МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

С.Эрдэнэ: Ардчилсан намын хийсэн бүхнийг харлуулдгаа болих хэрэгтэй
2018.02.02
Улстөр

С.Эрдэнэ: Ардчилсан намын хийсэн бүхнийг харлуулдгаа болих хэрэгтэй

Өнөөдөр Ардчилсан намаас Бүх нийтийн эсэргүүцлийн жагсаал, Ерөнхий сайд, УИХ-ын даргад хүргүүлэх шаардлага, мэдэгдэл, "Эрдэнэт үйлдвэр"-ийн төрийн мэдлийн 51 хувийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд Ардчилсан намын дарга С.Эрдэнэ "Өчигдөр улс орон даяар зохион байгуулагдсан жагсаалд 60-70 мянган иргэн оролцсон байна. Иргэдийн жагсаалд оролцох идэвхи өндөр байсан нь нийгэм ямар их бухимдалтай байгааг харууллаа. Бид өмнө нь Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарт шаардлага хүргүүлсэн. Хариу нь албан бичгээр ирсэн ч хангалтгүй байсан учраас жагсаалыг зохион байгуулсан юм" хэмээн тодотгосон юм. Ардчилсан намаас шаардлагад дурдагдсан асуудлуудын биелэлт хангагдаагүй учраас Ерөнхий сайд, УИХ-ын даргад дахин мэдэгдэл хүргүүлж байгаагаа өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн юм.

Мөн энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ

"Эрдэнэт үйлдвэрийн 51 хувь өнөөдөр гадны банкны барьцаанд орж, битүүмжлэгдэх дээрээ тулаад байна. Эрх баригчид тус үйлдвэрийн 49 хувьтай хэрэлдэж, олон нийтийн анхаарлыг зориуд сарниулж байсан нь нотлогдлоо. Уг "Эрдэнэт" нэг л үйлдвэр. Одоо энэ үйлдвэрээ гадны банкинд алдахгүйн төлөө Засгийн газар ажиллах хэрэгтэй. Ер нь Ардчилсан намтай холбоотой бүхнийг МАН харлуулсаар ирлээ. Одоо болих хэрэгтэй. Бид бондын зарцуулалтын мэдээллээ удахгүй олон нийтэд танилцуулна. МАН бас бондын мөнгө болоод энэ их гадаад өөрийнхөө зарцуулалтыг ил тод мэдээлэх ёстой. Үүний төлөө бид ажиллах болно" гэв.

Мэдэгдэлд,

-МАН-ын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Татвар нэмэхгүй. Шинэ төрлийн татвар бий болгохгүй” гэх амлалтаасаа умартан есөн төрлийн татвар нэмсэн тооцоогүй, бодлогогүй шийдвэрээ нэн даруй цуцлах,

-Агаарын бохирдолтой тэмцэх цогц бодлого гаргах, гэр хорооллын дэд бүтэц, цэвэр, бохир, дулааны шугамын асуудлыг шийдвэрлэх, “Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ипотекийн тав, найман хувийн зээлийг үргэлжлүүлэх, гэр хорооллын айлуудын цахилгааны шөнийн тарифыг тэглэсэн цагийн хугацааг сунгах,

-Төрийн тэнцвэрт байдал, Үндсэн хуулийн суурь бүтэц, үзэл санаа, зарчмыг эвдсэн асар их хор уршиг дагуулах төсөл хэлэлцүүлж байгаагаа нэн даруй зогсоох зэрэг бодитой, иргэдийн хүсэл сонирхол, эрх ашгийг илэрхийлсэн заалтуудыг багтаасан.  Дээрх зүй ёсны шаардлагыг биелүүлэхгүй байх аваас Ардчилсан намын зүгээс “Бүх нийтийн эсэргүүцлийн жагсаал” зохион байгуулж, эрх баригчдыг эдгээр эргэж буцсан, бодлогогүй шийдвэрээ цуцалтал улс төрийн тэмцэл өрнүүлэхээ мэдэгдсэн.  Ардчилсан намын энэхүү шаардлагад УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар 2018 оны нэгдүгээр сарын 31-ны өдөр хариу өгөхдөө “Хувь хүний орлогын албан татварыг шатлалтайгаар 2-3 дахин нэмсэн шийдвэрээ цуцалж, АИ-92, А-80 төрлийн шатахууны онцгой албан татварыг тэглэж байгаа”-гаа мэдэгдсэнээс өөр дорвитой, бодитой шийдэлтэй хариу өгсөнгүй. Хэдийгээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хувь хүний орлогын албан татварыг шатлалтайгаар нэмсэн тооцоогүй, бодлогогүй шийдвэрээ цуцаллаа гэсэн нь УИХ-ын хууль тогтоох эрх мэдэлд халдсан, Гүйцэтгэх засаглалын эрх хэмжээг хэтрүүлсэн, иргэдийг хууран мэхэлж, төөрөгдүүлсэн өнгөц арга хэмжээ боллоо.

