МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

С.Чинзориг: Багш нарын эрхийг хамгаалах байгууллагууд зөрчилтэй байна
2017.11.14
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

С.Чинзориг: Багш нарын эрхийг хамгаалах байгууллагууд зөрчилтэй байна

Багш нарын ажил хаялттай холбоотойгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийн байр, суурийг сонслоо.

Багш нар хугацаагүй ажил хаялт зарлахаа мэдэгдлээ. Засгийн газрын зүгээс багш нартай дахин хэлэлцээр хийх үү?

-Багш  нарын Үйлдвэрчний эвлэлийн холбоо хугацаагүй ажил хаялт зарласнаа мэдэгдлээ. Энэ бол Хөдөлмөрийн хуулиар зохицуулсан ажил хаях харилцааг зөрчсөн хууль бус ажил хаялт гэж харж байна. Ажил хаялтыг хуулиар  нарийн зохицуулдаг.

Ажил олгогч, Үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай байгуулсан хамтын гэрээ  хэлэлцээрээ хэрэгжүүлэхгүйн улмаас хамтын маргаан үүсч эвлэрүүлэн зуучлагчийн болоод Хөдөлмөрийн арбитрын оролцоотойгоор шийддэг хуультай.

Хөдөлмөрийн арбитрын эцсийн шийдвэр гаргасан нөхцөлд энэ шийдвэрийг ажил олгогч хэрэгжүүлээгүй бол ажил хаях эрх нээгддэг эрх зүйн үндэслэлтэй. Тэгэхээр багш нарын Үйлдвэрчний эвлэлийн байгууллага Засгийн газар юм уу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай хөдөлмөрийн маргаан үүсгээгүйн дээр үүсгэх хүсэлт өгсөн зүйл алга.

Мөн Засгийн газар ҮЭ-ийн байгууллагуудтай хамтраад 2017-2018 оны улсын гурван талт хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулсан. Цалин хөлсийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх арга хэмжээ авахаар гэрээнд тусгаж гарын үсэг зурсан. Хөдөлмөрийн хуулиар талууд хэлэлцээ хийж байгаа шатанд болон гэрээнд гарын үсэг зурсан нөхцөлд ажил хаялтыг хориглодог.

Тиймээс эдгээр хууль эрх зүйн нөхцөл бүрдээгүй учраас энэ удаагийн ажил хаялтыг хууль бус гэж үзэж байна. Үүнээс гарах ямар нэгэн үр дагаврыг хууль зөрчсөн үйл ажиллагаа зохион байгуулж буй Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо хариуцах ёстой.

Гурван талт хэлэлцээрийн шатанд багш нарын төлөөлөлтэй ойлголцсон гэж хэлж байсан. Юунаас болоод ажил хаяхаар болчихов?

-Сангийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдын хамтарсан тушаал гаргаад багш нарын ҮЭ-ийн холбоод багш нарын цалин нэмэгдүүлэх түр хорооны төлөөллийг оролцуулсан багш нарт олгодог нэмэгдэл хөлс, урамшууллыг боловсронгуй болгох талаар ажиллаж байна.

Багш нарын төлөөлөл буюу Цалин нэмэгдүүлэх түр хорооныхон гурван сайдын тушаалаар байгуулсан Ажлын хэсэгт орж ажиллаад нэмэгдэл хөлс,урамшууллыг боловсронгуй болгох саналд нэгдээд Засгийн газрын явуулж байгаа бодлого шийдвэрийг дэмжиж гарын үсэг зурсан. Өөрөөр хэлбэл, үг хэлээ ололцсон учраас ажил хаялтад оролцохгүй гэсэн.

Гэтэл нөгөө талд үүнээс өмнө Цалин нэмэгдүүлэх түр хорооны ажил хаялтыг дэмжихгүй байсан Үйлдвэрчний эвлэлийн холбоо өнөөдөр эсрэгээрээ ажил хаялт зохион байгуулж байгаад гайхаж байна. Өөрөөр хэлбэл, багш нарын эрх ашгийг хамгаалж байгаа байгууллагууд хоорондоо үзэл бодол нийлэхгүй зөрчилдөж байна. Засгийн газрын саналыг нэг хэсэг нь дэмжихгүй, нөгөө хэсэг нь дэмжинэ гэж хоёр хуваагдчихаад маргаад байна.

