МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Олон асуултад хариулт эрэлхийлсэн Б.Энх-Амгалан
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан
2017.04.06
Эдийн засаг, Худалдаа

Олон асуултад хариулт эрэлхийлсэн Б.Энх-Амгалан

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нийт долоон бүлэг асуултад хариулт хүссэн юм.

Тэрээр асуулт асуухын өмнө "Засгийн газар өнгөрсөн хугацаанд чамлахааргүй амжилт гаргалаа. Чалкогийн өрийг төлж дуусгасан. Баруун цанхийг ашиглалтад орууллаа. Нүүрсний үнэ өсөж, 71,5 ам.долларт хүргээд байна. Хатан туулаа аврахаар маш том зоригтой шийдэл гаргалаа. Мал сүргээ эрүүлжүүлэх, аймгуудад мал эмнэлгийн төв, цэгүүд байгуулах ажил эхэлж байна" гэлээ. Ингээд төсвийн тодотголын төслийн хүрээнд чуулганы хуралдаанд асуусан түүний асуулт, хөндсөн тавьсан асуудлыг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Нэгд, Өнөөдөр төсвийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор долоон төрлийн татварыг нэмэх төсөл оруулж ирлээ. Импортын тамхины онцгой албан татварыг нэмэхийг хүлээн зөвшөөрч байна. Согтууруулах ундаа, тамхины онцгой албан татвар, суудлын автомашины онцгой албан татварыг нэмж болно.

Харин автобинзений онцгой албан татварыг бууруулах шийдвэрийг үе шаттай нэмэгдүүлэх буцаах тухай асуудлыг судалж үзсэн үү? Энэ төрлийн татварыг нэмснээр өргөн хэрэглээний барааны үнэ өсөх юм биш үү? Валютын ханш нэмэгдэх, төгрөгийн ханш сулрах, инфляци хөөрөгдөх нөхцөл байдал үүсэхгүй юу? Ямар судалгаа хийсэн бэ?

Хоёрт, Хувь хүний хадгаламжийн орлогын хүүнд татвар ногдуулах шийдвэрээ хугацааг нь наашлуулах тухай ярьж байна. Нийт хадгаламжийн 71,5 хувь нь хүн амын нэг хувьд байна гэсэн статистик байх юм.

Ингээд бодохоор хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулснаар иргэд хадгаламжаа татах юм биш үү? Банкнаас мөнгөө татаж аваад үл хөдлөх хөрөнгө, хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулж, төлөвлөж байсан орлого тасрах хэмжээнд хүрвэл яах вэ?  

Гуравт, Тэтгэврийн насыг нэмэх тухай ярьж байна. Гэтэл Сангийн сайдын мэдээлснээр Монгол эрэгтэй хүний дундаж нас 64,7 байна гэлээ. Дундаж наслалт 64,7 байхад бид тэтгэврийн насыг 65 болгоно гэдэг логикийн хувьд зөв үү? Тэтгэврийн насыг зайлшгүй нэмэх шаардлага хэрэгцээ бий юу?

Дөрөвт, Төрийн албаны орон тоог цомхотгож, төрийн албан хаагчдыг чадавхжуулснаар хичнээн төгрөг хэмнэгдэх вэ?

Тавд, Хариуцлага, сахилга батыг яаж сайжруулах вэ? Алдаатай бодлого, үйл ажиллагаанаас гарсан хохирлоо яаж, хэнээр төлүүлэх вэ? Бонд, вексель, концесс, Хөгжлийн банк, Монголбанкнаас их хэмжээний мөнгө гарсан. Төсөв, сангийн байгууллагуудад аудит оруулж байгаа нь зөв. Гэхдээ дотоод аудит орж байна уу, ОУВС-гийн аудит орох уу?

Хариуцлага алдсан төрийн өндөр албан тушаалтнууд шүүхээс ял шийтгэлгүй мултрах тохиолдол гарч магадгүй гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд болгоомжилж байгаага хэллээ. Ийм нөхцөлд Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлэх үү? Оффшорчдыг Засгийн газар эрэн сурвалжлах уу?

Оффшор бүсэд Монгол Улсын хэдэн иргэн данстай байна? Эргүүлж авах талаар ямар арга хэмжээ авах вэ? Оффшор бүсэд байгаа мөнгийг оруулж ирэх боломж бололцоо бий юу?

Зургаад, Валютын орлогоо нэмэгдүүлэх, гадаад худалдааны эргэлтийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих талаар ямар бодитой арга хэмжээ авах вэ?

Долоод, Данс нь улайсан төрийн сан хөмрөгөө нэмэгдүүлэх, хуримтлалын сан бий болгох тал дээр ямар бодитой ажил хийх вэ? Ирээдүйн нөөц сан, тогтворжуулалтын сангийн хөрөнгийг яаж нэмэх бодлого барьж байна?"

Сангийн сайд Б.Чойжилсүрэн:

Автобинзений татварыг шинэ Засгийн газар байгуулагдсанаасаа хойш гурван удаа буулгасан. Үүнээс сүүлийн хоёр бууралтыг эргэн сэргээ гэсэн шаардлагыг ОУВС тавьж байгаа. Энэ шаардлагыг тавихдаа “Танай улсад нэг литр бизнений үнэ 65 цент байна. Тэгвэл ОХУ-д 67 цент, БНХАУ-д 1 ам.доллар, АНУ-д 71 цент байна. Тиймээс эдийн засгийн хямралтай атлаа улсын төсвөөс татаас өгч байгаа нь хэр зөв бэ” гэсэн асуудал, үндэслэл дэвшүүлсэн.

Автобинзений онцгой албан татварыг нэмснээр хэрэглэгчид хүрэх жижиглэнгийн үнэ шууд нэмэгдэнэ гэсэн үг биш. Гадаад зах зээл дэх үнэ буурсан учраас жижиглэнгийн үнэд төдийлөн нөлөө үзүүлэхгүй болов уу гэж бодож байна.

Хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулснаар иргэд хадгаламжаа татахыг үгүйсгэхгүй. Гэхдээ иргэдэд хадгаламжийн хүүгийн орлогоосоо татвар төлөх ухамсар, сэтгэл бий гэж бодож байна. Бодит секторт ажиллаж буй бизнес эрхлэгч жилийн 15 хувийн ашигтай ажиллаж чадахгүй байгаа нь үнэн. Тиймээс хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулах юм бол иргэд бодит салбарт хөрөнгө оруулах болов уу гэсэн хүлээлттэй байна.

Манайх шиг хөгжиж буй орнуудын хувьд тэтгэврийн даатгалын системдээ шинэчлэл хийж, дунджаар 65 настайдаа тэтгэвэрт гарах боломжтой гэсэн үндэслэл, судалгаа бий. 2027 онд Монгол Улсын эрэгтэй хүн амын дундаж наслалт 70 нас давах тооцоо байна.

Валютын орлогыг нэмэгдүүлэхийн тулд л алдагдсан макро эдийн засгийн тэнцвэрийг хадгалахыг зорьж байгаа юм. ОУВС-тай тохиролцохдоо төсвийн алдагдал ДНБ-ий 2 хувиас доош болсон тохиолдолд тогтворжуулалтын санд мөнгө хуримтлуулж эхлэхээр болсон. Тиймээс бидний тооцоогоор 2023 оноос тогтворжуулалтын санд мөнгө хуримтлуулна гэж уг тогтоолын төсөлд тусгасан. 

ШИНЭ МЭДЭЭ