Цаазаар авах ялыг нийгмийн ядуу,эмзэг бүлэгт илүү оноодог
2018.04.04
Хүний эрх

Цаазаар авах ялыг нийгмийн ядуу,эмзэг бүлэгт илүү оноодог

Монголын Эмнести Интернэшнлийн Гүйцэтгэх захирал Б.Алтантуяа:

Эмнести Интернэшнлийн хувьд цаазаар авах ялыг бүх тохиолдолд эсэргүүцдэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан хүний амьд явах эрхийг зөрчдөг гэж үздэг. Ингэснээрээ хэрэгтэнд ял завших боломжийг олгож байгаа гэсэн үг биш. Харин ч хэрэгтнийг шударгаар шүүж, тохирох ялыг оногдуулахыг шаарддаг.

Цаазаар авах ял байх ёсгүй хэд хэдэн үндэслэл  шалтгаан бий. Үүнд:

Нэгд, цаазаар авах ял гэмт хэргийн гаралтыг бууруулдаггүй. Нийгэм оюун санааны хувьд доройтолд орсон нөхцөлд гэмт хэргийн гаралт нэмэгдэж, эрүүгийн нөхцөл байдал хүндэрдэг. Гэмт хэрэг гэдэг бол нийгмийн үзэгдэл бөгөөд гагцхүү түүнийг хуулийн хяналтаас гаргаж болохгүй. Хүн амины хэрэг, бага насны хүүхдийг хүчирхийлж буй  хүмүүсийн ихэнх нь  архидан согтуурсан эсхүл сэтгэцийн хямралд орсон байх үедээ хийж буй үйлдлийнхээ үр дагаварыг ухамсарлах чадваргүй байдаг. Тиймээс тухайн нөхцөлд цаазаар авах ялаас айж эмээх сэтгэл тэдэнд төрдөггүй. Нөгөөтэйгүүр цаазаар авах ялаас айж сүрдэх нь бүр ч эсрэг үр дүн авчирдаг. Цаазын ялаас айсан гэмт хэрэгтэн “би дүүрсэн хүн” гэсэн сэтгэхүйгээр хандаж хохирогчоосоо гадна уг гэмт хэргийг харсан бүх гэрчийг устгахыг оролддог. Гэмт хэрэгтнийг баривчлах, яллах, шийтгэх нь гэмт хэргээс сэргийлэх найдвартай хамгаалалт болдог. Цаазаар авах ял гэмт хэргийг зогсоох үр нөлөөгүйгээс хойш бид энэ ял байх ёстой байх ёсгүй гэж маргахын оронд хүчирхйиллийн гэмт хэргүүд яагаад гарах болсон учир шалтгааныг судлах ёстой. Сүүлийн жилүүдэд Монгол улсад гэмт хэрэг өсөх болсон суурь шалтгаан нь гэмт хэрэгтнүүдэд ял  ихээр завшуулж байгаа явдал юм. Хүчирхийллийн гэмт хэрэг ихээр бүртгэгддэг ч түүний тун цөөхөн хувь нь шүүхээр хэргээ шийдвэрлүүлж ял авдаг. Харамсалтай нь авсан ялыг нь биеэр бүрэн эдлүүлэлгүйгээр улс төрчид элдэв янзын өршөөлийн хуулиар ялаас чөлөөлдөг болсон нь амташсан хэрээ 13 дахина гэгч болгохоос гадна маш олон хүнд ийм гэмт хэрэг хийвэл ялгүй өнгөрч болдог гэсэн сэдэл төрүүлдэг.  

Хоёрт, цаазаар авах ялыг нийгмийн ядуу, эмзэг бүлэгт илүү оноодог: Цаазаар авах ялаар шийтгэгдсэн хүмүүсийн дийлэнх нь амьдралын түвшин доогуур, эмзэг бүлгийн иргэд байдаг. Учир нь тэдэнд өөрийгөө хамгаалах, хууль зүйн туслалцаа авах мөнгө байдаггүй. Өнөөдөр Монголд хөдөлшгүй баримт нотолгоогоор хүний гэм буруутайг тэр бүр тогтоож чадахгүй байна. Гэрчийн мэдүүлэг хөдөлшгүй баримт нотолгоо болж чаддаггүй. Хэн ч үгсэн хуйвалдаад нэгнийхээ эсрэг мэдүүлэг өгч болно. Манай улсын нотлох баримт бүрдүүлэх арга ихээхэн хоцрогдсон, шинжлэх ухааны ололт дэвшлийг ашиглаж чаддаггүйг судлаачид сануулсаар байна.

