С.Амарсайхан:  "Хүчирхийлэлгүй хот" хөтөлбөр боловсруулж, ТА БҮХЭНТЭЙ хамтран ажиллана
2018.03.26
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

С.Амарсайхан: "Хүчирхийлэлгүй хот" хөтөлбөр боловсруулж, ТА БҮХЭНТЭЙ хамтран ажиллана

Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхантай ярилцлаа.

-Бага насны хүүхдээр хүнд хөдөлмөр эрхлүүлэх, үл хайхран тэнэмэл маягаар амьдруулах, охидыг хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарсаар байх боллоо. Мөн ураг төрлийн хүчин, гэр бүлийн хүчирхийлэл хэмээх цусан холбоо, итгэл дээр тулгуурлан үйлдэгддэг гэмт хэрэг буурах шинжгүй байна. Үүнтэй улаан нүүрээрээ тулж буй хүмүүс нь Хүүхэд хамгааллын хамтарсан багийнхан. Гэвч тэд санхүүгийн чадамжгүй учраас хохирогчид төрийн үйлчилгээг цогцоор нь үзүүлж чадахгүйн дээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чадамжгүй болоход ойрхон байна. Хорооны нийгмийн ажилтан цалингаасаа “хумсалж” хохирогчийг хооллож байхад цагдаа нь өөрийнхөө машинаар, өөрөөсөө мөнгө гарган шатахуун хийж тэднийг хамгаалах байранд хүргэдэг гэсэн. Тийм учраас “Өнөөдөр” сонин хамтарсан байгууллагуудын үйл ажиллагааны зардалтай болгох санаачилга гаргаж, танд хандаж байгаа юм.

-Та бүхний ажил хэрэгч санал, санаачилгыг дэмжинэ. Бүхий л талаар хамтарч ажиллана. Эрүүл, амар тайван нийгмийг бүтээх үйлсэд хүн бүрийн оролцоо чухал учраас хамтдаа зөв гарц, шийдлийг нь тодорхойлж, түүнийгээ хамтран хэрэгжүүлбэл эерэг үр дүнд хүрнэ.

-Нийслэлийн бүх хорооны хамтарсан багаас жилд хэчнээн төгрөгийн төсөвтэй байвал та бүхэн сайн ажиллах вэ гэж асуухад 3-5 сая төгрөг байхад хохирогчийг хамгаалж, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж чадна гэж хэлсэн. Тэгэхээр дунджаар 456 сая төгрөг байхад эдгээр багийн үйл ажиллагаа улам сайжрах нь. Та нийслэлийн ИТХ-ын болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл (ГХУСАЗЗ)-ийн дарга. Уг зөвлөл өнөө жил 5.2 тэрбум төгрөгийн төсөвтэй. Үүнээс хагас тэрбумыг нь хамтарсан багуудад хуваарилах боломж бий юу?

-Нийслэлийн ГХУСАЗЗ-ийн төсвийн дийлэнх нь цагдаагийн байгууллагын ажилтан албан хаагчид, олон нийтийн цагдаагийн цалин, урамшуулал, үйл ажиллагааны зардал болон шаардлагатай техник хэрэгсэлд зарцуулагддаг. Тус зөвлөлийн хөрөнгөөс өөр ажилд илүүчлэх боломж хомс байдаг юм.

-Тэгвэл нийслэлийн ИТХ, төлөөлөгчид, эсвэл хурлын дарга хөтөлбөр боловсруулж, хөрөнгө төсөвлүүлэх эрх нь нээлттэй шүү дээ. Та энэ чиглэлээр арга хэмжээ хэрэгжүүлнэ гэж хэлсэн. Хөтөлбөр боловсруулж, нийслэлийн ИТХ-д өргөн барих нь гэж ойлгож болох уу?

