Ж.Энхбаяр: Сонгогчдынхоо итгэлийг алдаж буй хамгийн том зүйл нь татвар нэмэх асуудал
2018.01.09
Эдийн засаг, Худалдаа

Ж.Энхбаяр: Сонгогчдынхоо итгэлийг алдаж буй хамгийн том зүйл нь татвар нэмэх асуудал

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраас тодрууллаа.

-Он гарсаар гурван төрлийн татвар нэмэгдсэн. Таны хувьд татвар нэмэх дээр эсрэг байр суурьтай байгаагаа өөрийн цахим хуудсаараа илэрхийлсэн. Цаашид ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-2016 оны УИХ-ын сонгуульд МАН орохдоо татвар нэмэхгүй, шинэ төрлийн татвар бий болохгүй гэсэн амлалт өгсөн. Энэ амлалтыг сонссон ард түмэн биднийг сонгосон. Тиймээс ард түмний сонголтод хүндэтгэлтэй хандах ёстой. Тиймээс шинэ татварын төрлийг дэмжихгүй байгаа юм. 72 мянган хүнд хамаарах татварын өөрчлөлтөөр 50 орчим тэрбум төгрөгийн орлого төвлөрнө гэсэн тооцоо байгаа. Энэ нь өөрөө нийгмийг чирч яваа, хөдөлмөрөө илүү үнэлүүлж чадаж байгаа 70 мянган хүн шүү дээ. Нэг хүний ард дор хаяж 3-5 хүний амьдрал холбоотой байгаа.  
Тэгэхээр энэ ганц 70 мянган хүний асуудал биш,  300-400 мянган хүний асуудал болж хөндөгдөж байгаа. Цалингийн системийг дагаад ипотекийн зээлээс эхлээд авто машин гээд олон зээл уялдсан. 25 хувийн татвар нь нэг сарын ипотекийн зээлийг төлөх хэмжээний буй амьдрал зохицуулах  хэмжээний татвар бодчихоод байна л даа. Үүнийг дагаад хүмүүсийн амьдралд доргилт үүснэ. Үүнийг зохицуулна гэхээр эргээд банк санхүүгийн системийг дагасан хүндрэлүүд үүснэ.
Тэгэхээр энэ нь 1.5 сая төгрөгөөс дээш орлого олж байгаа хүмүүсийн асуудал биш эргээд нийгэм, үл хөдлөх хөрөнгө, банк санхүүгийн асуудал болон хөндөгдөх вий гэж байгаа юм. Улс төрийн том намын хувьд том амлалтаа эргэж хар. Сонгууль болоход сонгогчдынхоо итгэлийг алдаж буй хамгийн том зүйл нь энэ татвар нэмэх асуудал. Иргэд өөрсдийнхөө амьдралаа мэдэрч байгаа шүү дээ. Түүн дээр нь ийм хүчтэй цохилт өгч байгаа нь зөв зүйл биш.
Би 10 сая төгрөгийн авто машинаа борлууллаа гэхэд 25 хувийг татварт өгөх хэмжээтэй буюу бүхий л хөдлөх, үл хөдлөх хөрөнгө барьцаатай холбоотой асуудлууд хөндөгдөнө. Энэ нь хүндрэлтэй тусах гээд байна.
-Татвар нэмэх асуудгаа эргэж харах боломжгүй юм болов уу?

-Хууль нэгэнт үйлчлээд эхэлчихсэн. Нэг жилийн хугацаанд зураг авалт хийгээд үзнэ дээ. Үнэхээр орлого нэмэгдэж үү, татварын суурь бааз сайжирч уу гэдгийг аль нь зөв байж гэдгийг аль аль талдаа хяналт сайтай харна

-Өөр бодитой эх ззэсврэийг гаргаж ирэх боломжгүй юу? ОУВС-тай дахин хэлэлцээрийн ширээний ард суух боломжгүй гэж үү?

-Нийгэм юу хүсээд байна гэхээр баялгийг шударга хуваарилалтыг хүсэж байгаа. Төрийн өмчийн асар их аж ахуй нэгж байна. Үүнийг хувьчлах цаг болсон. Их хувьчлал хийх цаг болсон. Хөрөнгийн зах зээлээрээ дамжуулаад хоёр дахь зах зээлийг нээж өг. Эрдэнэт төрийн өмчит байснаасаа илүү Монголын гурван сая иргэн хувьцаа хэлбэрээр эзэмших нь илүү үр дүнтэй. Эрдэнэс таван толгойн асуудал байна. Төрийн өмчийн компаниас илүү иргэдэд нээлттэй хувьцаа болгон баялаг болгоод өгөх хэрэгтэй.

