Д.Сарангэрэл: Тендерт шалгарсан ч ажлаа хариуцлагагүй хийдэг компаниудын хар жагсаалтыг гаргах шаардлагатай
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлтэй ярилцлаа
Та Эрүүл мэндийн сайд болоод багагүй хугацаа өнгөрлөө. Энэ салбарын хөгжил, өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ. Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхийн тулд ямар өөрчлөлт, шинэчлэл хийхээр төлөвлөж байгаа вэ?
-Эрүүл мэндийн салбарын үндсэн үүрэг юу вэ гэвэл хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалахаас эхлээд эцсийн эцэст монгол хүнийхээ насыг уртасгах л явдал. Би ажил аваад хагас жил болох гэж байна. Мэргэжлийн хамт олонтойгоо хамтарч тэргүүлэх чиглэлээ тодорхойлсон. Үүний нэг нь Эрүүл мэндийн даатгалын санг бие даасан үйл ажиллагаатай болгох байлаа. Засгийн газар, УИХ-ын дэмжлэгтэй энэ зорилт биеллээ олсон. Хамгийн гол нь эрүүл мэндийн салбарын бодлого,төлөвлөгөө даатгалын сантайгаа уялдаж, даатгуулагч төвтэй үйл ажиллагаа явуулах боломж бүрдлээ.
Хоёрдугаарт, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ажил хөдөлмөрийг бодитой үнэлдэг болох цалин урамшууллын тогтолцоог бүрдүүлэх зорилт тавьсан. Судалгааны ажил дуусч, үнэлгээний журам бий боллоо. Одоо төсөвт санхүүжилтийг нь суулгах ажил үлдэж байна. Мөн салбарын ажилтнуудын мэдлэг боловсролыг дээшлүүлэх ажлыг шат дараатай хийх төлөвлөгөө амжилттай хэрэгжиж байна. Энэ оны төсөвт 2.8 тэрбум төгрөг тусгаж сургалтын ажил хэрэгжүүлж байна. Үр дүнд нь гадаадад явж эмчлүүлдэг 39 өвчний тоо 32 болж буурлаа. Энэ нь эрүүл мэндийн салбарт эмчилгээний шинэ арга технологи нэвтэрч буйн үр дүн.
Гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлдэг байсан мэдрэл, зүрх судасны мэс засал, хавдар, эх барих, эмэгтэйчүүд, үргүйдлийн чиглэлээрх долоон өвчнийг эх орондоо бүрэн оношилж, эмчлэх боломжтой боллоо. Үүнийг дахин зургаагаар буулгах зорилт тавьсан. Цаашид төлөвлөсөн хэд хэдэн чухал ажил бий. Тухайн үед нь яръя даа хоёулаа.
-Манай улсын дундаж наслалт ямар байгаа вэ?
-Одоо манай улсын хүн амын дундаж наслалт эрэгтэй 69, эмэгтэй нь 89 байгаа. Ер нь дундаж наслалт 70 гэж болно. Үүнийг 1920-иод онтой харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. Тухайн үед дундаж наслалт 35-40 байжээ. Гэхдээ дундаж насыг Японтой харьцуулахад чамлалттай тоо. Одоогийн нөхцөл байдал нь манай улсын эмэгтэйчүүд эрчүүдээсээ харьцангуй өндөр дундаж наслалттай буюу дунджаар 75.2 насалж байна. Тэгэхээр ингэж чамлалттай наслахад юу нөлөөлөөд байна вэ. Энэ асуултын хариулт нь бодит судалгаа дүгнэлт, нотолгоонд суурилсан байх ёстой. Энэ нотолгоонд үндэслэсэн бодлого үйл ажиллагаа, түүнтэй уялдсан санхүүжилт, хүний нөөц, эмнэлэг, эмнэлгийн тусламж үйлчилгээ бүрдүүлж ажиллах шаардлагатай.