-Асуудал санаачилж, шийдвэрлүүлэх нь төлөөлөгчид, хурлын дарга, Засаг дарга, цаашлаад иргэд олон нийт гээд бүгдэд нээлттэй. Нийгмийг айдаст автуулсан хүчирхийлэл, гэмт хэрэг ихээр гарч байна. Ийм асуудлыг зөвхөн цагдаа, хууль, хяналтын байгууллагуудын ажил мэт өрөөсгөл ойлголтыг өөрчилж, нийтийн хүчээр дорвитой арга хэмжээ авах цаг болсон. Бид гудамж талбайн тохижилтыг сайжруулж, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга барих зэрэг ахуйн болон эдийн засгийн шинж чанартай асуудалд хэт их анхаарч, харин хүүхэд багачуудын хүмүүжил, хувь хүний хөгжил, иргэний төлөвшил, иргэд оршин суугчдынхаа амар тайван, эрүүл, аюулгүй амьдрах асуудлыг орхигдуулж ирсний үр дагавар нь илэрч эхэлж байна.

Гэмт хэрэг, хүчирхийлэлд өртөж буй хүмүүс нь ихэвчлэн хүүхэд, эмэгтэйчүүд. Харин эрчүүдийн олонх нь сайн дураараа архи, дарс ууж, агсамнаж танхайраад гэмтэж, бэртдэг, хэрэг түвэгт орооцолддог тохиолдол их бай-даг. Насанд хүрсэн, хөдөлмөрийн чадвартай, эрүүл бие, саруул ухаантай, дөрвөн мөч нь бүрэн бүтэн байж ажил хийгээд амьжиргаагаа залгуулж чадахгүй, ааг омгоо багтааж ядан асуудалд орооцолдож байгаа бол бол өөр асуу-дал. Харин өөрийгөө хамгаалах чадваргүй хүүхэд, эмэгтэйчүүд, асран хамгаалах хүнгүй өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст бид илүү анхаарал тавьж, халамжлах ёстой.

Тиймээс хүүхэд, эмэгтэйчүүдийг гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэргээс хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтийн санал санаачилгад тулгуурласан “Хүчирхийлэлгүй хот” хөтөлбөр боловсруулан, ажиллахаар төлөвлөж байна. Иймд та бүхний саналыг баяртай хүлээн авч, өмнө нь хийж ирсэн ажлуудаас гадна өөр ямар байдлаар хамтарсан багаа идэвхжүүлж, урамшуулах вэ, айл өрхийн аюулгүй байдал, хүн ардынхаа амгалан тайвныг хэрхэн хангах вэ, хүчирхийллийг ямар аргаар таслан зогсоох вэ гэдэг дээр бүх талаар хамтарч ажиллана. Энэ талаар санал санаачилга гаргаж байгаа иргэд, аж ахуйн нэгж, ТББ, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн гэдгээ энэ дашрамд хэлье.

-ГХУСАЗЗ-ийн өнөө жилийн төлөвлөгөөнд үүнийгээ оруулах уу, өөр ямар шинэ ажил санаачилж байгаа вэ?

-Хүчирхийллийг таслан зогсоох ажлыг ГХУСАЗЗ-ийн 2018 оны ажлын төлөвлөгөөнд оруулж баталсан. ЭнэжилээсУлаанбаатархотод үйл ажиллагаа явуулж буй харуул хамгаалалтын байгууллагуудыг цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд туслах хэлбэрээр дэмжлэг үзүүлэн ажиллуулах байдлаар зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ мэтээр хотод хийх ажил олон байна.

-Тэгвэл энэ их ажлыг амжуулах, хийлгэх, санаачлах үүрэгтэй нийслэлийн ИТХ яагаад эв зүйгээ олохгүй байна вэ. Сөрөг хүчнийхэн байтугай олонхи  болох МАН ынхан ч өөр хоорондоо сөргөлдөх боллоо.

