МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн С.Чинзориг
2017.06.08
Эдийн засаг, Худалдаа

С.Чинзориг: 45-хан ААН-д хэт давуу эрх олгож, жилийн 0,8-3 хувийн хүүтэй зээл олгосон байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.06.08/ Монголбанкинд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн С.Чинзориг үг хэллээ.

Нэг улс төрийн хүчин нь улс орны төсөв, санхүүг самардаг. Нөгөө улс төрийн хүчин нь эдийн засгийн хямрал, хүндрэлээс гаргах гэж чадлаараа чармайж, ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар болж, улмаар төсөв санхүүгийн нөхцөл байдлыг сэргээхээр ажиллаж байна. Энэ чөтгөрийн гэмээр тойргоос гарч чадахгүй л байна.

Монголбанкинд хийсэн шалгалтын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүд, Сангийн яамны төсөв санхүү хариуцсан мэргэжилтнүүд орж ажилласан. Гэтэл мэргэжлийн бус хүмүүс ажиллаж байна гэж буруу ойлголт өгөх хэрэггүй. Шалгалтын явцад гурван ноцтой зүйл илэрсэн.

Нэгд, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Монголбанк хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байсан. Монголбанкинд олгогдоогүй эрх хэмжээг эдэлж байсан. Арилжааны банкны үүрэг гүйцэтгэж явсан. Энэ нь улс орны эдийн засгийг хүнд байдалд оруулсан гэж үзэж байна.

Хоёрт, улсын хэмжээнд 60 мянга гаруй ААН бий. Төр бол ажил олгогч нийт ААН-үүдийг дэмжиж, бизнес эрхлэгчдэд ижил тэгш хандах ёстой. Гэтэл өнөөдөр эдгээрээс 45-хан ААН-д хэт давуу эрх олгосон байдаг. Жилийн 0,8-3 хувийн хүүтэй зээл авчихаад зориулалтын бусаар зарцуулсан.

Гуравт, "Үнэ тогтворжуулах хөтөлбөр" гэж хэрэгжүүлсэн. Энэ нь ихэвчлэн импортыг дэмжсэн чиглэлийн хөтөлбөр байсан учраас валютын урсгалыг гадагшлуулж, түүнээс болж валютын ханш огцом өссөн. Өнгөрсөн хугацаанд 7 сая ам.долларыг интервенци хийсэн. Интервенци үр дүнд хүрээгүй учраас валютын ханш буураагүй, валютын нөөц гурав дахин буурсан. Нөгөө талаас хөтөлбөр хэрэгжүүлэх нэрээр асар их хэмжээний мөнгө хэвлэж, гүйлгээнд оруулсан. Үүнээс болж төгрөгийн ханш суларсан.  

АН-ын гишүүд бид сайн ажилласан. Инфляцийг нэг оронтой тоонд буюу 1,2 хувьд хүргэж барьсан гэдэг. Мөнгөний зөв бодлого явуулсан учраас инфляци буурсан гэж тайлбарладаг. Хүн амын худалдан авах чадвар буурсанаас болж дифляци үүссэн шүү дээ. Тиймээс төсөв, мөнгөний бодлогыг буруу явуулж, Монголбанкийг алдагдалд оруулсан албан тушаалтанд хариуцлага тооцох нь чухал. Олон нийт биднээс шударга байхыг, гэм буруутай этгээдэд хариуцах тооцох тухай асуудал нэхэж байна. 

ШИНЭ МЭДЭЭ