МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

М.Оюунчимэг: Нэг, хоёрхон тэрбум төгрөгөөр хэдэн мундаг сургууль барих бололцоо бидэнд байна
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг
2017.10.05
Эдийн засаг, Худалдаа

М.Оюунчимэг: Нэг, хоёрхон тэрбум төгрөгөөр хэдэн мундаг сургууль барих бололцоо бидэнд байна

Өнөөдөр /2017.10.05/ УИХ-ын ээлжит чуулганаар 2017 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг асуулт асуулаа.

М.ОЮУНЧИМЭГ: 1 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР 75-Р СУРГУУЛИЙН БАЙРЫГ НУРААВАЛ ЖАЙКА-ГААС 600 ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН ЦОГЦОЛБОР БАРИХ БОЛОМЖТОЙ БАЙНА.

Төсвийн тодотголоор 1 тэрбум төгрөгийг Хан-Уул дүүргийн 75-р сургуулийг нураах ажлыг монголын Засгийн газар өөрөө хийчихвэл Японы ЖАЙКА байгууллага Хан-Уул, Чингэлтэйд 600 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн байгальд ээлтэй, газар хөдлөлтийн хувьд хоргодох байр болохоор цогцолборыг барих ажлаа 2018 оны хавраас ажлаа эхлүүлэхэд бэлэн байна. 1 тэрбумаас илүү ашиг олох энэ боломжийг ашиглах боломж байна уу?

Мөн нийгмийн даатгалын сангийн алдагдал гэхэд 400 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй гарсан байна. Бид энэ үлдэгдлийг  аль болох ашигтай зүйлд зарцуулах тухай ярьсаар байгаа хэрнээ өнөөдрийг хүртэл үр дүнтэй байж чадахгй байна. Үүний 100 тэрбумыг нь эрүүл мэндийн даатгалын санд шилжүүлэх маягаар эмч, ажилтнуудын цалин урамшууллыг зохицуулбал 30-40 хувиар нэмэгдэх боломжтой байна. Гэтэл төсвийн тодотголд энэ зүйлийг тусгаагүй байна.

Мөн НХХЯ-наас дүүргүүдийн хөдөлмөр халамжийн хэлтсүүдэд өрхийг дэмжих, ахмадуудаа дэмжихэд зориулсан мөнгүүдийг өнөөдрийг хүртэл зарцуулж чадахгүй он гараад, хураагдах тухай ярьж байна. Гол асуудал нь дүүргүүдийн хөдөлмөр халамжийн хэлтсийн мэргэжилтнүүд яамнаас үүрэг өгөх ёстой гэж хүлээгээд, мөнгөө зарцуулж чадахгүй байна гэсэн тайлбар өгч байна.

Б.ЧОЙЖИЛСҮРЭН: ТӨСВИЙН ТОДОТГОЛ БАТЛАХ ХУГАЦАА ХЭТЭРХИЙ ХАВЧИГДМАЛ БАЙНА

Төсвийн тодотгол өөрөө их хавчигдмал цаг хугацаатай байгаа. Эцэслэн батлагдах гэсээр байтал сарын сүүл болно. Түүний дараа тендер зарлаад, ажлын гүйцэтгэлээ хийх гэсээр байтал тодотгол дээр суулгахад бэрхшээлтэй болох учир 75-р сургуулийг нураахад хөрөнгө оруулах бололцоо бага байна. Харин 2018 оны төсөвт энэ асуудлаар Засгийн газарт хандаж болно.

М.ОЮУНЧИМЭГ: САНХҮҮЖИЛТИЙГ НЬ 2017 ОНЫ ТӨСӨВТ СУУЛГАСАН ГЭСЭН МЭДЭЭЛЭЛ БАЙНА

ЖАЙКА байгууллагынхны надад өгсөн мэдээллээр бол 1-2 тэрбум төгрөгийг бид тусгасан. Улаанбаатар хотын Засаг дарга С.Батболд бас энэ асуудлыг Сангийн сайд мэдэж байгаа, төсвийн тодотголоор тусгасан гэсэн хариултыг бидэнд өгсөн. 1, 2-хон тэрбумаар хэдэн мундаг сургууль барих бололцоо байна.

САНГИЙН ЯАМНЫ ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА МӨНХ-ОРГИЛ:

Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар нийт 10 сургуулийг шинээр барьж өгөхөөр тохиролцоо хийсэн. Үүний тодорхой хэмжээний хөрөнгийг 2018 оны төсөвт суулгасан.

ШИНЭ МЭДЭЭ