-Хийнэ, шийднэ гэж сонгогдсон бол хэн ч байсан түүнийхээ төлөө ажиллах ёстой. Нийслэлийн ИТХ тэр чигээрээ болохгүй, бү-тэхгүй болчихсон зүйл байхгүй. Хариуцдагатай, ажил хэрэгч төлөөлөгч олон. Үүний хажуугаар байгаа хугацаандаа амин хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлж байвал бусад нь хамаагүй мэт авирладаг хүн ч бий. Гэхдээ бид хэн нэгний хэл үгнээс айж эмээж, амин хувиа бодож, ард иргэдийн итгэлийг хөсөрдүүлэх ёс-гүй.

Нийслэлийн ИТХ-ын ажил айхтар гацсан зүйлгүй. Би нийслэлийн ИТХ-ын дарга болсноос хойш ээлжит болон ээлжит бус нэгдсэн хуралдаан, Тэргүүлэгчдийн хуралдааныг нийт-дээ 16 удаа хуралдууллаа. Тэргүүлэгчдийн сүүлийн хурал ирц хүрээгүй гэдэг шалтгаанаар хойшилсон. Энэ нь хурлын ажил бүхэлдээ гацчихлаа гэсэн үг биш. Харин гацаах сонирхол бүхий хүмүүс байгаа. Тэдний ингэх учир шаттгаан тодорхой.

-Тэр нь ямар шалтгаан юм бол?

-Асуудал С.Амарсайханд биш хийж буй ажил, хөндөж байгаа асуудалд байна. Өөрөөр хэлбэл, иргэд оршин суугчдын ажил амьдралтай холбоотой өмнө нь хийж хэрэгжүүлж байгаагүй ажлууд, хөндөгдөж байгаагүй асуудлуудыг санаачилж нийслэлийн ИТХ-ын хуралдаануудаар хэлэлцдэг болсон. Тэр хэрээр хүний өөрийнгүй олон хүний хувийн болон улс төрийн эрх ашиг хөндөгдөж байна. Тийм учраас хурлын үйл ажиллагааг сулруулах, хуралдаж чадахгүй байгаа мэтээр олон нийтэд ойлгуулах гэсэн явуургүй хандлага гарч буйг үгүйсгэхгүй.

Ер нь С.Амарсайхан гэдэг хүн амин хувиа бодож ажил хийхгүй, зөвхөн бусдын ая эвийг олоод өдөр хоногийг аргацаах байдлаар өнгөрүүлж байсан бол элдэв хэл ам гарахгүй байсан байж магадгүй. Нийслэлийн ИТХ-аас иргэд олон нийтийг чирэгдүүлж ирсэн газрын албаны үйл ажиллагаа болон зарим нэг ажилтан, албан тушаалтны ажил үүргийн хариуцлагагүй бай-дал, Зуун айлын барилгын материалын захыг нүүлгэх, эдийн засгийн чөлөөт бүс байгуулах, удаашралтай явж ирсэн зам гүүр, дэд бүтцийн томоохон төслүүдийг эхлүүлэх гэх зэрэг ажлыг санаачлан эрчимжүүлэхтэй болсон тул намайг олиггүй харагдуулж, хотын ажлыг гацаах, өмнөх хууль бус үйлдлүүдээ нуун дарагдуулах зорилгоор нийгмийн анхаарлыг өөр тийш татах сонирхол бүхий хүмүүс АН-ын байтугай МАН-ын бүлэгт ч байгаа.

-Нийтийн эрх ашгийн төлөө, ялангуяа хүчирхийлэлд өртөн, зовж шаналж буй хүүхэд, эмэгтэйчүүдийн асуудалд анхаарахгүй байгаа атлаа төлөөлөгчид урамшуулал, сандал суудлын маргаан байнгын хийдэг боллоо.

-Урамшуулал өмнө нь тийм ч ил байгаагүй. Хуулийн дагуу авч буй урамшууллыг нуух шаарддаггүй гэдэг үүднээс үүнийг ил болгосон юм. Урамшуулал авч байгаа юм бол эрхэлсэн ажилдаа хариуцлагатай ханд гэдэг л зарчим ярьсан.