Манай хүн амын 80 гаруй хувь нь 40-өөс доош насны залуучууд. Монголчууд залуу ард түмэн. Тиймээс залуус маань 1990 оны хувьчлал, үл хөдлөх хөрөнгө, баялгийн хуваарилалтад оролцож чадаагүй. Энэ залуус баялгаас хүртэх эрхийг хүсэж байна. Хүссэн хүн бүр Эрдэнэс Таван толгой, Эрдэнэтийн хувьцааг авдаг болох хэрэгтэй. Нөгөө талдаа үндэсний хэмжээний том компаниуд үйл ажиллагааныхаа тодорхой хэсгийг нийгэмд хувьчлах цаг болсон. Бүхнийг хамах бусад  бизнесүүдийг нэгтгэх нь зохистой зүйл биш. Монгол шиг зах зээл жижиг, цөөн хүн амтай улсын хувьд нийгмийн баялгийг хүртэх боломжийг нээж өгөхгүй бол нийгэм маань баян, ядуугийн хуульд хуваагдчихлаа.

Нөгөө талдаа нийгмийн олонхи баялгаас хүртэх эрхгүй байна. Уул уурхайн орлого хэтэрхий цөөнхөд хувилагдаад байна. Нийгмийн цөөнх нь ачааллыг нуруундаа үүрээд байна. Энэ нь сайн үр дагаварт хүрэхгүй байгаа тул нийгмийн бухимдал, дотоодын тэмцэл болж сүүлдээ өширхлийн байдалд шилжсэн. Хөрөнгийн зах зээлээр дамжуулаад улсын томоохон үйлдвэрүүдийг хувьчлах ажлыг хийх ёстой. Түүнээс хэн нэгэн авах асуудал биш.

-Гурван төрлийн татвар нэмэгдэхтэй зэрэгцээд Төсвийн тухай хуулиар дахин хоёр татвар нэмэгдэхээр орж ирлээ. Бүлэг дотроо ярьсан уу?

-Шийдэл гарсан. Шинэ татварын орчин мөрдөгдөж байна. Нөхцөл байдал амаргүй байгааг мэдэж байгаа шүү дээ бид. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд валютын нөөцөө шавхсан, монгол төгрөгийн худалдан авах чадвар нэг дахин буурсан. Цалин тэтгэвэр нэмж чадаагүй. Гадаад өр нэг дахин нэмэгдсэн. Үүнийг давж гарахын тулд санхүүгийн маш чанд сахилга батыг хэрэгжүүлэхээс өөр замгүй байдал Засгийн газарт тулгарсан.

-Иргэдийн нуруун дээр ирэх татвар нэмэгдсээр байна. Нөгөө талдаа Засгийн газар, УИХ-ын гишүүд гар утасны төлбөр, авто машины шатахууны төлбөрөө улсаас авдаг гэсэн шүүмжлэл бий. Үнэхээр тийм мөнгийг олгодог уу. Хэдэн төгрөг өгдөг вэ?

Гишүүдэд өгдөг. Гишүүдийн цалин нэг сая гаруй төгрөг байдаг. Нэмэлтээр томилолтоо ажиллах унааны зардал, гар утасны төлбөр гэж өгдөг. Нийлээд хоёр сая орчим төгрөг болдог болов уу.

-Сүүлийн үед УИХ-ын гишүүдийн ёс зүйтэй холбоотой суудал их хөндөгдөх боллоо. Бараг эрээ цээргүй шахам болж байна гэж харандах юм. Ёс зүйн асуудлыг ярих цаг болсон юм биш үү. Та ямар бодолтой яваа бол?

-УИХ-ын гишүүнээр сонгогдох хүн 40 хүрсэн байх ёстой. 40 хүрнэ гэдэг амьдрал тогтсон, хүмүүжлийн төлөвшил нь бүрдээд дууссан,  тодорхой салбарт ажилласан ажлын туршлагатай, хууль санаачлаад амьдралд нийцүүлээд аваад явах боломжтой болно гэсэн үг. Ганц их хурлын гишүүн гэлтгүй Ерөнхийлөгч ч үүнд хамаатай. Ерөнхийлөгчөөр сонгогдох хүн 45 нас хүрсэн байх ёстой гээд байгаа. Энэ насыг нэмэх хэрэгтэй.  Би 45 настай. Бас л залуу байна. Ажлын амьдрал, улсын гадаад дотоод бодлогын том асуудлыг аваад явахад хамгийн багадаа 50 нас хүрсэн байх ёстой.

-40-өөс дээш, доош гэлтгүй янз бүрийн асуудалд холбогдох юм байна шүү дээ?

-Одоо байгаа УИХ-ын гишүүдээс гэмт хэрэгт холбогдоод шүүхээр шийтгүүлсэн хүн алга. ян з бүрийн яриа хөөрөө гарч л байна. Үнэн худлыг мэдэхгүй.

Сэтгүүлч Э.Энх

ШИНЭ МЭДЭЭ