МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2017.04.27
Хууль, эрх зүй

С.Чинзориг: Төрийн албан хаагчиддаа эрх тэгш хандах ёстой

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.04.27/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслийн үзэл баримтлал болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэж байна. 

Уг хуулийн төслийг Засгийн газраас 2017 оны 4 дүгээр сарын 18-нд УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Хууль зүйн байнгын хорооны хоёр удаагийн хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг шоронд ял эдэлж байгаа иргэдтэй холбоотой асуудлыг хөндлөө.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

Шоронд ял эдэлж байгаа иргэдийг дараагийн энгийн амьдралд хөдөлмөр эрхлэхтэй холбоотойгоор мэргэжлийн чиг баримжаа олгох, ур чадвар эзэмшүүлэх чиглэлээр хорих байгууллагууд ямар ажил хийж байна вэ? Үр дүн нь ямар байна вэ? Эдгээр ажлуудад орон нутгийн засаг захиргааны байгууллагууд болон ар гэртэй нь хэрхэн хамтран ажиллаж байна вэ? Энэ чиглэлээр ажилладаг бүтэц, нэгж гэж байгаа юу? Хорин анги болгонд хөдөлмөр хамгааллын мэргэжлийн ажилтан бий юу? Мөн нийгэмшүүлэх ажил хариуцсан мэргэжлийн сэтгэлзүйч байгаа ву?

Мөн төрийн албан хаагчиддаа тэгш бус хандаж байгаа асуудлууд хэд хэд байна. Бид сая ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбоотойгоор зарим төрийн албан хаагчдын нийгмийн баталгаатай холбоотой асуудалд өөрчлөлт оруулсан. Гэтэл одоо орж байгаа шүүхийн шийдвэрийн тухай хуулиар тэр гаргасан шийдвэрийн эсрэг байр суурьтай байна.

Цэргийн албан хаагчдын үндсэн болон нэмэгдэл амралтан дээр 3 өдрийн нэмэлт амралт өгдөг байсны зардал өндөртэй гэсэн шалтгаанаар хүчингүй болгосон. Гэтэл 10 хоногийн өмнө хүчингүй болгосон шийдвэрээ өөр байгууллага дээр оруулж сэргээж байна.

Төрийн албан хаагчиддаа тэгш шударга хандах ёстой. Цаашдаа төрийн албан хаагчдын нийгмийн баталгаа, цалин хөлстэй холбоотой асуудал орж ирвэл зайлшгүй Мэргэжлийн нийгмийн байнгын хороогоор хэлэлцүүлж, санал дүгнэлтийг нь авдаг журамтай байх хэрэгтэй.

Ажлын хэсэг:

Хорих байгууллагад ял эдэлж байгаа ялтнуудыг гараад ажил амьдралаа төвхнүүлэхэд нь зориулж ангиуд дээр тодорхой арга хэмжээг зохион байгуулдаг. Тухайлбал, 461 дүгээр ангид хөдөлмөр сургалт үйлдвэрлэлийн төв байгуулагдаад ажиллаж байна. Энэ төв нь ялтнуудад барилгын, гар урлалын, тогооч гэх мэт ажил мэргэжлүүдийн сургалт явуулж, мэргэжлийн үнэмлэх олгож байгаа.

Ялтнуудыг нийгэмшүүлэх тал дээр нийгэм, сэтгэл зүйн хэлтэс байдаг. Ялтнуудын гэмт хэргээ ухамсарлах, засч, давтан хэрэг хийхгүй байх тал дээр ажилладаг. Гэхдээ ялтан болгонд ногдох сэтгэлзүйчийн тоо дэлхийн стандартад хүрэхгүй байгаа.

Ялтнуудаа нийгэмшүүлэх тал дээр дотоодын нийгэмлэгийн байгууллагуудтай хамтарч арга хэмжээ зохион байгуулдаг. 

ШИНЭ МЭДЭЭ