Энэ бол татвар төлөгчдийн мөнгө. Тулгарч буй асуудлыг чинь шийднэ гэж амлалт өгч, үүд хаалгыг нь тогшиж, өдөр шөнөгүй гуйж гувшиж сонгогдчихоод хуралдаа суухгүй, ажил хийхгүй байгаа нь шударга бус. Хэрэв хуралдаа суухгүй бол урамшуулал авах ёсгүй, цаашид өгөхгүй гэхэд болохгүй зүйлгүй. Тийм учраас жилд бөөнд нь өгдөг, урамшууллыг улирлаар нь хувааж өгдөг болсон. Ингэхдээ хуралд суусан, эсэх болон оролцоог нь дүгнэж өгөх юм. Хэрэв хуралд суухгүй бол урамшуулал авах ёсгүй, цаашид улирал бүр биш, сар тутам төлөөлөгчийн ирц, оролцоотой нь уялдуулж өгдөг болгох ёстой.

-Нэг төлөөлөгч хэдий хэмжээний урамшуулал авдаг юм бэ. Юунд зарцуулж байгааг нь хянадаг байгууллага бий юү?

-Анх 2000 онд төлөөлөгч бүрт жилд нэг сая төгрөгийн урамшуулал олгож эхэлсэн бай-даг. Сонгогдсон тойрогтоо ажиллах зардал хэлбэрээр. Тэр тогтоол инфляц, валютын ханшийн зөрүүнээс шалтгаалж мөнгөн дүнг ихэс-гэж болно гэдэг заалттай байсан учир 2008, 2012 онд журмыг нь өөрчилж, шинэчилсэн байдаг юм. Өнгөрсөн онд нэг төлөөлөгч 50 сая төгрөгийг нэг удаа бөөнд нь авсан. Харин энэ жилээс улирал бүр 10 буюу жилд 40 сая төгрөгийг төлөөлөгчдөд урамшуулал болгон олгохоор бууруулсан. Үүнээсээ холбогдох тат-вар хураамжаа төлнө. Зарцуулалтад нь аудитынхан хяналт тавьж ажилладаг.

-Нэгэнт хотын асуудал руу “хазайсных” танаас цаг үеийн зарим зүйлийг тодруулъя. Хотын захиргааг Яармаг руу нүүлгэх болсон нь олныг бухимдуулах боллоо. Хотын өмнөх удирдлага Сонгинохайрхан дүүрэгт аваачихаар газрыг нь бэлдэж, төлөвлөлт хийсэн. Гэтэл та бүхэн Яармаг руу нүүлгэхээр болжээ. Өмнөх хүмүүсийнхээ хийсэн ажлыг үгүйсгээд ч байх шиг, эсвэл төрийн залгамж халаа гэдэг зүйл огт байхгүй болсон юм уу?

-Тухайн асуудалд хэр тооцоо судалгаатай хандаж байна вэ гэдэг л чухал. Хотын төвлөрлийг сааруулж, задлах ёстой юу гэвэл тийм. Төр, захиргааны байгууллагыг шилжүүлэх шаардлага байна уу гэвэл бий. Гэхдээ хотын захиргааг нүүлгэснээр энэ асуудал бүрэн шийдэгдчих юм биш. Нүүлгэхийг нь нүүлгээд үлдэж байгаа нь яах вэ гэдгийг давхар бодох, төлөвлөх шаардлагатай. Нэг хэсэг нь нүүгээд, тэндээ төвхнөж болно. Гэхдээ захиргааны байгууллага нүүлээ гээд төвлөрөл саарах уу гэдгийг бодох л ёстой. Миний хувьд эсэргүүцэж буй асуудал байхгүй. Гагцхүү тооцоо судалгааг нь сайн хийж, асуудлаа сайн төлөвлөж шийдэх ёстой гэсэн байр суурьтай байгаа.

-Сонгинохайрхан дүүрэг бусад дүүргийн хөгжлөөс хоцорчихсон. Хүн ам олонтойн дээр төлөвлөлт муу, дэд бүгэц нь тааруу. Уг нь хотын захиргаа тэнд очсон бол тус дүүрэг хөгжих байсан болов уу. Гэтэл хотын удирдлага хүсээгүй бололтой. Агаар, хөрсний бохирдлоос зугтаад өөрсдөдөө ашигтай шийдвэр гаргачихав уу даа гэмээр.

