2017.10.18
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Х.Нямбаатар: Нөхөн сэргээх нэрийн дор байгаль орчныг сүйтгэдэг явдлыг таслан зогсоогоорой

Өнөөдөр УИХ-ын чуулганаар Засгийн газрын гишүүдийг томилох асудлыг хэлэлцэж байна. Чуулганы ирц 63.5 хувьтай байна.

БОАЖ-ын сайдад Н.Цэрэнбатыг томилох асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар байр сууриа илэрхийллээ.

Х.НЯМБААТАР: БИД ХАМГААЛАХ ГЭДГЭЭС ИЛҮҮ ЗҮЙ ЗОХИСТОЙ АШИГЛАХ ГЭДЭГ КОНЦЕПЦЫГ ОРУУЛЖ ИРЭХ ХЭРЭГТЭЙ

Өнөөдөр сайд нар томилогдоод, Засгийн газар бүрэлдэхтэй холбоотойгоор манай сөрөг хүчин янз бүрийн ааш авир гаргаж байна. УИХ-ын гишүүд дотор давхар харъяалалтай хүн байна гэх хүний санаанд оромгүй зүйл ярьж, иргэд сонгогчдын анхаарлыг татаж, оюун санааны хүчирхийлэл хийдгээ О.Баасанхүү гишүүн болих хэрэгтэй..

Төрийн ордны тухай хууль гэж бий. Энэ танхимд ядаж энэ хуулиа хэрэгжүүлж эхлэх ёстой. Төрийн ордны тухай хуулиар ямар ч УИХ-ын гишүүн баннер өлгөнө гэсэн зохицуулалт байхгүй. Энэ бүх үйл ажиллагааг хориглосон хууль байгаа.

Н.Цэрэнбат нэр дэвшигчид санал хэлье.

Хүн болгоны амнаас гарч байгаа нэг л зүйл байна. Хариуцлагатай уул, уурхайн төлөө бүгд явах учиртай. Шинээр уул, уурхайн сайдаар томилогдох гэж байгаа Д.Сумъяабазар гишүүн, Н.Цэрэнбат гишүүн хоёр энэ салбартаа хамтран ажиллах гэрээ, үйл ажиллагааны чиглэлийг нэгтгэж боловсруулах хэрэгтэй.

Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжоор аймаг сумдын засаг дарга, иргэдийн хурал өнөөдөр байгаль сүйтгэх ажилд ханцуй шамлан орж байгаа олон тохиолдол байна.

Өөрөөр хэлбэл нөхөн сэргээлт нэрийн дор иргэд, нөхөрлөлүүдэд эвдэгдээгүй газар ухах эрхийг хуульчлан баталгаажуулж өгдөг үйлдлийг таслан зогсоож өгөөч ээ.

БОАЖЯ-наас нөхөн сэргээлтийн тусгай зөвшөөрөл авсан мэргэжлийн компаниудад нөхөн сэргээлт хийх зардлынхаа тодорхой хувийг ухаж ол гэдэг сонин эрхзүйн орчин үйлчилж байгааг таслан зогсоо.

Өнөөдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө сумын орчинд албан бус тоогоор 550 орчим 2900 загварын экскаветор ажиллаж, хууль бус замаар алт ухаж байгаа гэсэн дүн мэдээ байна. Үүнд ямар ч нийгмийн даатгал, татвар төлөлт байхгүй, нөхөн сэргээлт байхгүй.

ЦЕГ-ын бие бүрэлдэхүүнд гарах мэдээллийг урьдчилж аваад, техникээ нуун далдалдаг сөрөг мэдээлэл байна.

Бид хамгаалах гэдэг концепцийг урдаа тавиад байгаа. Бид уг нь хамгаалахаас гадна зүй зохистойгоор ашиглах гэдэг концепц руу явах ёстой.

Мөн хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр анхаараарай.

ШИНЭ МЭДЭЭ