Ингэж ажиллавал ард иргэдийн хүсэн хүлээж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ бүрэн утгаараа бий болно.Үүний төлөө бид ажиллаж байна. Үйл ажиллагааны цар хүрээ маш их. Нэг амьсгаагаар хийх ажил биш. Гэхдээ цаг хугацаа алдахгүй ажиллах ёстой, сэтгэл гаргах хэрэгтэй. Үе үеийн сайд нар бүгд идэвх зүтгэлтэй ажилласан байдаг юм билээ. Тэр сайдын үед энэ ажил эхэлсэн, ийм ажил хийгдсэн гээд бахархалтай хэлэхийг сонсож байна.
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ БУСАД САЛБАРЫН АДИЛ АЛДАА ДУТАГДАЛ БИЙ. ГЭХДЭЭ ЭНЭ БОЛ ОНЦГОЙ САЛБАР
-Эрүүл мэндийн салбар нэлээд шүүмжлэлд өртдөг. Энэ салбарт үйлчилгээний соёл муу байгаагаас эхлээд эмнэлгийн хүртээмж хангалтгүй байгаа нь үнэн. Үүнд та ямар байр суурьтай байдаг вэ?
-Энэ удаа би эрүүл мэндийн салбарыг өмөөрмөөр байна. Эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудаараа бахархмаар байна. Энэ салбар хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж байна. Хөгжил дэвшил ч гарч байна. 90 настай эмээд мэс засал хийж аварч, 100 нас гарсан өвөөгийн хугарсан хөлийг бүтэн болгож байна. Элэг, бөөр шилжүүлж, ясны чөмөг суулгаж байна. Зүрх, уушиг, нойр булчирхай шилжүүлэн суулгах туршилтууд амжилттай хийж байна. Харамсалтай нь бид энэ хөгжил дэвшил,ур чадварыг нь үнэлэхгүйд л асуудал байгаа юм.
Ард иргэд өвдөж зовсон үедээ “Алтан гарт эмч нар минь, ариун сэтгэлт сувилагч минь” гэх боловч эмнэлгээс гараад л энэ үгээ мартаж, эрүүл мэндийн салбар хамгийн муу мэтээр ярих нь энгийн үзэгдэл болжээ. Энэ бүхэн цалин багатай ч цаг наргүй ажиллаж буй энэ хүмүүсийн урам зоригийг мохоож, уур уцаарыг нь хүргэж байна. Дээр нь манай хэвлэлийнхэн их нэрмээс болох юм. Эрүүл мэндийн салбарт бусад салбарын нэгэн адил алдаа дутагдал бий. Гэхдээ энэ бол онцгой салбар. Эмнэлгийн мэргэжилтний алдаа дутагдлыг мэргэжлийн байгууллага л тогтооно.
Гэтэл хэн нэгэн үйлчлүүлэгчийн ар гэрийнхэн гомдол гаргахад л эмчээ буруутгаад олон нийтэд түгээдэг. Сэтгүүлч ч эмнэлгийн ажилтны бурууг тогтоохгүй. Тиймээс мэргэжлийн байгууллага дүгнэлтээ гаргасны дараа мэдээлдэг Австри, Герман зэрэг хууль дүрэмтэй орны жишгээр хууль эрх зүйн орчноо бүрдүүлэхгүй бол эмч, иргэдийн дунд үл ойлголцол бий болох, ард иргэдийн эрүүл мэндийн салбартаа итгэх итгэл буурах, гадаад руу зорихыг илүүд үзэх, олон нийтийн сэтгэл зүйд нөлөөлөх зэрэг олон сөрөг үр дагавартайг хууль тогтоогчид, эрүүл салбарын ажилтнуудын эрх ашгийг хамгаалах үүрэгтэй төрийн бус байгууллагууд ч анхааралдаа авахыг хүсч байна.
-Улс орны эрүүл мэндийн гол үзүүлэлт нь эрүүл эх хүүхдийн эрүүл мэнд байдаг. Хэдийгээр эх хүүхдийн эндэгдэл өмнөх онуудаас буурч байгаа ч гэсэн сэргийлж болох эндэгдэл их байгааг мэргэжилтнүүд хэлдэг. Яамны зүгээс эх хүүхдийн эндэгдлийг бууруулахын тулд ямар арга хэмжээ авч байна вэ?
