МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

С.Чинзориг: Ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад цогц бодлого хэрэгжүүлнэ
2018.03.14
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

С.Чинзориг: Ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад цогц бодлого хэрэгжүүлнэ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын удирдах ажилтны улсын зөвлөгөөн өчигдөр эхэллээ.

2015 оноос хойш удирдах ажилтны зөвлөгөөнөө хийгээгүй тус салбарынханд цаашдын бодлого, үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлаа ярилцах шаардлага үүсээд байсан юм. Тиймээс салбарын үйл ажиллагаа, тулгамдаж буй бэрхшээлийг хэлэлцэж, цаашид баримтлах чиглэлээ тодорхойлохоор ийнхүү улсын зөвлөгөөнөө хийж байна. Зөвлөгөөнд нийслэл, дүүрэг, орон нутагт ажиллаж байгаа хөдөлмөр, халамж, нийгмийн даатгал, гэр бүл, хүүхэд залуучууд, мэргэжлийн боловсролын салбарын 250 гаруй удирдах ажилтан оролцлоо.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт 7000 гаруй төрийн албан хаагч ажиллаж, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж байгаагийн 1479 нь нийгмийн даатгалын салбарт ажиллаж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ,

“Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын үйл ажиллагаа нь эхийн хэвлийд байгаа ургаас азай буурал хүртэлх Монгол Улсын нийт хүн амд хүрч үр өгөөжөө өгдөг, алдаа гаргах эрхгүй эрхэм хүндтэй ажил” гэж онцолсон юм. Мөн “Монгол Улсын Засгийн газар энэ оны хоёрдугаар сарын 6-нд 27 зорилт бүхий “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”- ын баримт бичгийг баталсан. Уг баримт бичгийн нэг үндсэн тулгуур стратеги нь ажилгүйдэл, ядуурлыг бууруулах “Хүн төвтэй нийгмийн бодлого” юм. Энэхүү тулгуур бодлогын хэрэгжилтийг хангаж, Монгол Улсад нийгмийн баримжаатайгаар ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, гэр бүл төвтэй хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарынхны оролцоо, хамтын ажиллагаа чухал” гэв.

Цаашлаад ХНХЯ 2018 онд ажилгүйдэл, ядуурал, хүүхэд, гэр бүлийн эсрэг хүчирхийллийг бууруулах чиглэлээр цогц бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж, ажлаа эхлүүлээд байгааг салбарын сайд дуулгалаа. Засгийн газар өнгөрсөн сарын 1-нээс тэтгэврийн хэмжээг 27-29 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн, тэтгэврийн зээлийн хүүг 12 хувь болгож бууруулсан, 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч буй ээжүүдэд сар бүр 50 мянган төгрөг олгох болсон.

Иргэд 55, 60 насандаа өөрсдийн хүсэлтээр тэтгэвэрт гарах боломжийг бүрдүүлсэн зэрэг ард түмний орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр олон ажлыг эхлүүлсэн талаараа дурдлаа. ХНХЯ- ны зүгээс цаашдаа хувиараа болон өрхийн аж ахуй, үйлдвэрлэл эрхэлж ажлын байр бий болгохыг дэмжих зорилтот төслүүд хэрэгжүүлэх, сургалтад хамруулахаар төлөвлөжээ. Мөн хүүхэд хамгааллын үйлчилгээ, хөгжлийн үйлчилгээний багц төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх, бүх шатны байгууллага, нийт албан хаагчдын сахилга хариуцлагыг өндөржүүлж, бүтээмжийг сайжруулах зэрэг ажлыг 2018 онд эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Зөвлөгөөнд НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара оролцсон.

Тэрбээр “НҮБ- ын Хүн амын сан Монгол Улсын хүн ам, тэр дундаа хүүхэд, залуучуудыг хөгжүүлэх чиглэлд ихээхэн анхаарч ирсэн. Монгол Улсын Засгийн газрын зүгээс эх орныхоо ирээдүй болсон хүүхэд, залуучуудыг хөгжүүлэх зорилго бүхий Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар байгуулсанд туйлын талархаж байна” гэв. Удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр үргэлжлэх юм. Өнөөдрийн үйл ажиллагааг дөрвөн чиглэлийн хүрээнд салбар хуралдаан хэлбэрээр зохион байгуулна.


Зөвлөгөөний үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоос цөөн асуултад хариулт авлаа.

-Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын удирдах ажилтны улсын зөвлөгөөнийг 2015 оноос хойш хийгээгүй. Энэ удаагийн зөвлөгөөнөөр хэлэлцэн шийдэх асуудал нэлээд байгаа болов уу?

-Зөвлөгөөнөөр Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой асуудлыг дэлгэрүүлэн ярьж, хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, 2018 онд дэвшүүлж буй зорилт түүнийг ханган хэрэгжүүлэхэд агентлаг, орон нутгийн удирдлагууд юунд анхаарч ажиллах вэ гэдгээ ярилцаж байна.