Гуравт, шүүхийн алдаатай шийдвэр хэлмэгдүүлэлт авчирдаг. Шүүх ажиллагааны алдаанаас болж цаазаар авах ял оноосон, егүүтгэсэн зэрэг ноцтой алдаанууд гарч байсан удаатай. Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт гарсан хүн амины хэрэгт Монгол Улсын 5 иргэн сэжиглэгдэж тус бүр 207-1252 хоног хоригдсон байдаг. Тэр тавын дөрөвт нь шүүхээс нэг удаа цаазаар авах ял оноосон. Харин эцсийн шатны шүүхийн шийдвэрээр тэдгээр нэр бүхий иргэд цаазаар авахуулах биш, үйлдсэн гэх хэрэг нь хэрэгсэхгүй болж цагаадсан. Нөхөшгүй алдаанаас зайлсхийх хамгийн оновчтой арга нь цаазаар авах ялыг бүх насаар нь хорих эсхүл тодорхой хугацаагаар хорих ялаар солих явдал юм. Өөрөөр хэлбэлгэмт этгээдийг баталгаатай шийтгэхийн тулд гэмгүй нэгнийг цагаатгах боломжтой байлгахын тулд цаазаар авах ялыг халдаг. Хоригдож буй хүний гэм буруугүй нь нотлогдвол түүнийг суллаж болдог, гэтэл цаазлуулсан хүнийг дахин амьдруулах ямар ч арга байхгүй. Улс төр, эдийн засгийн ашиг сонирхол давамгайлсан хууль, хуулийн байгууллагууд байгаа цагт гэм буруугүй хүнийг цаазлах эрсдэл хэзээ ч арилахгүй. 

Дөрөвт, цаазаар авах ял нь хүчирхийллийг зогсоох шийдэл санал болгохын оронд харин ч хүчирхийллийг төрүүлдэг. Төр өөрөө хүний амийг хороож байгаа нь хүч хэрэглэх явдлыг өөгшүүлж, хүчирхийллийн тойргийг бий болгодог. Төр хүний амь нас ямар ч үнэ цэнэгүй болохыг бусдад харуулж бас сургаж байна. Цаазаар авах ял бол төрийн зүгээс шийдвэрлэж чадахгүй байгаа нийгмийн асуудлаа төмөр нүүр гарган, хүчирхийллийн аргаар түргэн шийдэх гэсэн оролдлого юм.

Тавд,  “Хүн байхгүй бол асуудал байхгүй” хэмээн цаазлах ялыг хэрэглэхээр хандах нь шударга бус. Гэмт этгээдийг цаазалснаар төр асуудлыг хаадаг. Тэглээ гээд хохирогчийн хохирол бүрэн арилдаггүй. Хохирогчдод “Та нарын хүсэлтийн дагуу цаазласан, амийг амиар сольсон” хэмээн хэлээд хэргийг дуусгадаг. Харин цаазаар авах ялыг халсанаар хохирогчийн нөхөн төлбөрийн асуудал, ялтныг гянданд тохирсон хөдөлмөр эрхлүүлэх замаар насан туршид нь төлбөрийг барагдуулах зэрэг бусад эдийн засгийн шийтгэлийн хувилбаруудыг хэрэгжүүлэх боломж нээгддэг.  

