МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2018.05.04
Эдийн засаг, Худалдаа

Ж.Ганбаатар: Эдийн засгийн өсөлт, ард иргэдийн амьдралд нөлөөлөхгүй байна

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг хэлэлцэж байна. Тус төлийг  Засгийн газар 2018.03.30-ны өдөр өргөн мэдүүлсэн юм. 

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 118 арга хэмжээнд  давхардсан тоогоор Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалаас 80.5 хувь буюу 95 арга хэмжээ, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрөөс 95.7 хувь буюу 113 арга хэмжээ, бусад бодлогын баримт бичгээс 8.5 хувь буюу 10 арга хэмжээ тусгагдсан бөгөөд нийт 5 бодлого, 17 зорилт, 118 арга хэмжээний биелэлтийг 2017 оны жилийн эцсийн байдлаар үнэлэхэд биелэлт 79.3 хувьтай гарсан байна.

УИХ-ын гишүүн Ж. Ганбаатар: 

Төмөр замтай холбоотой асуудлаар тайлбар авъя. Мөн 2017 онд Бичил аж ахуй нэгжийг бодлогоор дэмжиж 6000 мянган аж ахуй нэгжид дэмжлэг үзүүлэхээс 1000 гаруй аж ахуй нэгжийг дэмжиж ажиллажээ. Үр дүнд хүрээгүй  шалтгаан нь юу вэ?  Дотоодын болон, гадаадын хөрөнгө оруулалт ямар байв, үр дүн, биелэлт ямар байсан бэ?  Өнөөдөр эдийн засагт мөнгө хэрэгтэй байна. Бидэнд мөнгө байх шиг байна. Гэхдээ иргэдийн амьдралд хүрэхгүй, нөлөөлөхгүй байна. Эдийн засагт хөрөнгө оруулалт хэрэгтэй байна. Ард иргэд ажил хийе, биднийг дэмжээд өгөөч гэж хүсэж байна. Боломжийн олгож өгөөч.

Ажлын хэсэг: Төмөр замын чиглэлээр Таван толгой, Гашуунсухайтын төмөр замын төслийн зураг төслийг шинэчилж ажлыг үргэлжлүүлэх, Эрдэнэт овоотын концессын ажил гэх мэт 6 арга хэмжээ тусгагдсан. Өнөөдрийн байдлаар барилгын ажил хийгдээгүй. Зураг төсөл дууссан. Зарим шалгах ажил байгаа.

УИХ-ын гишүүн, Сангийн яамны сайд Ч.Хүрэлбаатар:

2017 онд Манай улсын эдийн засаг 5,1 хувиар өссөн.

Ард иргэд бизнесийн үйл ажиллагаанд хүрэхэд цаг хугацаа хэрэгтэй. Гэхдээ эерэг үзүүлэлт байна. Ноолуур, арьс ширний үнэлэмж өссөн. Энэ нь малчид өр зээлээсээ чөлөөлөгдөх боломж бүрдэж байна. Арилжааны банкнуудаас олгож байгаа зээлийн хэмжээ нэмэгдэж байна. Өнгөрсөн оныхоос 10 хувиар нэмэгдсэн байна. 2017 онд Монгол улс гаднаас 1,4 тэрбум ам,доллар авсан. Үүнд нөлөөлсөн гол зүйл бол зээлжих зэрэглэл нэмэгдэж, эдийн засаг өсөж байгаатай холбоотой. Гадныхан эдийн засаг өсөж байгаа гэж харж байна. Цаашдаа бид  тогтвортой байдлаа хадгалж, иргэдийн амьжиргаанд нөлөөлөх тал дээр ажиллах шаардлага байгаа юм.

ШИНЭ МЭДЭЭ