МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг
2017.01.19
Гадаад харилцаа

Ё.Баатарбилэг: Дипломат төлөөлөгчийн газруудаа татан буулгасаар байх уу?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.01.19/ Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

Олон улсад Дипломат төлөөлөгчийн газраа хаадаг хоёр тохиолдол байдаг гэж сонссон. Нэг нь ядуу буурай байдлаас болж зардлыг нь дийлэхгүйд хүрсэн бол, нөгөө нь улс төрийн шалтгаантайгаар гэдэг.

Манай нам мөрийн хөтөлбөртөө, "Монгол Улсын гадаад бодлогын нэгдмэл чанарыг хангана, гуравдагч хөршийн бодлогын хүрээнд бусад улстай хамтын ажиллагаагаа хөгжүүлнэ" гэж заасан бол Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт мөн энэ заалтаараа туссан байдаг.

Намын мөрийн хөтөлбөртөө гадаад харилцааг хөгжүүлэх хүрээнд тодорхой заалт тусгасан атлаа яагаад Дипломат төлөөлөгчийн газруудаа хаах болов?

Хаах болсон шалтгаанаа зарим Дипломат төлөөлөгчийн газарт Монгол Улсын иргэд ханддаггүй шүү дээ гэсэн тайлбарлаж байна л даа. Гэхдээ нэг тивийн хэмжээнд Монгол Улсыг төлөөлөх газаргүй болохоор байна.

Жишээлбэл, Японы Осака хотод 2000 Монгол хүн ажиллаж, амьдардаг. Осака хотын захиргаанаас гурван жилийн хугацаатай түрээсийн төлбөрөөс чөлөөлье, төлөөлөгчийн газраа битгий хаагаач гэсэн хүсэлт тавьсан гэдэг. Мэдээж тухайн хотын нэр хүнд давхар яригддаг л байх. Гэхдээ Монгол Улс аль болох олон оронд Дипломат төлөөлөгчийн газраа нээн ажиллуулах нь улсын гадаад нэр хүндэд чухал нөлөөтэй биш гэж үү?

Цаашид Засгийн газар төсөв хүндрэлтэй байна гэсэн нэрийдлээр Дипломат төлөөлөгчийн газруудаа татан буулгасаар байх уу? Тэгвэл дараагийн ээлжинд аль улсад суух Дипломат төлөөлөгчийн газраа татан буулгах төлөвлөгөөтэй байна?

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр:

Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийг батлах үеэр УИХ-аас Засгийн газарт орон тоо, бүтэц зохион байгуулалтыг эргэж харах, зардлыг хэмнэх тухай үүрэг чиглэл өгсөн билээ. Энэ хүрээнд байнгын хорооны хуралдаанаар Гадаад харилцааны яамны нөхцөл байдлыг сонссон юм.

Эдийн засаг өсөлттэй байх үед олон оронд Дипломат төлөөлөгчийн газар нээсэн бөгөөд түүнийг дагаад мэргэжлийн бус хүмүүс дипломат албаны үүрэг гүйцэтгэж, эдгээр Төлөөлөгчийн газарт тавих хяналт суларсан байна. Мөн тухайн улсын хууль тогтоомжийг зөрчих, дипломат албан паспорттой иргэд галт зэвсгийн наймаанд холбогдсон тохиолдол бишгүй гарсан.

Гадаад харилцааны яаманд дипломат албан паспортыг цэгцлэх, дипломат албыг чадавхжуулах, хоёр хөрштэй харьцах харилцааг шинэ шатанд гаргахад онцгой анхаарах, шаардлагагүй дипломат, консулын газрыг татан буулгах, орон тоог цомхотгох, албан тушаалын томилгоог бууруулах үүрэг өгсөн юм.

Тухайлбал, тухайн орны цэцэрлэгүүдээс өндөр төлбөртэй цэцэрлэг сонгосон байдаг. Тиймээс салбарын яамны зүгээс Дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж буй жолооч болон бусад арын албаны ажилтнуудын гэр бүлийнхнийг цэцэрлэгийн багш болгож, сард 1000-1500 ам.доллараар цалинжуулах бололцоотой гэж үзэж байна. Аль болох л төсвөө хэмнэх талын үүрэг өгсөн гэдгийг ойлгох хэрэгтэй.      

ШИНЭ МЭДЭЭ