МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

С.Чинзориг: Ээжүүд болон малчдын хөдөлмөрийг бодитоор үнэлсэн
УИХ-ын гишүүн С.Чинзориг
2017.02.06
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

С.Чинзориг: Ээжүүд болон малчдын хөдөлмөрийг бодитоор үнэлсэн

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль болон Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзоригтой ярилцлаа.

-Хууль хэрэгжиж эхэлснээр ээжүүдэд ямар боломж олгох вэ?

- Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль болон Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хуулиуд хэрэгжиж эхэлснээр малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулж, ээжүүдийн хүүхдээ асарсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл тасрахгүй байх боломжийг бүрдүүлж байгаа юм. Ээжүүдийг нийгмийн даатгалд хамруулах зорилгоор олон хүүхэд төрүүлж, өсгөсөн ээжүүдийн хөдөлмөрийг бодитой үнэлэх зорилготой.

Ингэснээр олон хүүхэдтэй ээжүүд тэтгэвэрт гарахдаа өндөр тэтгэвэр авдаг болно. Ээжүүдийн төрүүлж өсгөсөн хүүхдийн тоогоор улсад ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн жилийг 1.5 жилээр нэмэгдүүлэн тооцдог болж байна. Дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн бол улсад ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн жил дээр зургаан жил нэмэгдэж тооцогдоно гэсэн үг. Ингэснээр цалингаас тогтоолгох тэтгэвэр нь өндөр тогтоогдох юм.

Мөн ээжүүд Хөдөлмөрийн тухай хуулиар хүүхдээ гурван нас хүртэл харсан бол нийгмийн даатгалын шимтгэл тасрахгүй байх зохицуулалт хийж өгч байна. Өөрөөр хэлбэл, хүүхдээ гурван нас хүртэл харсан ээжийн энэ хугацааны шимтгэл тасрахгүй. Ажил хийдэг ээж хүүхдээ гурван нас хүртэл харж, асарч байгаа бол энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч төлнө.

Харин сайн дурын даатгалд хамрагдсан ээжийн нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын сангаас буюу тэтгэмжээс төлнө. Ажилгүй, орлогогүй ээжүүд төрөөд хүүхдээ асарч байгаа бол 50 хувийг төр хариуцна, үлдсэнийг нь өөрөө төлөх зохицуулалт хийсэн

-Жирэмсэн болон амаржсаны тэтгэмжийг авах тал дээр ямар зохицуулалт, өөрчлөлт оруулж ирсэн бэ?

-Нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа ээжүүд жирэмсэн, амаржсаны тэтгэмж авдаг. Гэхдээ өмнөх хуулиар заавал даатгалд хамрагдсан ээж цалин хөлсний тэтгэмжээ 100 хувь авдаг байсан. Харин сайн дурын даатгалд хамрагдсан ээж цалин хөлсний тэтгэмжээ 75 хувиар авдаг.

Тэгэхээр ээж хүн нэгэнт нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа бол даатгагдсан хэлбэрээс үл хамаараад жирэмсний болоод амаржсаны тэтгэмжийг цалин хөлснөөс 100 хувь бодуулж авдаг болох зохицуулалтыг хийж өгсөн.

Өмнөх хуулиар ээж хүүхдээ асарч байх хугацаандаа дахин жирэмсэлж, хүүхэд төрүүлсэн бол тэтгэмж өгдөг байсан. Харин гурав дахь хүүхдээ төрүүлэхэд нь энэ тэтгэмжийг олгодоггүй байсан. Зөвхөн эхний хоёр төрөлт дээр тэтгэмж олгодог зохицуулалтыг өөрчилж, төрөх болгонд нь жирэмсний тэтгэмжийг олгодог болгосон.

-Малчдын тэтгэвэрт гарах насыг таван насаар наашлуулсан. Тооцоо судалгаа хэр хийсэн бэ?

-Малчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль батлагдлаа. Улсын хэмжээнд 330 мянга орчим малчин байдаг. Энэ хуулийн өөрчлөлтөөр малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулж байгаа. Эрэгтэй 55, эмэгтэй 50 настай тэтгэвэрт гардаг болж байна гэсэн үг. Мөн малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх боломжтой боллоо.

Улсын хэмжээнд нэг сая 100 мянган ажилтан байна гэж тооцдог. Үүний 47.5 хувь нь малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч байгаа юм. Нийт 300 мянган малчин, 240 орчим мянган хувиараа хөдөлмөр эрхлэгч байна гэсэн тооцоо байдаг. Гэтэл тэдний нийгмийн даатгалын шимтгэл төлөх явц маш муу байна. Малчдын тухайд есөн хувь нь л шимтгэлээ төлдөг.

Хувиараа хөдөлмөр эрхлэгчийн 13 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг гэсэн судалгаа байгаа юм. Ингэхээр 85-90 хувь нь нийгмийн даатгалын гадна байгаад байна. Тэд өндөр нас наслаад ирэхээр нийгмийн даатгалын баталгаа нь алдагдах сул талтай. Тиймээс малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн шимтгэлийг нэмэгдүүлэх үүднээс нэг удаа нөхөн төлөх боломж олгож байгаа юм.

-Хуулиуд хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?

-Эдгээр хуулиуд нь 2018 оноос хэрэгжиж эхэлнэ. Мөн ээжүүдийн төрүүлсэн хүүхдийн тоогоор ажилласан хугацааг 1.5 жилээр нэмж тооцогдох хуулийн заалтын журмыг Засгийн газраас батална. Өөрөөр хэлбэл, энэ зохицуулалтад бүх ээжүүдийг хамруулах уу эсвэл хууль хэрэгжиж эхлэх хугацаанаас эхлэн тооцох уу гэдгийг Засгийн газраас шийднэ.

ШИНЭ МЭДЭЭ