Х.Нямбаатар: Ард түмнээсээ ургадаг хоёр засаглал цаг ямагт сөргөлдөж байна
2017.11.02
Улстөр

Х.Нямбаатар: Ард түмнээсээ ургадаг хоёр засаглал цаг ямагт сөргөлдөж байна

УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын "Засгийн газрын гишүүдийг томилох тухай" тогтоолд хэсэгчлэн хориг тавьсан билээ. Өөрөөр хэлбэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг Засгийн газрын гишүүнээр томилоход ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн үзсэн юм.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар байр сууриа илэрхийллээ.

Х.НЯМБААТАР: ГАНЦ ОРЛОГО ОЛЖ БАЙГАА ЗҮЙЛЭЭ УЛСТӨРЖИЛТИЙН СЭДЭВ БОЛГОЖ БОЛОХГҮЙ

Польшоос өөр манай улстай адил хагас Ерөнхийлөгчийн засаглалтай улс орон байхгүй. Ард түмнээсээ ургадаг энэ хоёр засаглал цаг ямагт сөргөлдөж, магадгүй бодит хөгжлийн саад тотгор болсон гэж НҮБ-ийн санхүүжилтээр хийгдсэн Үндсэн хуулийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийсэн эрдэмтдийн судалгааны баг тайлагнасан.

2018 оны Улсын төсөв хэлэлцэж дуусаад Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэх хэрэгтэй.

Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах тухай асуудал яригдахгүй. Учир нь ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийн хувьд бүрэн эрхээ эдэлнэ.

Магадгүй 2024 оноос хойш сонгогдож ажиллах парламент жинхэнэ сонгодог утгаараа засаглалаа хэрэгжүүлэх үү гэдгийг шийднэ. Үндсэн хууль 25 жилийн хугацаанд жинхэнэ ардчиллын зам руу шилжүүлэх үүргээ гүйцэтгэсэн. УИХ-д сууж байгаа зарим хүмүүс энэ Үндсэн хуулинд гар хүрэх ёсгүй гэсэн хандлагатай байдаг.

Бид хэн нэгний автор бүтээлийг хамгаалж ирээдүй хойч үеийнхээ хөгжлөөс хойш татаж болохгүй.

Ойрын үед Ерөнхийлөгчийн тавьсан хоригтой холбоотойгоор олон нийтийн мэдээллийн хэрэгсэл лиценз гэдэг ойлголтыг нийт ард түмэнд мангас болгож харагдуулж байна. Монгол Улсын тэргүүлэх салбар гарцаа байхгүй уул уурхайн салбар. Энэ салбар ашигт малтмалын лицензийг эзэмших замаар эрэл хайгуулын ажил хийж, нэмүү өртөг шингэсэн уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар үйл ажиллагаагаа явуулдаг. Ганц орлого олж байгаа зүйл болгоноо улстөржилтийн сэдэв болговол улс орны эдийн засаг улам хүнд байдалд орно.

ШИНЭ МЭДЭЭ