-Тэргүүлэгчдийн хурлаар хотын захиргааг Яармаг руу нүүлгэх асуудлыг хэлэлцээгүй байгаа. Уг асууддыг Засаг дарга С.Батболд нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд өргөн барь-сан. Эцсийн шийдвэр хараахан гараагүй байна. Хотын захиргааг Сонгинохайрхан дүүрэг рүү нүүлгэх боломж өмнөх дарга нарт байсан уу гэвэл байсан. Урьдчилсан зураг төсөл хийлгэж байсан юм билээ. Харамсалтай нь, тэд хийж чадаагүй. Тэдэнд хөрөнгө мөнгө, боломж, цаг хугацаа байсан. Харин ИТХ-аас Сонгинохайр-хан дүүрэг дэх газарт нь хямд өртөгтэй орон сууц барих шийдвэрийг өнгөрсөн оны сүүлчээр гаргаж, хөрөнгө баталсан.

-Хотын захиргааг Яармаг руу нүүлгэхтэй зэрэгцээд Буянт-Ухаад эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай ярьж буй. Монгол Улс хил дээрээ чөлөөт бүс байгуулах гээд өнөө хэр нь чадахгүй байгаа. Хот чөлөөт бүс байгуулж чадах уу. Хөрөнгө дэмий зарсан мөрөөдөл болчих вий дээ.

-Өмнөх чөлөөт бүсүүд хөгжөөгүй нь хууль, эрх зүйн орчин болон хүн ам, дэд бүтцийн гээд олон хүчин зүйлээс шалтгаалсан. Харин бид Улаанбаатар хотын шинэ, хуучин нисэх онгоцны буудлыг түшиглэн хотын эдийн засгийн тусгай бүс байгуулах асуудлыг судалж байгаа. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнгөрсөн нэгдүгээр сард судалгаа, тооцоо хийх ажлын хэсэг байгуулсан. Үүгээр Улаанбаатар хотын урт хугацааны тогтвортой хөгжлийн суурийг тавих юм. Бид өнөөдрийг хүртэл өдөр тутмын ахуйн асуудалтайгаа зууралдаж, аргацаах байдлаар өдөр хоногийг өнгөрөөж, урт хугацааныхаа хөгжлийн бодлогын суурийг тавьж чадаагүй учраас иргэд нь ажилгүй, айл өрх нь орлогогүй, хот нь бие дааж хөгжих чадамжгүй байна. Одоогоор уг ажилд зориулж нэг ч төгрөг төсөвлөөгүй. Бодит ажил болгох боломж байгаа, эсэхийг л судалж, тооцож байна. Хэрэв Улаанбаатар хотын эдийн зас-гийн чөлөөт бүс байгуулах болбол одоо байгаа нөөц бололцоондоо тулгуурлана. Шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулахаар хуучин нь суларна. Үүнийг бид боломж болгож, үр өгөөжтэй ашиглах учиртай. Зөв ашиглахгүй бол орхигдож эзэнгүй дэхийн зэрэгцээ газрыг нь талх шиг зүсэж, хувааж аваад, дахиад л ямар ч төлөвлөлт, зохион байгуулалтгүй нэг хэсэг болж хувирах эрсдэлтэй.

-Тэнд юу байгуулах юм бэ?

