2017.04.07

Оффшор бүсэд данс эзэмшихийг хориглох хуулийн төсөл 39 мянга гаруй албан тушаалтан болон гэр бүлийн гишүүдэд хамаарна

Өнөөдөр УИХ-ын хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар "Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн" төслийг хэлэлцлээ. 

Энэхүү хуулийн нэмэлт өөрчлөлтөөр оффшор бүсэд данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, хуулийн этгээд үүсгэн байгуулах асуудлыг хориглохтой холбоотой асуудлыг зохицуулах гэж байгаа билээ. Засгийн газраас өргөн барьсан тус хуулийн төслийг УИХ-ын өнгөрсөн 10 сараас эхлэн хэлэлцэж байгаа бөгөөд УИХ-аас хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. 

Өнөөдрийн байнгын хорооны хуралдаанаар тус ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар ажлын хэсгийн санал дүгнэлтийн танилцууллаа. 

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Л.Энхболд нар орж ажилласан байна. 

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар

"УИХ-ын нэгдүгээр сарын 24 өдрийн нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед УИХ-ын гишүүдээс хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал гаргаж байсан. Уг асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг 5 өдрийн завсарлага авсан. Түүнчлэн төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гаргасан ажлын хэсэг, гишүүд саналаа татаж авсан. Иймээс ажлын хэсэг 4 сарын 06 өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, санал дүгнэлтийг гаргалаа". 

Тухайлбал, 

  • Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд заасны дагуу хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах үүрэг бүхий 39.000 гаруй албан тушаалтан болон тэдгээрийн хамт амьдарч буй гэр бүлийн гишүүд тухайн албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх хугацаанд оффшор бүсэд өөрийн нэр дээр банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, ү хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглох,
  • дээр дурдсан албан тушаалд сонгогдох болон, томилогдох нэр дэвшигч түүний хамт амьдардаг гэр бүлийн гишүүд өмнө нь оффшор бүсэд өөрийн нэр дээр банкны данс нээлгүүлсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хөдлөх, ү хөдлөх хөрөнгө өмчилсөн, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол томилогдсон, эсвэл сонгогдсон өдрөөс хойш 6 сарын дотор банкны дансаа хаалгах, байршуулсан хөрөнгөө татах, хөдлөх үлд хөдлөх хөрөнгөө худалдах шийдвэр гаргах, шилжүүлэх, татах, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоох, эзэмших ашиглах, захиран шилжүүлэх эрхээ дуусгавар болгох. 
  • Дээр дурсан албан тушаалтан, түүний хамтран амьдрагч гэр бүлийн гишүүн оффшор бүсэд хамаарах гадаад улс түүний нутаг бүсэд суралцах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, хуулиар хүлээсэн албан чиг үүргээ хэрэгжүүлэх хугацаанд хуулийн төсөлд заасан хориглолт хамаарахгүй байх,
  • оффшор бүсэд хамаарах, түүний нутаг дэвсгэрийг олон улсад хамаарах эдийн засаг, банк санхүүгийн байгууллагаас гаргасан жагсаалтыг харгалзан Монголбанк, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн засгийн газар тогтооно. 

ШИНЭ МЭДЭЭ