УУХҮ-ийн сайд Налайх, Сонгинохайрхан дүүрэгт ажиллаа
2017.11.17
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

УУХҮ-ийн сайд Налайх, Сонгинохайрхан дүүрэгт ажиллаа

2017 оны байдлаар Налайх дүүрэгт 111 тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаагийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 75, хайгуулын тусгай зөвшөөрөлтэй 36 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна.

Д.Сумъяабазар сайд “Хүний аминаас илүү зүйл гэж байх учиргүй. Төр иргэнээ хамгаалах үүрэгтэй. Иймд суурьшлын бүсээс үйлдвэрийн бүсийг гаргах талаар УУХҮЯ, НЗДТГ хамтран ажиллана. Налайх дүүрэгт олгогдсон энэ олон лиценз эзэмшигч аж ахуйн нэгжүүдийг цэгцлэж, хариуцлагатай болгохоор төрийн байгууллагууд уялдаатай ажиллах ёстой. Хэрвээ шаардлага тавиад засагдахгүй бол лицензийг нь түдгэлзүүлэх, цаашлаад цуцлах хүртэлх арга хэмжээ авч ажиллана. Шаардлагатай бол хууль журмандаа өөрчлөлт оруулах болно” хэмээн уулзалтын үеэр мэдэгдлээ.

УУХҮ-ийн сайд уулзалтын дараа осол болсон нүүрсний бичил уурхайн цооног дээр очиж, холбогдох хүмүүстэй уулзсан юм. Ингээд Налайх дүүргээс ирсэн даруйдаа салбарын яамны холбогдох хүмүүстэй өргөтгөсөн шуурхай хурал зарлаж, хувиараа ашигт малтмал олборлогчдын асуудалд ажлын хэсэг байгуулахаар боллоо.

     Харин Монгол Улсын хүн амын 10 орчим хувь нь оршин суудаг Сонгинохайрхан дүүргийн тухайд, суурьшлын бүсэд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож, үйлдвэрлэл эрхэлж буй нь иргэдийн амьдралд ихээхэн хохирол учруулж байна.

Сонгинохайрхан дүүрэгт нийтдээ 153 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүнээс түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын 33 тусгай зөвшөөрөл, 2378 га талбайд ашиглалтын 11 тусгай зөвшөөрөл 574,4 га талбайд нийт 44 тусгай зөвшөөрөл 2952,4 га талбайд олгогджээ. Үүнээс ашиглалтын тусгай зөвшөөрлөөр хайрга, дайрганы тав, шаврын зургаан ордод олборлолтын үйл ажиллагаа явуулдаг байна.

 Тус дүүргийн наймдугаар хороонд үйл ажиллагаа явуулж байгаа “Найрамдал” шаврын ордод УУХҮЯ, АМГТГ, НИТХ, НЗДТГ, НМХГ-ын төлөөллүүд газар дээр нь очиж, нөхцөл байдалтай танилцсан юм. Уг хороонд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа тоосгоны үйлдвэр нь тоосжилт ихээр ялгаруулж, хүнд даацын машинууд гэр хорооллын дундуур ашигт малтмал зөөж буй нь тухайн орон нутгийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөөр байгаа билээ.

Эл асуудлыг Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд анхааралдаа авч, асуудлыг нэн дариу шийдвэрлэх үүргийг холбогдох албаныханд өглөө.

Цаашид салбарын яамнаас суурьшлын бүсэд үйлдвэрлэл эрхлэх ажлыг ойрын хугацаанд цэгцлэх ажлын хэсэг байгуулж, байгальд ээлтэй, орчин үеийн технологийн шийдэл бүхий үйлдвэрүүдийг бий болгох талаар анхаарлаа хандуулж ажиллан, хариуцлагатай уул уурхайд түшиглэсэн бодлого барин ажиллахаа мэдэгдсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