МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

С.Чинзориг: Улс төрийн хүчнүүд ашиг хонжоо хайх үүднээс "Засаг огцорно" гэдэг яриа гаргаж байж магадгүй
УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг
2018.04.06
Улстөр

С.Чинзориг: Улс төрийн хүчнүүд ашиг хонжоо хайх үүднээс "Засаг огцорно" гэдэг яриа гаргаж байж магадгүй

УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригтой ярилцлаа.


-Эрдэнэт үйлдвэр, Өмнөд Африкийн Стандарт банк хоорондын асуудал анхаарал татсан сэдвийн нэг болоод байгаа. Эрдэнэт үйлдвэр Стандарт банкинд 109 сая ам.доллар төлөх шийдвэр гарсан. Хуурамч гарын үсэг зурсан, зураагүй гээд яригдаж байна. УИХ-ын гишүүний хувьд Арбитрийн шүүхийн асуудлыг хэрхэн харж байгаа вэ?

-Нэгдүгээрт, би хэвлэлийн хэмжээнд тантай л адилхан мэдээлэлтэй байна. Хоёрдугаарт, тухайн үеийн Засгийн газар, ТӨХ, Эрдэнэт үйлдвэрийн түвшинд энэ асуудлыг ярьж байсан уу, гарын үсэг нь үнэн үү, хуурамч уу гэдгийг мэдэхгүй. Хууль хяналтын байгууллага шуурхай шалгаж асуудлыг нэг мөр цэгцлээсэй гэж бодож байгаа.

Миний хувьд буруутай этгээдээр нь Стандарт банкинд төлөх ёстой төлбөрийг нь төлүүлэх нь зөв гэж бодож байна. Энэ хугацаанд асуудлыг олон талаас нь авч үзэж, зөв шийдээсэй, хүн хэлмэгдүүлэх асуудал гарах вий гэдэг болгоомжлол ч байгааг хэлье.

-Эрдэнэт үйлдвэр уг төлбөрийг нь төлнө гээд байх юм. Хувь хүний зээлийг улсын үйлдвэр төлөх нь зүйд нийцэх үү. Эхнээсээ улсын үйлдвэрээр өөрөөр нь төлүүлэх гэж байсан байж болох уу?

-Яагаад Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг барьцаалж зээл авсан асуудал Арбитрийн шүүх дээр унав гэдэг дээр би бас эргэлзэж л байна. Өмнө нь хэд хэдэн удаагийн Арбитрийн шүүхийн асуудал ороод ялж л байсан. Магадгүй зориудаар бодит мэдээллээ гаргаж өгөхгүй байсаар байгаад Эрдэнэт үйлдвэрийг хүнд байдалд оруулчихсан юм биш биз гэсэн харамсал ч бий, надад.

Эргэлзээ бий шүү.

Одоогийн Эрдэнэт үйлдвэрийн удирдлагад хууль бусаар 49 хувийг нь авсан гээд байгаа талын төлөөлөл удирдах түвшинд нь ажиллаж байгаа юм билээ. Тиймээс тэр хүмүүсийн зүгээс ийм арга сэдсэн юм биш биз гэдэг болгоомжлол ч байна. Үнэн бодит мэдээллийг нь шаардлагатай хугацаанд нь өгөөд явсан бол энэ асуудал шударгаар шийдэгдэх боломж байсан байж магадгүй.

-Оюу толгойтой холбоотой зүйлс ярианы нэг сэдэв боллоо. Анх гэрээ байгуулсан асуудлаас нь эхлээд АТГ С.Баярцогт, Ариунсан, Б.Бямбасайхан нарыг хориод шалгаж байна. Хувийнхаа дансаар их хэмжээний мөнгө авсан гээд шуугьж байгаа. Ардчилсан намын бүлэг АН-ын гишүүдийн барьж хорилоо. С.Баяр, Д.Зоригт нарыг ч гэсэн хорьж шалга гээд байгаа л даа...

-Эрдэнэттэй адилхан хэвлэлийн мэдээлэлтэй л байна. Оюу толгойг бид үр дүнтэй ажиллуулж, үр шимийг нь Монголын ард түмэн хүртэх ёстой. Би Дэд сайдаар ажиллаж байхдаа байгалийн баялгийг ард түмэндээ тэгш шударгаар хүртээх хууль эрх зүйн орчныг бий болгоё гээд хуулийн төсөл боловсруулж 2008 оны хавар УИХ-д өргөн барьж байсан.

Тэр хуулиар иргэдэд байгалийн баялгаас олсон орлогыг бэлэн мөнгө байдлаар тараахгүй байя, байгалийн баялгийг ашиглаж байгаа үедээ олсон орлогоосоо байгалийн баялаг дууссан үед нь илүү их орлого олдог байх хууль эрх зүйн орчинтой болгоё гэсэн юм. Харамсалтай нь 2008 оны сонгуулийн дараа уг хуулийн төслийг өөрчлөөд иргэн бүрт 20 мянган төгрөг тараахаас эхлээд бэлэн мөнгө болгосон.

