МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хөвсгөл далайн баруун эргийн дагуу 40 км үргэлжилсэн цахилгаан дамжуулах шугам ашиглалтад оржээ
2017.06.23
Орон нутгийн хөгжил

Хөвсгөл далайн баруун эргийн дагуу 40 км үргэлжилсэн цахилгаан дамжуулах шугам ашиглалтад оржээ

УИХ-ын хаврын нэгдсэн хуралдааны завсарлагаанаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар тойрогтоо ажиллаж байна.

Тэрээр Хөвсгөл аймгаас сонгогдсон гишүүний хувьд Эрчим хүчний яаманд хүсэлт тавьж Хатгал тосгоноос Тойлогт хүртэл буюу Хөвсгөл далайн баруун эргийн дагуу 40 км үргэлжилсэн цахилгаан дамжуулах шугамыг ашиглалтад оруулжээ. Ингэснээр 200 гаруй хэрэглэгч 80 гаруй жуулчны бааз, гэр буудлыг гэрэл цахилгаанаар хангасан байна.

Хатгал тосгоны иргэдтэй уулзалт хийж Улсын Их Хурлын хаврын чуулганаас баталсан хууль, тогтоомжууд, гаргасан шийдвэрийг танилцуулж, иргэдийн тавьсан асуудал, санал хүсэлтийг сонсон тодорхой хариултуудыг өгжээ. Иргэд тусгай хамгаалалттай газар нутагт амьдардгийн хувьд Хатгал тосгоныг сум болгон өргөтгөхийг хүсэлтийг гаргалаа. Түүнчлэн тус тосгоны нутаг дэвсгэрт ихээхэн хэмжээний газрыг зөвшөөрөлгүй олгосныг цэгцлэх шаардлагатай байгаа тухай иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэх талаар холбогдох албан тушаалтнуудтай ярилцан санал солилцов.

Мөн энэ сарын 16-нд Бурхан багшийн 16 архадын нэг Лампрангийн хувилгаан Дарба Бандида гэгээний VII дүр Данзанчойжилодойг эх орондоо түр ирэх үеэр нь зуны тэргүүн сарын шинийн хорин хоёрны билэгт сайн өдөр Хөвсгөл аймагт арслан суудалд залах ёслолын арга хэмжээ болжээ. Дарба Бандида гэгээний VII дүрийг одоогоос 5 жилийн өмнө Далай лам Хөвсгөл аймгийн Рашаант сумаас тодруулсан юм. Тухайн үед Хөвсгөл аймгийн Рашаант, Архангай аймгийн Цэцэрлэг сумын 0-13 насны 100 гаруй хүүхдийн нэрийг Дээрхийн гэгээнтэн 14-р Далай ламд хүргүүлж, тэр нэрсээс Хөвсгөл аймгийн Рашаант сумын 12 настай Шаравжамц хүүгийн нэрийг таалан мутрын тамгаа дарсан байна.Дарба Бандида гэгээн Өмнөд Энэтхэгийн Сэра дацанд бурхан шашны бага боловсрол эзэмшсэн бөгөөд үргэлжлүүлэн 10 гаруй жил суралцах юм. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар гэгээнтний Баторшилд оролцож зарлиг, тааллын шүтээн өргөж, хурсан хуврагуудад зэд барьжээ.

Түүнчлэн Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын иргэдтэй уулзалт хийжээ. Баянзүрх сумын хувьд тулгамдаж буй асуудал нь 2009 онд ашиглалтад орсон сургуулийн дотуур байр нь цэвдэгтэй газар баригдсаны улмаас хагаралт үүсч, нурах хэмжээнд хүрснээс энэ намар сурагчдыг хүлээн авах боломжгүй болсон нь иргэдийн сэтгэлийг зовоосон асуудал болжээ. Мөн архидан согтуурах чиглэлээр дорвитой арга хэмжээ авах, Бэлтэс голын гүүрийг сэргээн засварлах зэрэг саналыг иргэд гаргав.

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэд тэтгэврийн зөрүүг арилгах, авилга, хээл хахуультай тэмцэх, сум орон нутаг маань алслагдмал, хүйтэн, зам бартаа ихтэй учраас нэмэгдэл олгох талаар төр, засгаас арга хэмжээ авахыг хүссэн санал гаргалаа.

ШИНЭ МЭДЭЭ