“Төлөөлөгчдийн урамшууллын зардлыг нуух шаардлага байхгүй”
НИТХ-ын дарга С.Амарсайханаас цаг үеийн үйл явдалтай холбогдуулан тодруулга авлаа.
-Сүүлийн өдрүүдэд НИТХ-ын төлөөлөгчдийн урамшууллын тухай яриа анхаарлыг татах боллоо. Энэ талаар тайлбар өгөөч?
-НИТХ-ын төлөөлөгчид тойрогтоо ажиллах зардлаа урамшуулал хэлбэрээр авч ирсэн. Одоо ч авч байгаа нь үнэн. Энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон хурлын төлөөлөгчидөд урамшуулал олгох тухай НИТХ-ын 2012 оны 70-р тогтоолын дагуу Нийслэлийн төсөвт жил бүр тогтмол тусгагдаж ирсэн байдаг.
-НИТХ-ын төлөөлөгчид ямар зориулалтаар урамшуулал авч ирсэн вэ?
-Нийслэл, дүүргийн төлөөлөгчидөд 2008 оноос хойш урамшуулал гэхээсээ илүүтэй үйл ажиллагааны зардлыг нь олгож эхэлсэн юм билээ. Тодорхой зардалгүйгээр тойрог, дүүргийнхээ иргэд сонгогчдын төдийгүй нийслэлийн хэмжээний асуудлыг шийдвэрлэхэд хүндрэлтэй байдаг.
Тийм ч учраас үе үеийн НИТХ-ын төлөөлөгчдийн тойрогтоо ажиллах зардлыг урамшуулал хэлбэрээр олгож ирсэн. Үүнийг нууж хаах ямар ч шаардлага байхгүй. Харин ч ил тод, нээлттэй болгож, төлөөлөгчдийн ажлын хариуцлагатай нь уялдуулах цаг нь болсон гэдэг талаар өмнөх хурлууд дээр би удаа дараа мэдэгдэж байсан.
-Төлөөлөгчидөд хэдий хэмжээний урамшууллыг ямар хугацаанд олгодог вэ?
-Өмнө нь жилд нэг удаа бөөнд нь олгодог байсан. Тухайлбал, 2017 оны төсөвт төлөөлөгчдийн урамшууллыг олгохдоо тус бүрд нь нэг удаа 50.0 сая төгрөгөөр тооцон төсөвт суулгаж, өнгөрсөн оны 6 сард НИТХ-аас төлөөлөгчидөд олгосон.
Тэгвэл энэ жилээс жилд нэг удаа бөөнөөр нь олгодог байсан зардлын хэмжээг бууруулж, холбогдох журмыг өөрчилж, дээр дурьдсанчлан төлөөлөгчдийн ажлын хариуцлагатай нь уялдуулан улирал тутамд 10.0 сая төгрөгийг олгож, гүйцэтгэлд нь хяналт тавин ажилладаг болсон.
-Урамшууллын асуудлыг Хурлын дарга бие даан шийддэг юмуу, эсвэл Төлөөлөгчдийн хуралдаанаар шийддэг үү?
-Ийм асуудлыг С.Амарсайхан гэдэг хүн дур зоргоороо шийдвэрлэдэг юм биш. Урамшуулалттай холбоотой зардлыг жил бүр Нийслэлийн төсвийг батлах үеэр төсөвт суулгаж, зориулалтын дагуу НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор шийдвэрлэдэг. Хурлын даргын хувьд гарын үсэг зурж тогтоолыг албажуулдаг учиртай.
Л.ХАЛИУН