МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2017.11.14
Эдийн засаг, Худалдаа

М.Оюунчимэг: Арилжааны банкуудын зээлийн хүүгийн асуудлаар УИХ нээлттэй хэлэлцэх хэрэгтэй

Өнөөдөр /2017.11.14/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Төрөөс 2018 онд баримтлах мөнгөний бодлогын талаар хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг байр сууриа илэрхийллээ.

М.ОЮУНЧИМЭГ: БОДЛОГЫН ЧАНАРТАЙ ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ ТОМЪЁОЛСОН, ХАМГААЛСАН, ТОДОРХОЙГҮЙ ЗААЛТУУД ИХ ОРСОН БАЙНА

Мөнгөний бодлогын гол агуулга нь хөрөнгө оруулах, бизнес эрхлэх зах зээлээ дэмжсэн, итгэлийг сэргээсэн, түүнийг хадгалах үүднээс ирээдүйд чиглэсэн мөнгөний бодлогыг тусгаж оруулах талаарх асуудал юм.

Хүн болгонтой холбоотой асуудал бол зээлийн хүү. Ирж байгаа өргөдөл, гомдлын 70-80 хувь нь зээлийн хүүтэй холбоотой асуудал байна. 3, 4 жил төлөөд байгаа боловч хүүгийн хүү бодсоор байтал үндсэн зээлээс нэг төгрөг ч хасагдахгүй байгаа шалтгааныг олж, хяналт шалгалт тавих хэрэгтэй.

Арилжааны банкуудын зээлийн хүүг бодох  аргачлал болон үндсэн зээлийн хүү буурахгүй байгаа шалтгааныг УИХ-аар нээлттэй хэлэлцэх саналыг би тавья.

Сүүлийн 2 жил Монголбанк эдийн засгийн хамгийн хүнд үеийг хүлээж авсан. Энэ үед хамгаалсан бодлого авч хэрэгжүүлсний дүнд валютын нөөц 2 тэрбум гаруй доллар болж байна. Тиймээс одоо зах зээлээ тэлсэн, зах зээл рүүгээ чиглэсэн арга хэмжээ авч байж ажлын байр нэмэгдүүлж, иргэд орлоготой болно. 2018 оны мөнгөний бодлого дээр дорвитой өөрчлөлтүүд хийхийг тодорхой зааж өгөх хэрэгтэй.

Эдийн засгийн байнгын хороон дээр “Иргэд аж ахуйн хуримтлалыг дэмжиж, бодлогын хүүг бууруулах” заалт дэмжигдээгүй. Энэ мэт тодорхой заалтуудыг хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол бодлогын чанартай гэхээсээ илүү томъёолсон, хамгаалсан, тодорхойгүй заалтууд их орсон байна.

ШИНЭ МЭДЭЭ