Одоо хүртэл би үүнд харамсдаг.

Тэр үед байгалийн баялгийг иргэддээ тэгш хүртээх хууль батлагдсан бол бид өнөөдөр багагүй хөрөнгийн эх үүсвэртэй болох байсан гэж боддог. Тэр үед би хууль хийхдээ тухайн үед гадаадын хөрөнгийн бирж дээр Баялгийн сангийн орлогыг эргэлдүүлдэг байх, тодорхой удирдлагын баг сангийн менежментийг хийдэг байхаас эхлээд нэлээд олон шинэлэг зүйлийг оруулж ирсэн юм, уг нь. Даанч өөр болгоод уг хуулийг өөрчилчихсөн.

Оюу толгойн гэрээтэй холбоотойгоор УИХ-ын дарга захирамж гаргаад ажлын хэсэг гаргасан. Үүнийг шалгаж үзэх ёстой. Гол нь засч сайжруулах зүйлээ зөв тодорхойлоод богино хугацаанд засах шаардлагатай. Ялангуяа маш их хардлага дагуулдаг Дубайн гэрээг ч шалгах ёстой. Оюу толгойн хөрөнгө оруулалтын хэмжээ анх төлөвлөгдсөнөөсөө нэлээд давсан. Тиймээс монголд ирэх ашиг хойшилж байгаа гэдэг зүйл яриад байгаа шүү дээ. Үнэхээр бодитой хөрөнгө оруулалт байсан уу, үгүй юу гэдгийг сайтар шалгаж иргэдэд үнэн зөв мэдээлэл өгөх хэрэгтэй. Хариу өгөхгүй байгаа учраас хүн бүр хардаж байна. Хүн хардах эрхтэй. Хардлага удахаараа үнэн юм шиг болчихдог. Хууль хяналтын байгууллага богино хугацаанд шалгах, УИХ-аас гарсан ажлын хэсэг гэрээнд өөрчлөлт оруулах асуудал байна уу, үгүй юу гэдгийг шийдэж эргэлзээг тайлах нь зөв.

-Цаазын ялыг сэргээх тухайд та ямар байр суурьтай байгаа вэ. Төрийн тэргүүн бол насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн, амь насыг нь хохироосон бол цаазар авах ёстой гэдэг байр суурьтай байгаа юм билээ...

-Цаазын ялыг сэргээх үү, үгүй юу гэдэг дээр одоо байр суурь илэрхийлэхэд хүнд байна. Хүүхдийн эрхийг хамгаалахтай холбоотой хууль эрх зүйн орчныг сайжруулах ёстой. Хүүхдийг бэлгийн хүчирхийлэлд оруулсан хүнийг шийтгэх эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай юу гэвэл тийм. Түүнчлэн хүүхдийн хүчирхийллийн асуудлыг нарийвчлан авч үзэх хэрэгтэй.

Хүчирхийлэлд өртсөн хүүхдэд үзүүлдэг нөхөн сэргээх чиглэлийн үйлчилгээнүүдийг бий болгох цаг болсон.

Ялангуяа бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд гэдэг бол насан туршдаа айдастай, дарамтанд ордог. Бага насны хүүхэд хүчирхийлсэн байна гээд тухайн үед нь бид яриад орхидог. Хүчирхийлэлд өртсөн хүүхдэд үзүүлдэг нөхөн сэргээх үйлчилгээг шинээр бий болгох шаардлагатай. Энэ талаар би яамныхандаа хэлж Хүүхэд хамгааллын тухай хуульдаа яаралтай өөрчлөлт оруулъя гэж байгаа.

Цаашид хүүхдийн асрамж, халамжийн санхүүгийн асуудалд анхаарах цаг болжээ. Өнөөдөр манай улсад хүүхдийн асрамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 36 байгууллага бий. Тэднээс дөрөв нь улсын төсвөөс санхүүжилт авдаг бол үлдсэн 32 төв нь ТББ, олон улсын байгууллагын санхүүжилтээр явдаг. Хүүхэд хамгааллыг бид ТББ, олон улсын байгууллагын хөрөнгөнд найдаад орхиж болохгүй. Төр гэж байгаа бол хүүхэд хамгаалал, асрамжтай холбоотой зардалд улсын төсвөөс мөнгө гаргадаг болох нь чухал. Манайхан Монгол Улсад гадны шашны нөлөө их орж ирлээ гэж шүүмжилдэг. Шуудхан хэлэхэд хүүхдийн асрамжийн 32 төвийн хэд нь гадны шашны санхүүжилтээр үйл ажиллагаа явуулж байгааг мэдэхгүй шүү дээ. Тиймээс санхүүжилтийн асуудлыг засаг нуруундаа үүрэхээс өөр аргагүй.

