“Дарханы сурагчид оюунлаг, авьяаслаг” англи хэл, математикийн олимпиад амжилттай боллоо
2017.05.01
Орон нутгийн хөгжил

“Дарханы сурагчид оюунлаг, авьяаслаг” англи хэл, математикийн олимпиад амжилттай боллоо

“Дарханы сурагчид оюунлаг, авьяаслаг” Англи хэл, Математикийн олимпиад 4 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд болов.

Тус олимпиадыг Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Дарханы иргэд оюунлаг, авьяаслаг” дэд хөтөлбөрийн хүрээнд УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн нэрэмжит болгон зохион байгуулсан юм. Энэхүү олимпиадад манай аймгийн төгсөх ангийн 241 сурагч оролцлоо. Үүнээс Математикаар 134, Англи хэлээр 107 сурагч оролцжээ.

2015 онд БНСУ-ын Инчон хотноо 157 орны Боловсролын сайд нар оролцсон “Тогтвортой боловсрол -2030” дэлхийн чуулганаар боловсролын чиг хандлагыг тогтоосон. Тодруулбал, бүх шатны боловсролын байгууллага чанартай боловсролыг эзэмшүүлэх, багшийг мэргэжлийн өндөр ур чадвартай болгох асуудлыг хөндсөн байдаг. Үүнийг дан ганц боловсролын байгууллагууд хийх биш төр засаг, шийдвэр гаргагчид оролцох ёстой. Үүний тод жишээ нь Б.Жавхлангийн нэрэмжит энэхүү олимпиад болж байна.

“Дарханы сурагчид оюунлаг, авьяаслаг” Англи хэлний олимпиадад Дархан Эмпати сургуулийн 12 дугаар ангийн сурагч Г.Дуламханд 1 дүгээр байрыг эзэлсэн бол 19 дүгээр сургуулийн сурагч Г.Хүслэн, Дархан Эмпати сургуулийн сурагч Г.Мэндбаатар нар 2 дугаар байрыг эзэллээ. Харин 3 дугаар байранд 19 дүгээр сургуулийн сурагч Ч.Зулсар, тус сургуулийн сурагч Б.Төгсцогт, Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн 12-7 ангийн сурагч А.Энхчимэг нар орсон байна.

“Дарханы сурагчид оюунлаг, авьяаслаг” Математикийн олимпиадад Монгол Оюу сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Энхбаяр 1 дүгээр байрыг эзэлсэн бол Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн 12-7 ангийн сурагч Р.Дарханбаяр, 15 дугаар сургуулийн 12а ангийн сурагч М.Батбаяр нар 2 дугаар байрыг эзлэв. Харин Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн 12-6 ангийн сурагч М.Мөнхбаясгалан, Монгол Оюу сургуулийн сурагч А.Дөлгөөн, тус сургуулийн сурагч Х.Нандин-Эрдэнэ нар 3 дугаар байранд шалгаржээ.

Дээрх шагналт байранд шалгарсан сурагчдыг буюу I байрыг эзэлсэн нэг сурагчийг алтан медаль, 200 мянган төгрөг, minibook-р, II байранд орсон хоёр сурагчийг мөнгөн медаль, тус бүр 150 мянган төгрөгөөр шагнах бол III байрыг эзэлсэн 3 сурагчийг хүрэл медаль, тус бүр 100 мянган төгрөгөөр шагналаа. Мөн Англи хэл, Математикийн олимпиадуудад тус бүр 5 сурагчийг тусгай байранд шалгаруулж 20 мянган төгрөгөөр шагнахаас гадна I байр эзэлсэн сурагчийг бэлтгэсэн багшийг 100 мянган төгрөгөөр шагнаж урамшуулсан юм.

Цаашид УИХ-ын гишүүн Б.Жавхлан аймгийн удирдлагууд болон БСУГ-тай хамтран “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”, Дархан-Уул аймгийн Ерөнхий боловсролын 1024 багшийг хамруулсан “Багшийн хөгжил”  дэд хөтөлбөр зэргийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр багшийн мэргэжлийн ур чадвар, багшийн нийгмийн болон хувийн чадамжууд өсөж үндэсний болон олон улсын жишигт нийцсэн чадварлаг багштай аймаг болно хэмээн холбогдох албаныхан үзэж байгаа ажээ. 

ШИНЭ МЭДЭЭ