МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ё.Баатарбилэг: Нийтийн сонсгол явуулах эрх зүйн орчин байна уу гэдгийг тодорхой болгох чиглэл өгсөн гэж ойлгосон
2017.11.24
Улстөр

Ё.Баатарбилэг: Нийтийн сонсгол явуулах эрх зүйн орчин байна уу гэдгийг тодорхой болгох чиглэл өгсөн гэж ойлгосон

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгээс тодрууллаа.

-Сүүлийн үед олны анхаарлыг татсан сэдэв БНСУ-д Элчин сайдаар томилуулах асуудал болоод байна.  Энэ хүрээнд УИХ-ын нэр бүхий  гишүүн Нийтийн сонсгол явуулах албан бичгийг Их хурлын даргад хүргүүлсэн. Гэсэн хэдий ч  Нийтийн сонсгол явуулж болно, болохгүй гэсэн хоёр янзын байр суурь байна л даа..?

- Нийтийн сонсголын тухай хууль батлагдсан. Уг хууль батлагдсан ч өнөөдрийг хүртэл  тус хуулийн хүрээнд нийтийн сонсгол одоогоор явуулаагүй байна. Таны хэлсэнчлэн Элчин сайдыг томилох асуудлын хүрээнд  Нийтийн сонсгол явуулах талаар гишүүдийн дунд нэлээд маргаан  маргаан боллоо. Хуульчдын хэлж буйгаар нийтийн сонсгол явуулах зарчим нь УИХ-ас томилогддог гэхээр АТГ-ын дарга, Үндэсний статистикийн газрын дарга, сонгуулийн ерөнхий газрын дарга гэхчлэн тодорхой тооны цөөн албан тушаалтан хамаардаг. УИХ-ын даргын гарын үсэгтэй тогтоолоор томилогддог.

- Элчин сайдыг Монгол Улсын нэрийн өмнөөс томилж явуулдаг болохоор  тухайн оронд амьдарч буй иргэдийнхээ  эрхийг хамгаалдаг тул нийтийн сонсгол зайлшгүй явуулах шаардлагатай гээд байгаа?

- Элчин сайдыг Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-д зөвшилцөхөөр оруулж ирдэг. Монгол улсыг төлөөлдөг Элчин сайдыг Ерөнхийлөгч томилдог, эргүүлэн татдаг гэж ойлгодог. Тэр утгаараа өмнөх Элчин сайдыг эргүүлэн татсан байна лээ. Элчин сайд УИХ-аас томилогддог албан тушаалтан биш учраас Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу Нийтийн сонсгол явуулах боломжгүй юм байна гэдэг тайлбарыг УИХ-ын Тамгын газрын хуульчид өгч байгаа. Тиймээс УИХ-аас Аюулгүй байдал, гадаад бодлогын  байнгын хороонд  Нийтийн сонсгол явуулах эрх зүйн орчин байна уу гэдгийг тодорхой болгох чиглэл өгсөн гэж ойлгоод байгаа шүү дээ.

-Ойлгомжгүй, тодорхойгүй энэ байдал хэзээ арилах вэ. Яах бол гэсэн хүлээлт л их байна?

- Нийтийн сонсголын тухай хуулийн хүрээнд энэ асуудал яригдаад явна гэвэл 14 хоногийн дотор нийтийн сонсгол явуулах ёстой. Миний ойлгосноор уг томилгоотой холбоотойгоор Нийтийн сонсголын тухай хууль хэрэглэгдэх үү гэдэг нь өөрөө маргаантай байгаа. Удахгүй Их хурал энэ гацаанаас гарах байх.

-Ер нь бол  Нийтийн сонсгол явуулахаар Ж.Батзандан нарын 21 гишүүн гарын үсэг зурсан албан бичгээ Их хурлын даргад өргөн барьсан. Хуулийг дагаж мөрдөх үү? Яах уу? Гэхээс өмнө 21 гишүүний бүрэн эрхийг хүндэтгэж ёстой гэж яриад байгаа л даа..?

- Элчин сайдын томилгоотой холбоотойгоор 21 гишүүн Нийтийн сонсголын тухай хуулийн хүрээнд  Нийтийн сонсгол явуулах шаардлагатай гэсэн албан бичиг өгсөн  юм билээ. Гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд  тодорхой асуудлаар Их хуралд асуулга тавих эрх нь нээлттэй. Тухайн асуудлаар нь мөрдөгдөж буй хуулийн хүрээнд байна уу гэдэг нь өөрөө асуудал болчихлоо. Тухайлбал, Нийтийн сонсголын тухай хуулиар зохицуулагдахгүй асуудлыг өргөн барьсан бол хэдэн ч гишүүн байсан хамаагүй хуулийн дагуу л байх ёстой. Түүнээс биш Их хурал дээр хэлэлцэгдээгүй, процесс явагдаж байгаа тохиолдолд ямар нэгэн байдлаар хэн нэгэнд “бөлдөгдүүлсэн” гэдэг юмуу, ашиг сонирхлын зөрчилтэй байна гэдэг ташаа мэдээлэл нийгэмд яваад байна лээ.

-Үнэхээр бөлдөгдүүлчисэн юм биш үү. Бүгд л биеэ хайцайлах янзтай байна?

- Тийм юм байхгүй.

-Тусгай хяналтын дэд хороогоор Б.Хурцын  асуудлыг хэлэлцэх байх? Тус хороо хэзээ хуралдах вэ?

- Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүний зарим гишүүд өнөөдөр /өчигдөр/ өөрчлөгдсөн. Намын бүлгүүдээс гишүүд нэр дэвшиж байнгын хороон дээр дэмжлэг авсныг УИХ тогтоолоор баталсан. Ямар хороогоор баталсан. Ямар хороогоор хэзээ орохыг мэдэхгүй байна.

Сэтгүүлч Э.Болд

ШИНЭ МЭДЭЭ