-Сүүлийн үед Засгийн газрыг огцруулах гэж байна гэж бор шувуу нисч эхэллээ. Эсвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх дөрвөн сайдаа солихоор болсон гэх юм. Засаг дээр тийм сураг чимээ сонсогдоно уу?

-Ам дамжсан ярианд хариу өгөх хэцүү. Хаврын чуулганы өмнө гишүүд тойрогтоо ажиллаж байхад бид чуулган завсарласан хугацаандаа яамныхаа ажлыг цэгцлэх гээд бичиг цаастай зууралдсаар байгаад таарлаа. Хүмүүсийн ховонд хариу өгөх цаг зав ч алга.

-Засаг дотроо эв түнжингүй боллоо гээд байгаа шүү дээ?

-Засаг дотроо эв түнжингүй байгаа зүйлийг харсангүй. Засгийн газар дээр асуудал дээр асуудал хэлэлцэж байгаа сайд нар хааяа өндөр дуугаар ярих, үг сөрөх байдал гардгийг үгүйсгэхгүй. Асуудал хариуцсан сайд нар учраас байр сууриа хамгаалах зүйл байдаг. Энэ ердийн зүйл. Тийм зүйл нь савандаа багтахаа байгаад савнаасаа хальсан зүйл байхгүй. Улс төрийн нөгөө хүчнүүд ашиг хонжоо хайх үүднээс “засаг огцорно” гэдэг ийм яриа гаргаж байж магадгүй. Тэр гэхдээ газар авахгүй байлгүй дээ. Засгийн газар огцорлоо гээд хэнд ашигтай юм. Засаг огцорлоо гээд ард түмэнд сайн үр дүн очихгүй.

-Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төслийг та Их хурлын даргад өргөн барьсан. Уг өөрчлөлтөөр ямар заалтууд өөрчлөгдөж байгаа бол. Хуулинд шинэчилсэн найруулга оруулах болсон гол зорилго юу байв?

-Хөдөлмөрийн хуулийг 1999 онд баталснаас хойш 19 жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд Хөдөлмөрийн хуулинд шинэчилсэн найруулга хэлбэрээр өөрчлөлт ороогүй. Харин нэмэлт, өөрчлөлт орж байсан. Энэ хугацаанд Монгол Улсын нийгэм эдийн засгийн харилцаанд асар их өөрчлөлт гарсан. Тиймээс одоогийн хуулиар зохицуулж чадахгүй зүйлс гарч ирсэн юм. Тэр утгаараа шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж Их хуралд өргөн барьсан. Шинэчилсэн найруулгын төслийг богино хугацаанд өргөн барьж байгаа юм биш. 2008 оноос хойш хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд өөрчлөлт оруулахаар эзэд, үйлдвэрчний эвлэл, Засгийн газар гурав ажиллаж ирсэн байдаг. Би 2015 онд Хөдөлмөрийн сайдаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн хуулинд шинэчилсэн найруулга оруулахаар өргөн барьж, Их хурал хэлэлцэх эсэхийг нь шийдэж байсан юм. Харамсалтай нь тухайн үед МАН засгаас гарсантай холбоотойгоор энэ хууль буцаагдсан. Энэ удаагийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Их хуралд дахин өргөн барьсан. Эзэд, үйлдвэрчний эвлэл, Засгийн газрын хооронд хэд хэдэн удаагийн зөвшилцөл явагдаж байсан болохоор өнөөдөр нээлтээ хийх хаврын чуулганаар хэлэлцүүлэх төлөвлөгөөтэй байна.

-Хөдөлмөрийн ямар харилцааг уг хуулиар зохицуулахаар болж байгаа бол?

-Зохицуулагдаж чадахгүй байгаа олон харилцаа бий. Тухайлбал, энэ удаагийн хуулийн шинэчилсэн найруулгаар хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан л бол тухайн ажилтны нийгмийн баталгаа, цалин хөлстэй холбоотой харилцаа зохицуулагддаг. Гэтэл аж ахуйн нэгжүүд хөдөлмөрийн гэрээ байгуулалгүйгээр дадлагажигч, туршилт гэх нэрээр гэрээ байгуулалгүй нэлээд хугацаанд ажиллуулдаг. Тиймээс тухайн ажилтны нийгмийн хамгаалал, цалин хөлстэй холбоотой асуудал зохицуулалтгүй үлддэгээс болж тухайн ажилтан хохирч үлддэг. Одоогийн хуулиар хөдөлмөрийн харилцаа үйлчилж эхэлсэн бол Хөдөлмөрийн тухай хуулиар нийгмийн хамгаалалт, цалин хөлстэй холбоотой асуудлыг зохицуулдаг байхаар тусгаж өгч байгаа. Нэг үгээр хэлбэл хамрах хүрээ нь өргөжиж байна гэсэн үг.

