УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин
2017.04.13
Улстөр

Ө.Энхтүвшин: АТГ ачааллаа дийлэх үү?

УИХ-ын чуулганаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль /Оффшорын хууль/-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин оффшорын хууль хэтэрхий өргөн хүрээг хамарч буйг онцлоод холбогдох албан тушаалтнаас АТГ ачааллаа дийлж чадах эсэхийг асуулаа.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:

Энэ хууль Байнгын хороон дээр ярьсаар байгаад сүүлдээ хамаарал бүхий этгээдэд нийт хэдэн хүн орохоор болчихов оо? 100мянгаас хол давна л гэж байна. ах дүү, амраг садан, үр хүүхэд гээд яваад өгдөг юм байна. Энэ бүх улсуудыг шалгаж, тогтоох хүчин чадал байгаа юу? Ингэсээр аль ч үгүй юм болчих биш байгаа. АТГ баахан цаастай ноцолдсоор байгаад жинхэнэ хамаарал бүхий нөхдүүд зүгээр өнгөрөх вий.  Орон тооны асуудал, зардал хүрэлцээтэй юм уу? Хэтэрхий өргөн хүрээнд болчихоор гаргасан хууль амьдралд хэрэгжих чадваргүй болох вий гэдэг болгоомжлол төрж байна. Яг хэдэн мянган хүн болсон бэ?

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

Нэгдүгээрт, Нийтийн албанд ажиллах гэж байгаа 38900 хүн өөрсдөө хамрах хүрээгээ мэдүүлэх үүрэгтэй. Хамаарал бүхий этгээдүүдээс бидний тодорхойлсон улс оронд хадгаламж данс эзэмшдэг хүн байгаа эсэхээ мэдүүлэх ёстой. Үүн дээр АТГ тодорхой техникийн боломж өргөтгөх,  хүн хүчний болон програм хангамжийн хувьд шийдэх асуудлууд байгаа.

Би тоог нь яг одоо шууд тодорхойлон хэлэх боломжгүй байна. 39800 хүний хэн нь хэдэн хамаарал бүхий этгээдүүдтэйг өнөөдөр бодож гаргах боломжгүй байна.

Хоёрдугаарт, Авилга албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцье, мөнгө угааж, татвараас зайлсхийхтэй тэмцье гэдгээрээ нийтийн албаны энэ хуулиар хориглолтыг бид тодорхойлж өгч байна. Үүнийг зөрчвөл нийтийн албаны зөрчил болохоос гадна эрүүгийн гэмт хэргийн шинж чанарыг агуулахаар байгаа. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын шүүхийн байгууллага хууль бусаар хөрөнгөжих гэдэг зүйл ангиар 2 хүнд ял шийтгэл ногдуулсан. Хэд хэдэн хүний хэрэг мөрдөн байцаалтын шатанд явагдаж байгаа. 

АТГ-ын дэд дарга Ц.Нямдорж:

Таны саяны дурдсан хөрөнгө оруулгын мэдүүлэг болон ашиг сонирхолын мэдүүлгийг цаасан хэлбэрээр авж байгаад одооноос эхлээд цахим хэлбэрт шилжүүлж, техник гарцуудыг шийдэн ачааллаа багасгаж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхээр болсон.

Өнөөдрийн хэлэлцэж буй асуудал дээр хүн болон хөрөнгө мөнгөний асуудлаа шийдвэрлэж төлөвлөхөөр ажиллаж байгаа. Хуулиар харъяалуулаад эрх үүргийн хүрээнд үйл ажиллагаагаа зохицуулаад явах бүрэн дүүрэн боломжтой. Ажлын ачаалал бол тодорхой хэмжээгээр нэмэгднэ.

ШИНЭ МЭДЭЭ