С.Амарсайхан: Газартай холбоотой иргэдээс ирсэн гомдол бүрийг хуулийн хугацаанд эцэслэн шийдвэрлэнэ
НИТХ-ын дарга С.Амарсайханыг нийслэл, дүүргүүдийн ИТХ-ын дарга, засаг дарга нар болон газрын албаныханд үүрэг өгч байхад нь тодруулга авлаа.
-ИРСЭН ГОМДОЛ БҮРИЙГ ШИЙДВЭРЛЭХ ХУГАЦАА ӨГЧ, ХЯНАЛТ ТАВИНА-
-Сайн байна уу. Та өнөөдөр ямар асуудлаар дүүргүүдийн газрын дарга нар болон ИТХ-ын дарга нарт үүрэг өгөв?
-Өнгөрсөн сарын 22-нд зохион байгуулсан газрын асуудлаар хийсэн олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийн дагуу дараагийн асуудлуудыг ярилцаж, арга хэмжээнүүдийг хэлэлцэж байна. Өөрөөр хэлбэл, олон нийтээс ирсэн гомдол саналыг ангилж ялгаад дүүргүүдийн болон Нийслэлийн газрын албаны дарга нарт хүлээлгэж өглөө. Мөн 21 хоногийн хугацаанд одоо байгаа өргөдөл, гомдлыг шийдвэрлэх олон нийтэд эргэж мэдээлэх , цаашид газрын албаны үйл ажиллагааг нээлттэй ил тод, өндөр зохион байгуулалттай байлгах ажлынхаа хүрээнд өнөөдрийн энэ уулзалт зөвлөгөөнийг хийж байна.
Түүнчлэн энэ хэлэлцүүлэгт шийдвэрлэгдсэн асуудлыг холбогдох үүргийн дагуу дүүргүүдийн газрын албаны дарга нар ИХТ дарга нар, нийслэлийн газрын алба болон холбогдох төрийн өмчийн байгууллагын удирдлагуудыг цуглуулсан.
Энэ хэлэлцүүлгийн дагуу авч хэрэгжүүлэх дараагийн шатны арга хэмжээнүүдийг эхлүүлсэн гэж ойлгож болно. Асуудлыг шийдвэрлэгдтэл хугацаатай үүрэг даалгавар өгч НИТХ биелэлтэд нь хяналт тавина. Мөн цаашид ямар арга хэмжээнүүд хэрэгжүүлэх шаардлагатайг шат дараатайгаар хэрэгжүүлээд явна.
-Нээлттэй хэлэлцүүлгийн үеэр иргэдээс ямар гомдлууд ихэвчлэн ирсэн бЭ?
-Иргэдийн зүгээс ирж буй санал гомдлын ихэнх нь газрын албаны ажилтан албан хаагчдын ажлын хариуцлага, ёс зүй, өргөдөл гомдолд хариу өгч байгаа байдал, ажил хэргийн журмаар иргэдтэй харилцаж байгаа харилцаа гэх зэрэг асуудлууд байдаг. Энэ төрлийн гомдол нь нийт гомдлын 42%-ийг эзэлж байна. Мөн шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйтэй холбоотой гомдол байна.
Түүнчлэн иргэдийн газрын давхардуулж олгож байгаа гэсэн гомдол нийт 521 иргэнээс авсан гомдлын 92% нь эзэлж байна.
Өөрөөр хэлбэл, иргэдэд олгосон газрыг дахин давхардуулаад өөр иргэнд олгосон байх жишээтэй. Ингэхээр тухайн иргэдийн хэн нь ч газраа эзэмшиж, ашиглаж чаддаггүй нөхцөл байдал ихээр үүссэн байгаа учраас энэ асуудлуудыг чиглэл чиглэлд нь шийдвэрлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.
-АРД ТҮМНИЙ ГОМДОЛ, БУХИМДЛЫГ НУУЖ, ХААЖ ХУУЛИЙГ
ХУДАЛДАН АВЧ ЧАДАХГҮЙ ...
-Иргэдийг чирэгдүүлсээр байгаа дүүргүүдийн газрын албаны дарга нартай ямар хариуцлага тооцох вэ?
-Ер нь үнэхээр хариуцлага алдсан газрын албаны дарга ажилтнуудтай заавал арга хэмжээ авна. Иргэдээс ирсэн гомдлыг шалгаж үзээд үнэн бодьтой байх юм бол хуулийн хүрээнд шат шатанд нь арга хэмжээнүүдийг нь авна. Авч хэрэгжүүлэх шаардлагатай хариуцлагын арга хэмжээнүүд байвал хэрэгжүүлж, холбогдох албан тушаалтнуудад нь хариуцлага тооцоод явна.
Эцэст нь дарга нь дарга шиг даамал нь даамал шиг байх хэрэгтэй. Аль аль асуудлуудаа шийдэж санаачилж чаддаг. Санаачлагатай, оролцоотой, итгэлтэй зүтгэлтэй, ажиллахыг шаардана.