Хоёр дахь асуудал нь одоогийн хуулиар зохицуулагдахгүй байгаа хөдөлмөрийн харилцаатай холбоотой олон асуудлыг зохицуулна. Тухайлбал, залуус зайнаас буюу гэрээсээ ажил үйлчилгээ хийдэг шинэ харилцаа бий болсон. Гэрээсээ алс ажиллаж байгаа хүмүүсийн ажил, амралтын цаг нэгдсэн зохицуулалтгүй байна. Түүнчлэн хүний нөөцийн үйлчилгээ явуулдаг компаниудаар гэрээгээр үйлчлүүлдэг харилцаа бий болсноос эхлээд олон харилцааг зохицуулах боломж алга. Нэгэнт эдгээр харилцаа нийгэмд бий болсон учраас зохицуулах зайлшгүй шаардлагатай. Тиймээс энэ удаагийн хуулиар зохицуулалт хийхээр тусгасан.

-Танай яамны зүгээс энэ удаагийн хаврын чуулганы үеэр ямар асуудлуудыг хэлэлцүүлэхээр төлөвлөөд байгаа вэ?

-Яамны зүгээс энэ оныг салбарын хууль зүйн шинэчлэлийн жил болгон зарласан. Удахгүй Халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барина. Мөн Нийгмийн даатгалын багц хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал байна. Олны анхаарал хандуулаад байгаа Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий. Удахгүй Засгийн газраар оруулаад Их хуралд өргөн барих төлөвлөгөөтэй байгаа.

-Засгийн газрын хуралдаанаар хүүхдийн мөнгийг 60 хувьд биш 80 хувьд нь олгох шийдвэр гаргалаа. Цаашид бүрэн олгох уу?

-Засгийн газар хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгох зорилт тавин ажиллаж байгаа. Өмнө нь ч гэсэн энэ тухайгаа хэлж байсан. Өнгөрөгч хоёрдугаар сард ОУВС-гийн ажлын хэсэгтэй хэлцэл хийсний дүнд дөрөвдүгээр сараас эхлэн хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгох талаар ярьсан. Донор орон болох Азийн хөгжлийн банктай явагдсан хэлэлцээр амжилттай болж хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгохоор болсноо Сангийн сайд мэдэгдсэн. Тиймээс ОУВС-тай зөвшилцсөний дагуу энэ дөрөвдүгээр сараас эхлэн хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаас дэмжлээ. Одоо Их хуралд өргөн барина. Хүүхдийн мөнгийг 80 хувь нь авна гэхээр 880 гаруй мянган хүүхэд хамрагдах юм.

-Өмнө нь хүүхдийн мөнгө аваагүй байсан тэр мөнгө нь нөхөж олгогдох уу. Үлдсэн 20 хувь нь яах вэ?

-Одоо нийт хүүхдийн 60 хувьд олгож байна. Дөрөвдүгээр сарын нэгнээс 20 хувиар нэмэгдүүлж 80 хувьд нь л олгоно. Энэ 80 хувь нь л авна гэсэн үг. Үлдсэн 20 хувьд нь хүүхдийн мөнгийг нэмж олгох асуудал одоогоор яригдаагүй.

-Засгийн газрын хуралдаанаас мөн төрийн албан хаагчдын цалинг ирэх аравдугаар сараас нэмэх болсон шийдвэр гарсан гэх юм?

-Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага бий. 2014 онд тухайн үеийн Засгийн газар төрийн албан хаагчдын цалинг нэмснээс хойш цалин нэмэгдээгүй. Цалин нэмэгдээгүй энэ хугацаанд юмны үнэ өсч, инфляци өндөр гарлаа. Валютын ханш ч нэмэгдсэн. Тиймээс Засгийн газар өнгөрөгч оны төсөвтөө тодотгол хийж төрийн албан хаагч нартаа 54 тэрбум төгрөгийг урамшуулал байдлаар олгосон. ОУВС-тай хэлэлцээр хийсний дүнд энэ дөрөвдүгээр улирлаас цалинг нэмэх нь зүйтэй гэж үзсэн. Иргэдийн худалдан авах чадвар буурч, ядуурлын түвшин нэмэгдэх хандлагатай байна.

-Тэдэн төгрөгөөр нэмнэ гэсэн урьдчилсан тооцоо гарсан уу?

-Тэдэн төгрөгөөр нэмнэ гэж хэлэхэд эрт байна. Нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээр дээр яригдана. Түүнчлэн Засгийн газар дээр ярьж, санхүүгийн эх үүсвэрээ эцэслэн шийднэ.

ШИНЭ МЭДЭЭ