“ТОСК-999” төслийн хүрээнд 848 айлын хотхон барина
“Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ- нь Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд “ТОСК-999” төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Төслийн эхний ээлжинд баригдах 13 блок, 212 айлын орон сууцны барилга угсралтын ажлын шав тавих ёслол өнөөдөр /2017.06.09/ болно.
Шав тавих ёслолд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, НИТХ-ын дарга Ц.Сандуй, СХД-ийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Ж.Хичээнгүй, “Жи Ди констракшн” ХХК–ийн захирал У.Баатар болон бусад албаны хүмүүс, инженер техникийн ажилтнууд оролцох аж.
“ТОСК-999” төслийн эхний ээлжийн орон сууцны барилгыг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан 4.9 га газарт эхлүүлэх аж. Нийт 848 айлын 50 блок, 4-5 давхар бүрэн цутгамал орон сууцны хотхон баригдах юм байна. Тус орон сууцны хотхоны барилга угсралтын гүйцэтгэгчээр “Жи Ди констракшн” ХХК ажиллах ажээ.
“ТОСК-999” төслийн онцлог нь иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн хямд өртөгтэй, богино хугацаанд хэсэгчилэн барьж ашиглалтад орох, нам давхрын орон сууцнууд байх бөгөөд үндэсний үйлдвэрлэлийн бараа, материалыг түлхүү ашиглаж, Монгол Улсын барилгын норм дүрэм, стандартад бүрэн нийцсэн орон сууцны жишиг хотхоныг байгуулах гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.
Г.Тэгшсүрэн