2017.04.28
Хууль, эрх зүй

Д.Сумъяабазар: "Гүтгэх" гэдгийг юу гэж тодорхойлж байгаа вэ?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.04.27/ Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар төслийн талаар тодруулсан юм.

Д.СУМЪЯАБАЗАР: ГАРГАСАН ХУУЛИЙНХАА ХЭРЭГЖИЛТИЙГ ХЯНАХ ХЭРЭГТЭЙ

Зөрчлийн тухай хууль нийгэмд нилээн бухимдал дагууллаа. Энэ хууль Монгол Улсын 240 гаруй хуулийг нэгтгэж гарч байгаа том хууль. Бүхий л салбарын тулгамдаж байгаа эрхзүйн орчныг зохицуулах юм.

Зохион байгуулалттай, бүлэглэн гүтгэх гэдгийг юу гэж тодорхойлж байгаа вэ?

Гаргасан хуулийнхаа хяналтан дээр тавигдах механизмыг яаж гаргах вэ? Хуулийн хэрэгжилт хэр биелэж байгааг шалгах хэрэгтэй. Сайн хуулийг хэрэгжилтийн механизм дээр хяналт тавих, хууль батлагдсанаар ард иргэдэд учрах давуу тал, сөрөг тал гэх мэт олон зүйлсийг харж байж тодорхойлдог. Энэ тал дээр ямар арга хэмжээ  авах вэ?

Х.НЯМБААТАР: ЗӨРЧЛИЙН ТУХАЙ НЭГДСЭН ТОМ МЭДЭЭЛЛИЙН САНТАЙ БОЛНО

Зөрчлийн тухай хуулийг ажлын хэсэг судалж байхад статистик тоог 3 байгууллагаас гаргаж авсан. Нэгдүгээрт, цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн зөрчлийн тоо бүртгэл, хоёрдугаарт, прокурорын байгууллагад хянагдаж чадаж байгаа зөрчлийн тоо бүртгэл, гуравдугаарт, шүүхийн дүн мэдээ гэсэн 3 бүртгэлтэй явагдсан.

Жилд дунджаар сая 300мянга орчим зөрчил үйлдэгддэг. Үүнээс өнгөрсөн онд хамгийн бага буюу сая гаруй мянган зөрчил бүртгэгдсэн. Энэ хууль гарч ирснээр зөрчлийн бүртгэлийн нэгдсэн мэдээллийн сантай болно. Тэр бааз дээр олон тэмдэг, тэмдэглэгээ, нэр томъёолол орж ирнэ. Давтан үйлдсэн эсэх, зөрчлийн шийтгэлийн торгуулиа төлсөн эсэх гээд энэ бүх мэдээллүүдийг нэгдсэн байдлаар бүртгэнэ.

Зөрчил шалган шийдвэрлэх процессийн манаач нь прокурорын байгууллага байна.

Хүний эрх зөрчиж, зөрчил хянан шийдвэрлэх процессонд эрх мэдлээ давуулсан тохиолдолд эрх бүхий субъектын үйл ажиллагааг зогсоох талаар эрх бүхий удирдлагад сануулна. Хяналтыг ийм аргаар сайжруулж байгаа.

Гүтгэлэгтэй холбоотой асуудал нийгмийн томоохон сэдэв болж байна. Миний бодлоор гүтгэх, доромжлох гэдэг үг бол эрхзүйн хувьд 2 тусдаа ойлголт. Гүтгэх нь хүний нэр төр алдар хүндийг гутаан доромжилж, илт худал мэдээ мэдээллийг олон нийтэд цацаж байгаа үйлдэл. Доромжлох бол тухайн хүний бие эрхтэн, эд зүйлтэй холбогдуулан доромжилж буй тусдаа үйлдэл.

2016 онд батлагдсан Зөрлчийн тухай хуулиар энэ 2-ыг нэгтгэж зөрчил болгож оруулж ирсэн. Дэлхий нийтээрээ энэ 2 үйлдлийг гэмт хэрэгт тооцдог. Иймээс зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль дээр 9.1, 9.2 гэж шинэ бүлэг оруулж ирсэн.

Гүтгэсэн, гүтгүүлсэн хүмүүсийн гэм бурууны асуудлыг тогтоож шалгах процессын ажиллагааг оруулсан. Гэрчээс асуух, шинжээч томилох, дүгнэлт гаргах, үнэнд нийцсэн эсэхийг магадлаж шалгах ажиллагааг процесжуулсан. ОХУ-ын Зөрчлийн тухай хуулинд яг энэ жижиг гэмт хэргүүдээ зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шалгаад, хариуцлага ногдуулдаг.

Хууль зүйн сайдад хандаж хэлэхэд энэ 4 хуулийн хэрэгжилтийг мониторинг хийж явъя. Төслөөс санхүү бүрдүүлж өгнө үү. 2 сарын 1-нээс үйлчилсэн гэр бүлийн хүчирхийллийн хуулийн хэрэгжилтэд мониторинг хийе. Хуулиуд маань амьтай байх ёстой. 

ШИНЭ МЭДЭЭ