-Нийслэлийн иргэдийг тогтвортой ажлын байраар хангах нь юу юунаас чухал байна. Иргэд нь ажилтай орлоготой, амьжиргаа сайтай бол хот хөгжинө. Банк, санхүүгийн байгууллага, төрөл бүрийн үйлдвэрлэл, технологи, үйлчилгээ, агаарын тээвэр, аялал жуулчлал бүхий эдийн засгийн тусгай бүс байгуулахаар зорьж байгаа. Ингэснээр багадаа 60, цаашлаад 100 мянган ажлын байр бий болно. Хоёр хөрш рүү чиглэсэн агаарын тээвэр, авто болон төмөр замаар дамжсан бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлэх, улмаар олон улсын жишигт нийцсэн төв бий болгох замаар иргэдээ ажилтай болгоё гэж төлөвлөж байна. Үүнийг нийслэлийн ИТХ-ын хурлаар нээлттэй хэлэлцэнэ. Эвд тэнд нэг орон сууц, сургууль, цэцэрлэг барих тухай яриад л байдаг. Ирээдүйд иргэд хэрхэн ажилтай, орлоготой болж, хот нь хөгжилтэй байх үндэс суурийн тухай одоо л ярьж шийдэхгүй бол ажилгүйдэл, ядуурлаас нийслэл хэзээ ч ангижрахгүй.

-Хотын үе үеийн удирдлага гэрэлтэй ирээдүйн талаар ярьдаг ч тэр бүр биелдэггүй. Та бүхний барьж ажиллах чиглэл юу вэ?

-Хотын эдийн засгийг бэхжүүлэх, иргэдээ ажилтай, орлоготой, аюулгүй амьдруулах нь бидний нэн тэргүүний зорилт. Бидэнд боломж их бий. Тэрхүү боломжийг дор бүрнээ хувьдаа биш, хотын хөгжилд зориулж чадвал хөгжил бидэнд ойртоно. Бүх түвшинд боломжийг яаж зөв ашиглах, хэрхэн хамтарч ажиллахаас их зүйл хамаарна. Өнгөрсөн 20 гаруй жил худаг, зам, хог, гэрэлтүүлэг, гудамж талбай гэх зэрэг ахуйн асуудлаа ярьсаар байгаа боловч алийг нь ч цогцоор нь шийдэж чадаагүй. Уг нь иймэрхүү ахуйн асуудлыг аль хэдийнэ шийдчихсэн байх ёстой. Үүнээс үүдэн хүний, хотын хөгжил зэрэг ирээдүйн хөгжлийн томоохон сууриа бид бэхжүүлж чадсангүй. Тиймээс аливаа асуудлыг урт хугацаанд тогтвортой үр өгөөж өгөхүйц хэмжээнд цогцоор шийдэх нь бидний зорилго байх ёстой гэж хардаг.

-Өнгөрсөн дөрвөн жилд Улаанбаатар хотод түүхэн үйл явдал болж, хоёр ч дүүргээ дагуул хот болгосон. Гэтэл өнөөдөр тэдгээрийн захирагч нар нь ямар ч эрх мэдэлгүй, архи, тамхи худалдах зөвшөөрөл өгөхөөс өөр хийх ажилгүй байгаа. Одоо бараг мартагдаа биз. Ийм байхад төрийн залгамж халаа ярих нь дутагдалтай санагдах юм.

-Уг нь дагуул хотыг бий болгож хөгжүүлэх нь миний санаачилсан ажил байгаа юм. Харамсалтай нь, шийдвэр гаргахдаа алдаа гар-гаснаасүүдэн өнөөдөрдагуулхотууд өөхчбиш, булчирхай ч биш болчихсон. Үүнийг цэгцлэх, хууль, эрх зүйн шинэчлэл хийх шаардлага бий. Бие даан хөгжих нөхцөлийг нь бүрдүүлэхийн тулд татвар, эрх зүй, эдийн засгийн буюу төсвөө өөрөө бүрдүүлж, захиран зарцуулах боломжийг нь бүрдүүлж өгөх гээд олон асуудал байна.

Дүүргүүдийг өөрсдийнх нь онцлог, газар нутгийнх нь давуу тал, хүн амынх нь нягтаршлаас хамаарч хөгжүүлэх, төлөвлөх шаардлагатай. Зарим томоохон дүүргийг хуваах зэргээр төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэхээс эхлээд хөгжлийн асуудлыг түргэвчлүүлэх шаардлага бий.

Ярилцсан Г.Баярцэцэг

ШИНЭ МЭДЭЭ