2017.12.07
Олон улсын хөгжлийн ассоциацийн 120 сая ам.долларын зээл авах хэлэлцээрийг баталлаа
Засгийн газраас өчигдөр яаралтай хэлэлцүүлэхээр “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр: Нэгдүгээр хөгжлийн бодлогын санхүүжилт”-ийн санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Үүний дагуу өнөөдөр УИХ-аар хэлэлцэж баталлаа.
“Нэгдүгээр хөгжлийн бодлогын санхүүжилт”-ийн бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр Дэлхийн банкны хөнгөлөлттэй эх үүсвэрийн санхүүжилт буюу Олон улсын хөгжлийн ассоциацийн 120 сая ам.долларын зээлийг төсвийн алдагдал нөхөх төсвийн дэмжлэг байдлаар авна. Дэлхийн банкны ОУХА-ийн зээл нь 30 жилийн хугацаатай, үүнээс эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх ба зээлийн хүү нь жилийн 1.25 хувь, бусад шимтгэл 0.75 хувийг нэмсэнтэй тэнцүү байна.
Хуулийн төслийн талаархи Байнгын хорооны санал дүгнэлтийн УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцуулсан юм.