Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслийн талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулав
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.06.09/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсан юм.
Монгол Улсын Засгийн газраас 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг УИХ 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.
Тус байнгын хороо 2017 оны 6 дугаар сарын 6, 8-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд төслийн агуулга, зарчмыг алдагдуулалгүй үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварууд оруулж, төсөлд тусгасан.
Мөн нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарын төслийг бэлтгэлээ. Холбогдох зарчмын зөрүүтэй саналуудыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжсэн.