МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Гилеад Саинсис” компанийн Ази-номхон далайн орнууд хариуцсан захирал Бен Кемаркыг хүлээн авч уулзлаа
2017.12.11
Эрүүл мэнд

“Гилеад Саинсис” компанийн Ази-номхон далайн орнууд хариуцсан захирал Бен Кемаркыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг өнөөдөр (2017.12.08) “Гилеад Саинсис” компанийн Ази-номхон далайн орнууд хариуцсан захирал Бен Кемаркыг хүлээн авч уулзав.

Уулзалтад УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, “Омбол” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Төмөрбат нар байлцлаа.

“Гилеад Саинсис” компани Монгол Улсад “Хүртээмж” хөтөлбөр хэрэгжүүлэн, элэгний С вирусийг устгах үйлчилгээтэй “Харвони” эмийг нэн хямд үнээр олгох, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн санаачилгаар Архангай аймгийн 45-60 насны, элэгний С вирустэй хүмүүсийг дээрх эмээр үнэгүй эмчилж, хөтөлбөрөө бүрэн хэрэгжүүлж дуусгасан байна.

Уулзалтын эхэнд байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг “Хүртээмж” хөтөлбөр Архангай аймагт амжилттай хэрэгжсэн гээд дээрх сайн туршлагыг олон нийтэд сурталчилах нь чухал гэдгийг энэ үеэр онцолсон юм.

Ноён Бен Кемарк “Архангай аймгийн С вирустэй иргэдийг “Харвони” эмээр үнэ төлбөргүй эмчлэх төсөл маань хэрэгжиж дууслаа. Үнэндээ Архангай аймагт хэрэгжсэн энэ төсөл амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлгүй байсан. Тийм ч учраас энэ төслийг хэрхэн амжилттай хэрэгжүүлсэн талаарх туршлагыг Монголын 21 аймаг, дэлхийн бусад улс оронд түгээн сурталчлах нь чухал гэдгийг хэлмээр байна” гэлээ.

Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг “ ”Хүртээмж” төслийг анхнаас нь дэмжиж ажилласан ноён Бен Кемаркт чин сэтгэлийн талархал илэрхийлье. Монгол Улсын Засгийн газраас “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг баталж, 21 аймагт хэрэгжүүлж байгаа бөгөөд 2020 он хүртэл үргэлжилнэ. Манай Архангай аймагт дээрх төслийн эхний шатыг ийнхүү амжилттай дуусгалаа. Иймээс бидний энэ туршлагыг 21 аймаг, 9 дүүрэгт сурталчилах тал дээр таньтай санал нэг байна” хэмээн онцлон хэлэв.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, “Гилеад Саинсис” компанийн “Харвони” эмийн эмчилгээний үр дүн маш өндөр байгааг онцлоод “Монгол Улсын Засгийн газар “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд 2020 он гэхэд элэгний С вирусгүй улс болох зорилтыг тавин ажиллаж байна. Тиймээс та бидний хамтын ажиллагаа энэ зорилгод хүрэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн онцоллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ШИНЭ МЭДЭЭ