Гурван нэр дэвшигч ямар байр суурь илэрхийлэв?
2017.06.28
Улстөр

Гурван нэр дэвшигч ямар байр суурь илэрхийлэв?

Даваа гарагт болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн гарч нийт 1 339 125 сонгогчид санал өгснөөс МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 411 748, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 517 478 санал, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 409 899 санал авсан. Харин Сонгуулийн тухай хуулийн дагуу хэн нэг нэр дэвшигч 50%+1 буюу олонхийн санал аваагүй учраас хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигч буюу М.Энхболд, Х.Баттулга нар дахин санал хураалтад орохоор болсон. Дахин санал хураалтыг 7 дугаар сарын 9-нд явуулахаар СЕХ-ноос тогтоол гаргасан.

Ингээд 6 дугаар сарын 26-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн болон дахин санал хураалт болохтой холбогдуулан гурван нэр дэвшигч ямар байр суурьтай байгааг хүргэе.

МАХН-ААС НЭР ДЭВШИГЧ С.ГАНБААТАР: СЕХ-НЫ МЭДЭЭГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ

Сонгуулийн ерөнхий хороо луйварчдын гар хөл болж, илбэ үзүүлдэг газар болжээ. Та бид өнөөдөр тусгаар тогтнол, ардчиллаа аврахын төлөө энэ хууль бус зүйлтэй эвлэрч болохгүй. Бид хууль бус гэдгийг баримтаар нотолж чадна. Тиймээс энэ бүхнийг хүлээн зөвшөөрч, тэднийг амтшуулж болохгүй. Бид энэ тэмцлийн замаасаа ухрахгүй.

СЕХ Монголын ард түмний нэрийн өмнөөс үнэн мөнөөр ажилладаг болтол нь бид туушдаа зүтгэнэ. Бид үндсэндээ ялсан. Бид хамгийн цэвэр өрсөлдсөн. СЕХ-нд хандаж, саналыг дахин тоолуулах болно. Дараа дараагийн олон сонгуулийг Монголын ард түмний төлөө явуулдаг байлгахын төлөө тэмцэх болно.

МАН-ААС НЭР ДЭВШИГЧ М.ЭНХБОЛД: НЭГНИЙГЭЭ ГУТААН ДОРОМЖИЛСОН БАЙДАЛТАЙСОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА БОЛЖ ӨНГӨРСӨНД ХАРАМСАЖ БАЙНА

Эцсийн үр дүн гараагүй ч гэсэн би ямар ч үед улс орон, ард түмнийхээ амьдралыг өөд нь татахын тулд санаа тавьж ажилласаар байх болно. Сонгуулийн сурталчилгаа эхэлж байх үед би хоёр нэр дэвшигчид ил захидал илгээн сонгуулийг хуулийн дагуу олон түмнээ хүндэтгэж явуулахыг уриалсан ч санаснаар болсонгүй.

Энэ сонгууль доромжилсон, гүжирдсэн, орон нутагт мөнгө тараасан, гадаадаас мөнгө авсан сонгууль боллоо. Ийм шалтгааны улмаас дахин санал хураалт явуулах нөхцөл бүрдэв үү гэж харж байна. Сонгуулийн өдрүүдэд миний талаар гарсан мэдээлэл бүрт тодорхой тайлбар хийж ирсэн. Тэр дундаа 60 тэрбум гэгчийн асуудлыг миний эсрэг ашигласан. Энэ бол эвлүүлэг. Миний хувьд 7 дугаар сарын 9-нд дахин санал хураалт зохион байгуулж, ард түмэн шийдвэрээ гаргах нь зүйтэй гэж үзэж байна.

АН-ААС НЭР ДЭВШИГЧ Х.БАТТУЛГА: НААДАМ, СОНГУУЛЬ ХОЁРЫГ ЗЭРЭГ ХИЙНЭ ГЭДЭГ БОЛ ИРЦ ХҮРГЭХГҮЙ ГЭСЭН БАШИР АРГА

100 гаруй мянган саналаар илүү байна гэдэг бол давуу ялалт. Уг нь хүлээн зөвшөөрөх ёстой байсан ч хуулийн заалтаар дахин санал хураалт явуулах гэж байна. Монголчууд төрт ёсны уламжлал алдагдаж байгааг эсэргүүцэн, авлига, хээл хахуулийн эсрэг саналаа өглөө.

Наадам, сонгууль хоёрыг зэрэг хийнэ гэдэг бол ирц хүргэхгүй гэсэн башир арга. Сонгуулийн Ерөнхий Хороо эрх баригчдад үйлчилж байна.

Ямар ч байсан бидэнд итгэж байгаа Монголчуудынхаа итгэлийг алдахгүй.

ШИНЭ МЭДЭЭ