-Газрын албаны дарга нарт хандаж ямар гол асуудлуудыг хөндөж байна вэ?
-Улс төрийн оноо авах байдлаар асуудалд хандаж болохгүй. Үүнээс болж нийслэл өнөөдөр ямар байдалд хүрээд байгааг анхаарч, алдаа оноогоо засах хэрэгтэй. Энд нэг зүйлийг зориуд хэлэхийг хүсэж байна. Мөнгө төлж хэн нэгний үг, С.Амарсайханы амыг хааж болно.Гэхдээ ард түмний гомдол, бухимдлыг нууж, хааж хуулийг та нар худалдан авч чадахгүй шүү.
Өнгөрсөн сард болсон хэлэлцүүлгийг зохион байгуулахад иргэдийн санал гомдол болон газрын албаны ажилчин, алба хаагчтай холбоотой, зарим нэг өмчийн албын албан тушаалтнуудтай холбоотой иргэдийн санал, гомдлыг тэр чигээр нь боомилсон. Өнөөдөр байгаа нөхцөл байдлыг далдалдаг, байхгүй зүйлийг байгаа юм шиг ярьдаг зүйлээсээ татгалзах хэрэгтэй.
-Та газрын асуудлаар барих бодлого юу байна вэ?
-Миний энэ итгэл үнэмшил хэзээ ч халагдахгүй хэзээ ч солигдохгүй. Өнөөдөр албан тушаалдаа байсан ч байгаагүй ч гудамжинд алхаж байсан ч ямар нэгэн халаа сэлгээ байхгүй учраас байгаа цаг хугацаандаа байгаа эрх мэдэл үүргийнхээ хүрээнд нэг ч гэсэн асуудлыг бүрэн шийдэж чадвал эргээд иргэн гээд гудамжинд гараад хэн нэгний өмнө асуудлаа шийдүүлэх гээд зогсож байхдаа өөрсдөдөө харамсахгүй байх хэмжээний байх чухал.
Ядаж би хийх гэж оролдож зүтгэсэн шүү гээд зогсож байх хэмжээний итгэл үнэмшилтэй байгаасай гэж хүсэж байна. Тийм ч учраас энэ асуудлуудыг ажил хашиж байх үедээ хатуу шахаж шаардсаар байх болно. Иргэдээс нээлттэй хэлэлцүүлгийн үед ирсэн бүх санал гомдлуудыг дүүргүүдийн газрын дарга нарт болон нийслэлийн газрын албаныханд хугацаатай үүрэг даалгавар өгнө.
Мөн ДИТХ-ийн дарга нарт хурлынхаа бүрэн эрхийн хүрээнд бүр цаашлаад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлынхаа хүрээнд ямар нэгэн байдлаар хууль зөрчилгүй аливаа ажлыг зохион байгуулж ажлаасаа гэж хүсэж байна. Тийм учраас энд ДИТХын дарга нарыг зөвлөгөөнд оролцуулж байна.
-Иргэдээс газрын албаны дарга, албан хаагчидтай холбоотой авлигын талаар гомдол мэдээлэл ирэв үү? Газрын наймаа, авлигын асуудал их яригддаг шүү дээ?
-Яг одоогоор баримт нотолгоотой ирсэн асуудал алга байна.
-Хэлэлцүүлгийн дараагийн шатанд ямар асуудлыг шийдвэрлэх вэ?
-Одоо өргөдөл гомдол ирүүлсэн иргэдийн гомдлыг хуулийн хугацаанд барагдуулна. Тэгээд дараа нь цаашид газрын асуудлыг ямар хэмжээнд яаж хэрэгжүүлэх вэ, газар зохион байгуулалтын асуудлаар Нийслэлийн хэмжээнд журам боловсруулна.
-Одоогоор Нийслэлийн хэмжээнд газар олголт зогссон байгаа гээд байгаа. Энэ талаар?
-Нийслэлд цахим газар олголтын ажил зогссон байгаа. Ямар ч дэд бүтэцгүй, ямар ч төлөвлөлтгүй, инженерийн шугам сүлжээгүй, хүн амьдрах ямар ч боломж байхгүй газруудад баахан газар олгочихсон. Нэг нь авсан нэг нь өгсөн нэртэй. Тэгээд иргэд нь ашиглаж болохгүй байна. Үүнд иргэд хохирч үлдээд байна.
Ийм асуудлуудыг нэг мөр цэгцлэх шаардлагатай байгаа. Газар олгохоор болох юм бол бид нар төлөвлөлттэй, бүтэцтэй, инженерийн шугам сүлжээтэй, нийтийн тээвэртэй нь шийдвэрлээд газар олгох тийм боломж нөхцөл бүрдүүлэх асуудалд чиглэж ажиллана.
-Одоо ямар ч газар олголт явагдахгүй байгаа гэж ойлгох уу?
-Цахим газар олголт зогссон. Ерөнхий газар олголтын хүрээнд зарим нэгэн боломжтой, төлөвлөлттэй газар олголт явагдаж байгаа.
У.УРАНЦЭЦЭГ, ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.ТҮШИГ