Зургадугаарт, Цаазаар авах нь хүний амийг санаатайгаар, онц хэрцгийгээр бүрэлгэж байгаа хэрэг мөн. Цаазаар авах ялын гүйцэтгэл нууцаар явагддаг. Хэнийг хэзээ, яаж хороосныг хэн ч мэддэггүй. Ар гэрийнхэн нь  ядаж цаазлагдах өдөр цагийг нь хэлээд өгөөч зул асаая гэж гуйдаг. Шарилыг нь аваад оршуулья гэдэг. Гэтэл ямар ч тийм боломж байдаггүй ба бүх зүйл хүний ёсноос гадуур явагддаг. Цаазаар авах ялын гүйцэтгэлийг тойрсон нууцлалын асуудал эргээд гэмт хэрэгтэнд ял завшуулах боломж олгодог. Маш олон хохирогч гэмт хэрэгтэн нэр, нүүрээ солиод ял завшсан гэсэн гэдэгт итгэж явдгаа хэвлэл мэдээлэл, судлаач шинжээчдэд өгүүлсэн байдаг.

Долдугаарт, цаазаар авах ялыг хуулиндаа байлгавал энэ ялыг улс төрийн зорилгоор ашиглах боломж улс төрчдийн гарт ордог. Төрийн нэрийн өмнөөс гэсэн мөртлөө олны нүд, хараа хяналтаас нууц далд байлгаж, хороодог энэ ялыг халах нь туйлын зөв шийдэл юм.  Улс төрчид ихэнхдээ энэ дарангуйллаа хадгалах гэсэндээ цаазаар авах ялыг халах эсэх асуудлаар бүх нийтийн асуулга явуулах хэрэгтэй, иргэдийн ихэнх нь дэмжиж байна гэсэн үндэслэлгүй шалтаг хэлдэг. Гэвч маш олон судалгаагаар иргэд цаазаар авах ялын талаар мэдээллэлгүй, өөрийнх нь нэрийн өмнөөс хэнийг, яагаад цаазлаж байгаа талаар ойлголтгүй байдаг.

Хүүхдийн эсрэг хүчирхийллийг зогсооход хэрэгтнийг илрүүлж, баривчилж яллах нь хамгийн чухал. Түүнээс цаазаар авах ялтай байна уу үгүй юу гэдэг нь тухайн гэмт хэрэгтнийг хэрэг үйлдэхэд нөлөөлөхгүй. Харин ч цаазаар авах ялтай байлаа гэхэд гэр бүлийн хүрээнд үйлдэгдсэн хэргийг нуун далдлах, цаашлаад гэрчүүдийг утсгах гээд илүү хор хөнөөлтэй үр дагавартай. Тиймээс цаазаар авах ял гэмт хэргээс сэргийлэх үр нөлөөгүй юм чинь бид энэ ялыг хэрэглэх тухай ярихаасаа илүүтэй ийм төрлийн гэмт хэргүүд гарахад нөлөөлж байгаа нийгэм, эдийн засгийн хүчин зүйлүүдийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Хүн бүр адил тэгш үнэ цэнэтэй. Ямар хэрэг хийснээс үл хамааран  өмнө дурдсан шалтгаануудын улмаас хэнийг ч цаазлахгүй байх нь зөв.

Бусад улс орнуудын хувьд тухайлбал цаазын ялгүй ОХУ, Франц, Герман, Канад зэрэг улс орнуудын хувьд ийм төрлийн гэмт хэрэгт олон жилийн хорих ял, бүх насаар нь хорих ял гэх мэтчилэн оногдуулдаг. Харин цаазын ялтай улс орнууд тухайлбал Хятад, Япон зэрэг улсуудад олон жилийн хорих ял, улмаар цаазын ял хүртэл оноодог. Гэвч цаазын ял оноож байгаа эдгээр улсад гарч буй хүчингийн гэмт хэрэг буураагүйгээр барахгүй энэ үзүүлэлтээр цаазын ялгүй бусад улсын үзүүлэлттэй харьцуулахад илүү өндөр байдгийг НҮБ-ын судалгаануудаас харж болно.

2017 оны Эмнести Интернэшнл байгууллагын судалгаанаас харахад хүчирхийллийн эсрэг хамгийн чанга хуультай гэгдэх Мексик улсад энэ хэргийн гаралт хамгийн өндөр байсан нь хатуу чанга ял оноохоос илүүтэйгээр бусад чиглэлд ялангуяа ял завшуулдаггүй байх, чанартай боловсрол олгох, ядуурлыг бууруулах, хүүхэд хамгааллын тогтолцоогоо сайжруулахад анхаарах шаардлагатайг харуулдаг.  

ШИНЭ МЭДЭЭ