МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2017.03.11
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Хуулийн толь - Ахмад настны тухай хууль

Улс орны төсөв санхүү хязгаарлагдмал, эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа энэ үед нийгмийн халамж, хамгааллын асуудал УИХ-ын анхаарлын төвд байсан.

НББСШУ-ны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан: ”Өнөөдөр хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар бол ахмадын тэтгэврийг нэмэхдээ зөвхөн үнийн өсөлтийг харгазлдаг байсан”

Тус хуульд ахмад настны эрхийн асуудлыг шинээр тусган баталсан бөгөөд ахмад настны эрүүл мэндийг хамгаалах, амьжиргааг дэмжих, хөдөлмөрлөх эрхийг баталгаажуулах арга хэмжээг цогцоор нь тусгаснаар ач холбогдолтой.

Ахмад настны эрүүл мэндийг хамгаалах зорилгоор ахмадын кабинет, ахмад настны эмч, сум тосгон өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллана. Түүнчлэн ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ баталснаар хэвтрийн болон хөгжлийн бэрхшээлтэй ахмад настныг байнгын хяналтанд авч, асран сувилах, тусламж үзүүлэх явуулын үйлчилгээг зохион байгуулах эрхзүйн орчныг бүрдүүлж байгаа юм.

Ахмад настны амьжирааг дэмжих асуудлын хувьд өмнөх хуулиар ахмад настанд олгож байсан тусламж, хөнгөлөлтийг хэвээр нь үлдээсэн бөгөөд нийгмийн даатгалын сангаас оршуулгын тэтгэмж авах эрх үүсээгүй ганц бие ахмад настанд 75%-р тэтгэмж олгодог байсныг 100% болгон нэмэгдүүлж, ганц бие гэсэн шалгуурыг хассан. Ингэснээр 1 сая төгрөгийн энэ тэтгэмжид Монгол Улсын бүх ахмад настан хамрагдах боломж бүрдсэнээрээ онцлог юм.

УИХ-ын гишүүн С.Чинзориг: “Аав, ээжийгээ асраад явж байгаа хүмүүст зөвлөгөө өгдөг, тусламж үзүүлдэг, асаргааны тэтгэжмийг олгодог уламжлалаа алдагдуулж болохгүй”

Хүндэт доннор ахмад настны хувьд рашаан сувилалд 50%-ийн хөнгөлөлттэй үнээр амарч, сувилуулдаг байсныг 100% болгон нэмэгдүүллээ. Мөн ахмад настны хиймэл шүд хийлгэсний төлбөрийг нийгмийн хангамжийн байгууллагаас 5 жилд 1 удаа олгодог байсныг 3 жил болгохоор эрхзүйн орчныг бүрдүүлжээ.

НББСШУ-ны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан: “Ахмадуудын 60% нь хөдөлмөр эрхлэх маш их сонирхолтой байна. Тиймээс ахмадуудын хөдөлмөр эрхлэх асуудлуудыг төрөөс дэмжиж өгөх ёстой. Үүний дагуу тодорхой заалтуудыг оруулж өгсөн. Тухайлбал, ахмадууд нэгдэж ААН байгуулаад, түүний 50-иас доошгүй хувь нь ахмад настан байвал тэр ахмадууддаа хөдөлмөр эрхлэлтийн сангаас тодорхой хөнгөлөлт, зээлүүд олгох боломжтой. Мөн төр өөрөө захиалагч болоод хөдөлмөр эрхлэх сонирхолтой ахмадуудад ажлын байр гаргах боломжийг бүрдүүлэх шаардлагатай”

УИХ-ын гишүүн С.Чинзориг: “Нийгмийн амьдралд идэвхтэй оролцох сонирхолтой ахмадуудын нэг хэсгийг хөдөлмөр эрхлүүлж, нөгөө талаас амьдралын туршлага, арга барилыг залуу үед өвлүүлдэг байх ажлуудыг хийх шаардлагатай байна”

Ахмад настнуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нь ахмдан настны тухай хуулийн шинэчилсэн найруулгын гол зорилгын нэг бөгөөд хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмад настныг сум, хорооны ажилтан бүртгэж нийслэл болон үндэсний хэмжээнд мэдээллийн санд байршуулан ажил зуучлах, нөхөрлөл, хоршооны хэлбэрээр хөдөлмөр эрхлэхийг нь дэмжих, жижиг зээл олгох, шинэ дадал олгох сургалтанд хамруулах зэрэг зохицуулалтыг хуулиар хийжээ.

ШИНЭ МЭДЭЭ