МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг
2017.05.26
Эдийн засаг, Худалдаа

Ё.Баатарбилэг: Хөрөнгө оруулалтыг жигд хүртээмжтэй байлгах ёстой

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.05.26/ Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Тогтоолын төслийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг хөрөнгө оруулалтын асуудал хөндлөө. 

Ё.Баатарбилэг: Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан БСШУСЯ-наас салбарын хөрөнгө оруулалтын жагсаалтыг ирүүлэхийг хүссэний дагуу хариу ирсэн байна. Гэхдээ ихээхэн учир дутагдалтай хуваарилалт гэж харагдлаа. Уг үндсэн чиглэлийн төсөл батлагдсанаар Сангийн яам энэ дагуу төсвөө боловсруулна.

Салбар салбарын хөрөнгө оруулалтыг нарийвчлах шаардлагатай байгааг гишүүд анхааралдаа авах нь зүйтэй болов уу. Сангийн яам хөрөнгө оруулалтыг салбар бүрт жигд хүртээх чиглэлээр ямар зорилт тавин ажиллаж байна?

Хөрөнгө оруулалтын дүн, жагсаалтын талаар асуухаар салбар яамнаас ирсэн санал гэж ам таглах нь бий. Тиймээс Сангийн яам бусад яамнаас ирүүлсэн саналыг нягталж үзэх нь зүйтэй болов уу. Салбарын хөрөнгө оруулалт жигд хүртээмжтэй, үр дүнтэй явуулах тал дээр ямар бодлого барьж ажиллах вэ?

Б.Чойжилсүрэн: Нэгэнт эхэлсэн ажлыг дуусгах бодлого барьж байна

Сангийн сайд 

Салбар яамдын хөрөнгө оруулалтыг аль болох жигд хүртээмжтэй хуваарилахын төлөө Сангийн яам, Засгийн газар анхаарч ажиллаж байна. Гэхдээ энд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Төсвийн алдагдал хязгаартай. 2018 онд төсвийн алдагдлыг ДНБ-ий 9,5 хувиас хэтрүүлэхгүй байх гэсэн хязгаарлалт бий.

Мөн гадаад хөрөнгө оруулалт татахаар судалж байна. Зээлийн өрийн үлдэгдлийн түвшин гэж бас байна. Тиймээс эдгээр хязгаарлалтыг харгалзан үзэж салбар яамдын хөгжлийг жигд хүртээмжтэй байлгах тэр дундаа хөрөнгө оруулалтыг ижил түвшинд байлгах бодлого барьж ажиллаж байна.

Өмнөх парламентын үед ашиглалтад оруулахаар төлөвлөсөн олон обьектийн бүтээн байгуулалтын ажил эхэлсэн ч дуусаагүй төсөл олон байна. Тухайлбал, БСШУСЯ-ны эрхлэх асуудлын хүрээнд 300 гаруй обьектийн ажил эхэлчихсэн явж байна.

Тиймээс Засгийн газар нэгэнт барилгын ажил нь эхэлсэн обьектуудыг дуусгах бодлого барьж байна. 

ШИНЭ МЭДЭЭ