Х.Нямбаатар: Том төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөх талаар нээлттэй хэлэлцүүлэг хийх хэрэгтэй
Өнөөдөр /20174.11.16/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар асуулт асуулаа.
Х.НЯМБААТАР: ТОМ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮДЭЭ ХӨДӨЛГӨХ ТАЛААР ЯМАР ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙГАА ВЭ?
Тойргоос сонгогдсон бүх гишүүд өөрсдийн тойрогтоо төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхийг эрмэлзэж байгаа. Шинээр хэрэгжиж байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил болгоны ард тууз хайчлах нэг хэрэг. Харин тэр бүтээн байгуулалтын урсгал зардалд төсөв дээр жилээс жилд нэмэгдэж байгаа. Бид магадгүй 2019 онд төсвийнхөө ачааллыг дийлэх эсэхээр Мөнгөний бодлого дээр хэлэлцэх ёстой.
Жижиг, дунд үйлдвэрийг ярьж байна. Бид жижиг, дунд үйлдвэрийг өрөөсгөл утгаар ойлгоод байна. Эсгий таавчик, дээл хувцас оёхыг жижиг дунд үйлдвэр гэж төсөөлөөд байдаг.
Гэтэл үнэн хэрэгтээ том төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байж, дагалдаж хийгддэг жижиг эд ангиудыг үйлдвэрлэдэг үйлдвэрүүдийн талаар бид ярихгүй байна.
Эдийн засгийн байнгын хорооноос асууя. Ирэх онд томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ гэж ярьж байна. Маш олон асуудлууд жилээс жилд хуримтлагдаж байгаа. Жилд дунджаар 55 мянга орчим хүн хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэгдэж байна. Гэтэл томоохон үйлдвэр, аж ахуйн нэгжүүд нээгдэж байгаа зүйл байхгүй. Өнгөрсөн 4 жилийн харалган бодлогоос шалтгаалж маш олон аж ахуйн нэгж байгууллагууд хаалга, үүдээ барьсан. Одоо бид жил болгон 55 мянган хүнээр нэмэгдэж байгаа, хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүч болж байгаа хүмүүсээ хаана шингээх вэ? Жил болгон улсын төсвөөр шинэ хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа сургууль,цэцэрлэг, зам харгуйнхаа урсгал зардлын төслийг хаанаас татварын бааз суурь болгож нэмэгдүүлэх вэ?
Татварын албадууд бол хэдэн татвар төлөгчдийн нурууг гартал бааз суурийг нь шавхаж байгаа. Одоо бид шинэ эх үүсвэрийн эрэлд гарах хэрэгтэй.
Том төсөл хөтөлбөрүүдээ намчирхалгүй, популизм хийлгүй, нутархаглалгүй, фракцлалгүй явуулах тал дээр яг яамр тодорхой, бодитой ажлуудыг хийх гэж байна?
Нэгдүгээр сард энэ төлсийн талаар нээлттэй хэлэлцүүлэг хийгээд, үүний дагуу гаргах шийдвэрийн төлөвөлөгөө байна уу? Том төсөл хөтөлбөр явуулахгүйгээр улс орны ирээдүйг дүгнэж, цэгнэх бэрх. Ямар төлөвлөгөө графикаар том төсөл хөтөлбөрүүдийг явуулахаар шийдвэр гаргах байгууллагад оруулж ирэх гээд төлөвлөж байна вэ?
Д.ДАМБА-ОЧИР: ТОМООХОН ҮЙЛДВЭРҮҮДИЙГ ДАГАСАН ҮЙЛДВЭРҮҮД ГАРАХ ЦАГ БОЛСОН
Техник, эдийн засгийн ТЭЗҮ боловсруулагдсан, санхүүжилт бэлэн болсон, ирэх хавар барилгын ажил явагдах төслүүд их цөөхөн байна. Засгийн газарт үүрэг өгөөд, шамдуулах хэрэгтэй байгаа. Мөн төмөрзамаас эхлүүлээд төсөл хөтөлбөрүүдийн талаар улстөрийн шийдлүүдийг гаргах хэрэгтэй. Үүний дараа том төслүүд хөдлөх боломжтой болж ирнэ.
Эрдэнэт, Оюутолгой, Багануур зэрэг томоохон аж ахуйн нэгжүүдийн импортоор авдаг бараа бүтээгдэхүүнүүдийг монголдоо үйлдвэрлэдэг болох төрийн бодлого боловсруулах зүйтэй байна. Японд Тоёотаг дагаад 1200 гаруй аж ахуйн нэгж үйлдвэрүүд байдаг. Энэ зарчмаар явах цаг болсон гэж бодож байгаа. Үүнийг дагаад ажлын байр, үйлдвэрүүд бий болно. Тиймээс томоохон аж ахуйн нэгжүүдийг дагасан, импортыг орлох тоног төхөөрөмжүүдийг монголдоо үйлдвэрлэх цаг нь болсон.
Х.НЯМБААТАР: ТОМ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮДИЙН ТАЛААР ГИШҮҮДЭД НЭЭЛТТЭЙ ТАНИЛЦУУЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА
Энэ том төсөл хөтөлбөрүүдээ гишүүдэд нээлттэй танилцуулах хэрэгтэй байна. Графикаа гаргаж ирээд, аль төсөл хаана гацаад байгааг, аль нь улстөрийн шийдлээ хүлээж байгаа, аль нь хөрөнгө оруулалт хүлээж байгаа гэдгийг ярих хэрэгтэй.
Д.ДАМБА-ОЧИР: ЭНЭ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Эдийн засгийн байнгын хороон дээр энэ асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна. Том төсөл хөтөлбөрүүдийн талаар нээлттэй хэлэлцүүлэг хийнэ. Үүний дараа гишүүддээ танилцуулна.