Бид 2018-2020 онд гурван том үндсэн асуудалд анхаарлаа хандуулан ажиллахаар төлөвлөсөн. Нэгдүгээрт, ядуурлыг бууруулж, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх. Хоёрдугаарт, ажилгүйдлийг бууруулж, ажлын байр, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх.

Гуравдугаарт, эцэг эх, олон нийтийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэн хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийг бууруулах гэсэн цогц бодлогод анхаарлаа хандуулна. Тухайлбал, орон нутагт ядуурлын төвшин буурахгүй байна. Тиймээс ядуу гэж бүртгэгдсэн өрх нэг бүрийн дэлгэрэнгүй судалгааг гаргах ёстой.

Ингэснээр орон нутгийн удирдлагууд ажилгүй, ядуу гээд байгаа өрх нэг бүртэй тулж ажиллан, тэдний чадавхид тулгуурлан ядуурлаас гаргах арга хэмжээ авах юм. Ялангуяа ядуурлын төвшингөөс доогуур орлоготой иргэдийг халамжийн үйлчилгээнд хамруулах замаар орлогыг нь нэмэгдүүлэх хэрэгтэй байна.

Мөн ядуурлын төвшинд байгаа иргэдийг ажлын байртай болгох замаар орлогыг нэмэгдүүлнэ. Харин ядуурлын төвшингөөс дээгүүр боловч ядууралд өртөж болзошгүй өрх, иргэний ажлын байрыг хадгалах, ур чадварыг нэмэгдүүлэх замаар иргэдийн өөрсдийнх нь онцлог, хэрэгцээ, чадавхид тулгуурласан ядуурлыг бууруулах бодлого хэрэгжүүлэхээр ярьж байна.

-Цогц бодлогын хүрээнд ажлын байрыг нэмэгдүүлэхэд ямар арга хэмжээ авах вэ?

-Орон нутагт хөдөлмөр эрхлэлтийн албадаар дамжуулан ажлын байранд зуучлах үйлчилгээг үзүүлж байна. Гэхдээ орон нутагт томоохон төсөл хөтөлбөр хэрэгжихгүй, ажлын байр шинээр нэмэгдэхгүй байгаа учир зохион байгуулалттай ажлын байр бий болгож чадахгүй байна.

Тиймээс залуучуудын өөртөө бий болгосон ур чадварт түшиглэсэн ажлын байр бий болгох, мөн орон нутгийн залуучуудыг хөдөлмөрөө хорших замаар зохион байгуулалттай ажлын байртай болгох, мал аж ахуй дагасан буюу гэрээт малчин ажиллуулах гэсэн гурван хөтөлбөр хэрэгжүүлэх замаар орон нутагт ажлын байр бий болгох хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм.

-Та УИХ-ын даргын БНТУ-д хийсэн ажлын айлчлалын үеэр нийгмийн хамгааллын чиглэлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан. Ингэснээр Турк улсад ажиллаж, амьдарч байгаа монголчуудад ямар давуу тал бий болов?

-Монгол Улсын Засгийн газар Туркийн Засгийн газартай Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрт гарын үсэг зурж, баталгаажууллаа. Одоогийн байдлаар 4000 гаруй монгол иргэн Турк улсад ажиллаж, амьдарч байна гэсэн судалгаа бий.

Айлчлалын хүрээнд байгуулсан хэлэлцээрээр Турк улсад ажиллаж, амьдарч байгаа иргэд тус улсад байх хугацаандаа нийгмийн даатгалын шимтгэл төлсөн жилээ Монгол Улсад ажиллаж нийгмийн даатгал төлсөн жил дээрээ нэмэгдүүлэн тооцож, тэтгэврээ тогтоолгох боломж бүрдсэн. Өөрөөр хэлбэл, хоёр улсад ажилласан, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн жилээ нэгтгэн тооцуулж тэтгэврээ бодуулах юм.

Ингээд Турк улсад ажиллаж шимтгэл төлсөн жилд ногдох тэтгэврээ Туркийн нийгмийн даатгалын сангаас, Монгол Улсад ажиллаж шимтгэл ногдох тэтгэврээ Монгол Улсын нийгмийн даатгалын сангаас авах нөхцөл, боломж бүрдэж байна. Энэ хэлэлцээрийг байгуулснаар зөвхөн өндөр настны тэтгэвэр авахтай холбоотой харилцааг зохицуулаагүй. Ажилгүйдлийн тэтгэмж, жирэмсэн болон амаржсан, хөдөлмөрийн чадамжаа алдсаны тэтгэмж авах эрхийг нээж байгаагаараа давуу талтай. Өөрөөр хэлбэл, Турк улсад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулахтай холбоотой чухал хэлэлцээр болсон гэж үзэж байна.

Сэтгүүлч М.ЭНХЦЭЦЭГ

ШИНЭ МЭДЭЭ