Бодит байдал дээр УИХ-аас баталсан ХАОАТ-ын нэмэгдэл хүчин төгөлдөр үйлчилсээр байгаа төдийгүй уул уурхай, аж үйлдвэрлэлийн хүнд салбарт ажиллаж буй мэргэшсэн боловсон хүчнүүдэд эдийн засаг, санхүүгийн дарамт учруулсаар байна. Түүнчлэн шатахууны онцгой албан татварыг буцаан цуцлахдаа зөвхөн АИ-92, А-80 төрлийн бензиний онцгой албан татварыг тэглэлээ гэсэн нь бусад маркийн шатахуун, тухайлбал улс орны бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн салбар, хэрэглээнд өргөнөөр ашиглагдаж буй дизель түлшний хэрэглэгч нарыг ялгаварлан гадуурхсан үйлдэл боллоо. МАН олонхоороо хүч түрэн, ямар ч тооцоо судалгаагүйгээр есөн төрлийн татвар нэмэгдүүлсний үр дагавраар өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсэн бөгөөд Засгийн газраас зөвхөн 2 төрлийн татварыг буцаах талаар мэдэгдсэн ч нэгэнт өссөн барааны үнэ буухгүй байсаар байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгаа доройтуулж, аж үйлдвэрлэлийн салбартаа хүнд ачаа үүрүүлсэн бодлогогүй шийдвэрээ Засгийн газар үргэлжлүүлж, иргэд аж ахуйн нэгжүүдийг хууран мэхлэх, иргэдийг төөрөгдүүлэх шийдвэрүүдийг удаа дараа гаргаж ард иргэдийн амьдралыг улам бүр доройтуулсаар байгаагийн хариуцлагыг хэн хүлээх вэ?

Иймд Ардчилсан нам тавьсан тодорхой шаардлагынхаа хариуг биелүүлэхийг шаардаж, 2018 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр ард түмнийхээ эрх ашгийг төлөөлж “Бүх нийтийн эсэргүүцлийн жагсаал”-ыг зохион байгууллаа. Энэхүү жагсаалд нийслэл Улаанбаатар хотын есөн дүүргийн 35 мянга гаруй иргэн нэгдэж, эрх баригчдын алдаатай, эргэж буцсан, бодлогогүй шийдвэрүүдийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Ардчилсан намын зүгээс тавьсан шаардлагыг бүрэн биелүүлэхийг МАН-ын Засгийн газар, УИХ дахь хэт олонхийн бүлгийн 65 гишүүнээс шаардлаа. Түүнчлэн 20 аймгийн төвд нийтдээ 25 мянган орчим иргэн эсэргүүцлийн жагсаал өрнүүлж, улс орон даяар нийтдээ 60 орчим мянган иргэн эсэргүүцлээ илэрхийлсэн. Улс орны нэгдсэн бодлого алдагдаж, Гүйцэтгэх засаглалын тогтворгүй олон шийдвэрийн нөлөөгөөр эдийн засаг, ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож, иргэдийн бухимдал, тэвчээр дээд цэгтээ хүрсний баталгаа нь энэхүү эсэргүүцлийн жагсаал байв. УИХ дахь үнэмлэхүй олонхийг бүрдүүлж буй МАН-ын бүлгийн дотоод зөрчилдөөн хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааг тогтворгүй болгосноор иргэдийн итгэл алдарч, хууль тогтоох байгууллагын нэр хүнд өдрөөс өдөрт унаж байгаа нь сэтгэл зовоосон анхаарал татах асуудал болжээ.

Үүнээс гадна шинэ оны босгон дээр “Эрдэнэт” үйлдвэрийн 10 хувийн хувьцааг иргэддээ эзэмшүүлнэ хэмээн мэдэгдэж байсан эрх баригчид бодит байдал дээр “Эрдэнэт” үйлдвэрийн төрийн мэдлийн 51 хувиа алдаж, улс орны эдийн засгийн гол хөдөлгүүр болсон үйлдвэрээ битүүмжлүүлэх эрсдэлд оруулсан нь нэгэнт тодорхой боллоо. Түүнчлэн өдөрт 75 сая төгрөг, сард 2.2 тэрбум төгрөгийн хүүгийн төлбөрт унаж, эх орондоо төдийгүй олон улсад улс орныхоо нэр хүндийг шороотой хутгасанд Монголын ард түмэнд дургүйцлээ илэрхийлж, энэ засаг төрд итгэх итгэлгүй болж байгаагаа илэрхийлж байв. 

Ийнхүү эрх баригчдын алдаатай, харалган шийдвэрүүд ард иргэдийн амьдралд хүндээр тусч, улс орны эдийн засгийг элгээр нь мөлхүүлэх хэмжээнд авчирсанд Ардчилсан намын зүгээс санаа зовниж байгаа төдийгүй, эдгээр алдаатай, хор уршигтай шийдвэрүүдээ нэн даруй цуцалж, улс орны эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлыг яаралтай тогтворжуулах, үндэсний эрх ашигт сөргөөр нөлөөлөх асуудлуудыг эерэгээр шийдвэрлэхийг эрх баригчдаас дахин дахин шаардаж, өмнө нь хүргүүлсэн шаардлагын биелэлтийг бүрэн хангах, “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлыг тодруулж 2018 оны гуравдугаар сарын 12-ны дотор шийдвэрлэхгүй бол улс төрийн тэмцлээ зогсолтгүй үргэлжлүүлж, шат дараалалсан арга хэмжээ авч, тэмцлийн дараагийн шатанд шилжихээ үүгээр мэдэгдэж байна. 

ШИНЭ МЭДЭЭ