МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2017.05.12
Хууль, эрх зүй

С.Чинзориг: Баривчлахаас аль болох татгалзах хэрэгтэй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.05.12/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Ингэхдээ ажлын хэсгээс оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг болон Л.Болд нар сэжигтнийг 72 цаг саатуулах заалтыг хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа хэрэг гэж үзэж буйгаа хэллээ.

С.ЧИНЗОРИГ: БАРИВЧЛАХ НӨХЦЛӨӨ ТОДОРХОЙЛОХ ХЭРЭГТЭЙ

Засгийн газраар оруулж ирсэн саналаар баривчлах цаг 24 байгаа. Гэтэл ажлын хэсэг 48 болгосон байна. Хууль хяналтын байгууллага үйл ажиллагаагаа явуулахад цагийг ингэж уртасгах шаардлага байгааг ойлгож байна. Гэхдээ сэжигтнийг баривчлахтай холбоотой асуудал дээр цаашдаа их анхаарах хэрэгтэй. Ямар нөхцөлд баривчлахаа тодорхой болгож өгөхгүй бол болзошгүй гэдэг үндэслэлээр иргэдийг баривчилж 72 цаг суулгаж хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа практикууд олон байна. Баривчлах нөхцлөө тодорхойлж байгаа юу?

Хууль хяналтын байгууллагууд цаашдаа баривчлахаас аль болох татгалзал шаардлагатай байна. Хууль хяналтын байгууллагын гаргасан судалгааг үзэхээр өмнөх жилүүдэд иргэдийг 72цагийн хугацаатайгаар баривчилсан үйл ажиллагааны үр дүнг харахаар 20 гаруй хувь нь л хэрэг үүсгэж, цаашаа шалгагдаад явсан байна. 80 хувь нь хэргийн сэжигтэн биш гээд 72 цаг баривчилж саатуулсныхаа дараа явуулдаг. Үүнийг анхаарахгүй бол иргэдийг их хэмжээгээр нэр хүндэд нь халдаж, хохироож байна.

Л.БОЛД: ХҮНИЙ ЭРХИЙГ ДОРДУУЛСАН ЭНЭ ЗААЛТААС ТАТГАЛЗАХ ХЭРЭГТЭЙ

Манай ажлын хэсэг хүний эрхийг дордуулсан энэ заалтаас татгалзах хүсэлтэй байгаа. Ажлын хэсэг дээрээ зөрөлдөж байгаа асуудлууд хэд хэд бий. АН-ын бүлэг завсарлага аваад 20 гаруй саналуудаасаа болиод, 4 санал дээр л төвлөрсөн. Гэтэл Х.Нямбаатар дарга 2-г л авж байна.  

С.Чинзориг гишүүний хэлдэг зөв. 72 цаг саатуулах үйл ажиллагааны 80 хувьд нь иргэдийг хохироогоод явуулж байна. Хэрвээ энэ асуудлыг наашайгаар шийдвэл хүний эрхийн талаасаа маш зөв алхам болно. 

ШИНЭ МЭДЭЭ