх зүйлийг хуульчлах гэж оролдох хэрэггүй. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг одоогийн хууль, журамд заасны дагуу явуулж болох байх.

Бусад хууль тогтоомжтой зөрчилдөх, давхцах зүйл олон байгаа учраас уг хуулийн төслийг дэмжих боломжгүй. 

ШИНЭ МЭДЭЭ