Ажлын хэсгийн дүгнэлтэд багш нарын урамшууллын асуудлыг өргөн хүрээтэй авч үзсэн байсан. Талууд ямар гарц гаргалгаан дээр санал нэгдсэн бэ?

-Багш нарын нэмэгдэл, нэмэгдэл хөлс олгох талаар сайд нарын хамтарсан 10 гаруй журмыг мөрдөж байгаа нь хэт олон, хүндрэлтэй байна гэж үзээд багш нарын төлөөлөлтэй уулзаж ярилцсаны үндсэн дээр нэгтгэж, хүчингүй болгож, цөөлөхөөр болсон.

Үүнийг Цалин нэмэгдүүлэх түр хорооныхон дэмжиж гарын үсэг зурж ойлголцсон. Боловсролын сайдын багцаас зохицуулалт хийж гурван тэрбум төгрөгийг багш нарын урамшуулалд нэмж олгох, мөн төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг олгох,  216 мянган төгрөгийн нэмэгдэл урамшуулал өгөх эх үүсвэрийг бий болгосон.

Өөрөөр хэлбэл, багш нарт  516 мянган төгрөгийн урамшууллыг энэ онд багтаж олгохоор болж бүх талаасаа ойлголцсон.  Багш нарын ажлыг сар бүр дүгнэж шинээр гаргаж буй журмын дагуу урамшуулал олгох боломжтой. Гурван талт нэмэлт хэлэлцээр хийж, нэмэгдэл хөлс урамшуулал олгох асуудлыг багш нартай хамтарч тохиролцоонд хүрсэн. Тулгамдаж байгаа асуудлуудыг шийдэх гарцуудыг олж санал солилцож, эх үүсвэртэй холбоотой асуудалд Засгийн газар анхаарч байна.

Анги дүүргэлтийн ачааллаас хамаарч урамшуулал олгох талаар Ажлын хэсгийн дүгнэлтэд дурдсан байсан?

-Улаанбаатар болон аймгийн төвүүдэд хүн ам шигүү суурьшиж байгаа бүсүүдэд анги дүүргэлт өндөр байна. Жижиг сумдад арай бага байдаг. Гэхдээ хөрөнгө мөнгөний асуудлыг хамаагүй зохицуулчихаж болохгүй. Анги дүүргэлт өндөр байгаа ангиудын багш нарт олгох зардлын хувийг нэмэгдүүлэх гарц бий.

Ер нь төрийн үйлчилгээний алба хаагчдын ачаалалтай, ур чадвартай, үр дүнтэй ажиллаж байгаад  цалингийн жишиг сүлжээнээс дээгүүр цалин олгох боломж төсөв захирагчдад бий.

Ажил хаялт даамжирвал Засгийн газраас ямар арга хэмжээ авах вэ?

-Монгол хуультай орон учраас аливаа үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдах ёстой. Ажил хаялтыг нарийн зохицуулсан хуулийн заалтуудын аль нь ч хангагдаагүй нөхцөлд ажил хаяж байгаа  нь хууль бус. Тиймээс Засгийн газар хоёр арга хэмжээ авах бүрэн боломжтой. Нэгдүгээрт, шүүхэд гомдол гаргах эрхтэй.

Хоёрдугаарт, шүүхийн шийдвэр гартал нийгэмд үзүүлэх сөрөг үр дагавар өндөр байна гэж үзвэл ажил хаялтыг 14 хоногоор хойшлуулах шийдвэр гаргаж болно. Шүүх энэ асуудлыг авч үзээд Хөдөлмөрийн хуулийн харилцааны дагуу явагдаагүй гэж үзвэл үүнийг зохион байгуулсан болон оролцсон хүмүүст цалин хөлс олгохгүй байх. Магадгүй ажил олгогч ажлаас халах эрх нээлттэй.

Тиймээс ажил хаялтыг зохион байгуулж буй байгууллагууд Хөдөлмөрийн хуулийн дагуу явж байна уу гэдгийг эргэж харах хэрэгтэй.

СЭТГҮҮЛЧ С.УЯНГА

ШИНЭ МЭДЭЭ