МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Малын удмын сангийн үндэсний цогцолборын барилгын ажлын явцтай танилцлаа
Малын удмын сангийн үндэсний цогцолборын нэг хэсэг
2017.06.27
Орон нутгийн хөгжил

Малын удмын сангийн үндэсний цогцолборын барилгын ажлын явцтай танилцлаа

Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд ажиллаж, “Малын удмын сангийн үндэсний цогцолбор”-ын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.

Уг цогцолборын бүтээн байгуулалтын ажил 2013 оноос эхтэй бөгөөд захиргаа, үйлдвэрлэл, малын байрны зориулалттай 17 барилга, 11 км урт инженерийн шугам сүлжээг барьж байгуулахад зориулан 11,6 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгажээ.

Барилга хоорондын зам талбай, гэрэлтүүлгийн ажлыг хийж гүйцэтгэснээр Малын удмын сангийн үндэсний цогцолборыг 2017 оны эхний хагаст улсын комисст хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй байсан ч хугацаанаасаа хожимдож байгааг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр анхаарууллаа. 

Энэхүү цогцолбор ашиглалтад орсноор Монгол Улсын малын генетик нөөцийг хадгалах, мал, амьтны удмын санг хамгаалан, малын үндэсний генийн санг бүрдүүлж, энэхүү санд тулгуурлан нутгийн шилдэг омог, үүлдэр, гадаадын ашиг шимт мал, амьтны шалгарсан удмыг сайжруулагчаар ашиглана гэдгийг Малын удмын сангийн үндэсний төвийн удирдлагууд онцолсон юм. 

Биотехнологи, генийн инженерчлэлийн дэвшилтэт аргыг нэвтрүүлэх замаар донор сүрэг бий болгож гүн хөлдөөсөн үр, хөврөл үр үйлдвэрлэх, шилжүүлэн суулгах, малд зохиомол хээлтүүлэг хийх, монгол малын генийн санг зохистой ашиглахад ч үйл ажиллагаагаа чиглүүлнэ гэв. 

Дашрамд дурдахад, 2011 онд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 22,3 га газрыг сонгон авч, инженер-геологийн болон байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан судалгаа хийсний үндсэн дээр энэ бүс нутагт Малын удмын сангийн үндэсний цогцолборыг барьж байгуулахаар шийджээ.

 

ШИНЭ МЭДЭЭ