-Тийм ээ, эх, хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлт нь аливаа улс орны хөгжил, хүн амын эрүүл мэндийн төвшинг илтгэдэг. Манай улсын хувьд эх, хүүхдийн эндэгдэл өнгөрсөн онд буурсан үзүүлэлттэй гарсан. Гэхдээ энэ нь тайвширч болно гэсэн үг биш. Хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай гэж үзэж буй энэ чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллага, эрдэмтэн мэргэдийн саналыг дэмжиж байгаа.
Тиймээс Эх, хүүхдийн эрүүл мэндийн тухай хуулийн төслийг боловсруулаад байна. Эх, хүүхдийн эндэгдлийн чиглэлээр дорвитой өөрчлөлт гаргахад “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” баримт бичиг чухал ач холбогдолтой. Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газар бодлого, төлөвлөгөө гарган ажиллаж байгаа. Ажил хариуцаж буй газрын дарга эхний ээлжид нялхсын эндэгдлийн асуудлаар ажиллах төлөвлөгөө боловсруулж байгаа. Гол агуулга нь дутуу нярай амьсгалын хямралын гачаалын улмаас эндэж буйг таслан зогсоох мэргэжлийн арга зүй, эмчилгээ, санхүүжилт зэрэг цогц арга хэмжээ авах бодлого гаргаад дуусч буй талаар надад танилцуулсан.
Ер нь яамны газар, хэлтсийн дарга нар өөрсдийн санаачилгаар салбарын өмнө тулгамдаж буй асуудлаар чиглэлийнхээ дагуу бодлого төлөвлөгөө,санал санаачилга гарган ажиллаж байгааг тал бүрээр дэмжих болно. ДЭМБ, НҮБ-ын Хүн амын сан, Хүүхдийн сан болон бусад олон улсын байгууллагууд эх, хүүхэд, нярай, өсвөр үеийн эрүүл мэндийг сайжруулах үйл ажиллагаанд хамтран оролцож тусламж дэмжлэг үзүүлсээр ирсэн нь эх хүүхдийн эндэгдлийг бууруулахад чухал нөлөө үзүүлж буйг хэлэх ёстой. Эмнэлгийн тусламж үйлчилгээний бүх нийтийн хамралт, тэгш хүртээмжтэй байдлыг хангах нь эх, хүүхдийн эндэгдлийг бууруулахад гол ач холбогдолтой.
АЖИЛТНУУДЫН ЦАЛИН7-49 ХУВЬ НЭМЭГДЭХ ТООЦОО ГАРСАН
-Хүүхдээ төрүүлэхийн тулд эцэг, эхчүүд эх баригчид мөнгө өгдөг жишиг тогтоод удаж байгаа нь нууц биш. Харин эх баригчид мөнгө өгөхгүй бол төрөхөд нь анхаарахгүй, бусдаас нүд үзүүрлэж харьцдаг гэсэн гомдол маш их байдаг. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Эмнэлгийн мэргэжилтнүүд тэр дундаа эх баригчид өндөр ачаалалтай ажилладаг, улсынхаа хүн амаа өсгөх бодлогыг хэрэгжүүлэхэд гар бие оролцдог хүмүүс. Эх, хүүхдийг эсэн мэнд амаржуулахад эх баригчдын оруулсан хувь нэмрийг үнэлж баршгүй. Манай эрүүл мэндийн салбарын нэг том давуу тал бол эх, нярайгаа төлбөр мөнгөгүй төрүүлдэг явдал. Дотоод, гадаадын хувийн эмнэлэгт хэдэн мянган ам.доллараар төрлөө гэдэг яриа та бас сонссон байх. Зарим гэр бүлийн зүгээс талархсан сэтгэлээ илэрхийлдэг л байх. Харин мөнгө өгөхгүй бол нүд үзүүрлэж,тусламж үйлчилгээ үзүүлэхээс татгалзвал Эрүүл мэндийн яамны 323002 утсаар мэдэгдэх эсвэл өргөдөл өгөөрэй. Бид асуудлыг авч үзэх болно.
-Энэ асуудал нэг талаар эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин, хангамж муу байгаатай салшгүй холбоотой байх л даа. Энэ салбарын ажилтнуудын цалин хангамжийг хэрхэн сайжруулах вэ. Эмч, мэргэжилтнүүд хийснээрээ цалин авдаг болно гэж та чуулганы хуралдааны үеэр гэж хэлсэн. Үнэхээр ийм боломж байгаа юм уу?
-Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Багш, эмнэлгийн ажилтнуудын ажлын ачаалал, ур чадвар, мэргэшил, ажлын үр дүн, ажилласан жил зэргээс хамаарсан цалин хөлс, урамшууллын тогтолцоог бий болгоно” гэж заасан. Эрүүл мэндийн яам энэхүү мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн байдаг. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар энэ оны нэгдүгээр сард ажлын хэсэг байгуулан ажиллалаа.
Ажлын хэсэг бүтэн жил ажиллахдаа 31 эрүүл мэндийн байгууллага, 2600 ажилтныг хамруулан 45 мянган өгөгдлийг үнэлсэн. Энэ үнэлгээгээр эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ангилал, зэрэглэл нэмэгдэж үндсэн цалин 7-49 хувь нэмэгдэх тооцоо гарч байна. Жишээлбэл, эрчимт эмчилгээ, мэс засал, яаралтай тусламж, эх барих, эмэгтэйчүүд судлал, гэмтэл согог судлал, мэдээгүйжүүлэлтийн эмч нарын үндсэн цалин 32 хувь, сувилагчдынх 49 хувь нэмэгдэх тооцоолол гарч байна.
Энэ нь жилд дунджаар 62.1 тэрбум төгрөг цалингийн санд нэмэх шаардлагатай гэсэн үг юм. Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэл батлагдвал эмнэлгийн ажилтнуудын ажлын ачаалал, ур чадвар, мэргэшил, ажлын үр дүн, ажилласан жил зэргээс хамаарсан цалин хөлс, урамшууллын тогтолцоотой болно. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдтай хамтарч энэ асуудлыг Засгийн газарт оруулж хэлэлцүүлнэ.
-Цалин хангамжаас гадна эрүүл мэндийн салбарын ажилтнуудын нийгмийн асуудалд анхаарч, орон сууцны зээлд хамруулна гэж байсан. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Эрүүл мэндийн ажилтнуудын нийгмийн баталгааны асуудлыг Эрүүл мэндийн тухай хуульд заасан байдаг. Хуульд заасны дагуу эмнэлгийн ажилтнууд тэтгэвэрт гарахдаа 36 сар хүртэлх үндсэн цалингийн дундажтай тэнцэх мөнгөн тэтгэмж авдаг. Үүнд жилд 10.2 тэрбум төгрөг улсын төсвөөс гардаг. Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмнэлгийн мэргэжилтэнд тасралтгүй ажилласан таван жил тутамд зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмж олгож байна. Энэ зардал 8.7 тэрбум төгрөг болдог.
Тэтгэмжид хамрагдах эрүүл мэндийн ажилтны хүрээ, тоог нэмэгдүүлэх зорилгоор 2016 онд Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, аймаг дахь төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа эмнэлгийн бусад мэргэжилтэнд таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмж олгох заалт туссан. Ингэснээр өмнө нь хамрагдаж чадахгүй байсан аймгийн Эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын төв,
Уламжлалт анагаах ухааны төвийн ажилтнууд тэтгэмж авах эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Хуулийн энэ заалт 2021 оноос хэрэгжиж эхэлнэ. Мөн ажилласан таван жил тутамд нь амралт дээр нь нэг өдрийн нэмэгдэл олгож байна. Хуульд мөн эрүүл мэндийн ажилтан нэг удаа үнэ төлбөргүй үзлэг, шинжилгээнд хамрагдахаар заасан. Түүнчлэн Эрүүл мэндийн сайдын баталсан “Эмнэлгийн мэргэжилтэнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хөнгөлөлттэй үзүүлэх журам”-ын дагуу эмнэлгийн мэргэжилтэн нь дараалал харгалзахгүй үзүүлэх, төлбөртэй тусламж, үйлчилгээний 50-иас доошгүй хувийг хөнгөлүүлэх боломжтой.
Эмнэлгийн мэргэжилтэн ялангуяа сум, тосгон, багт ажиллагсад таван жил тутамд мэргэжил дээшлүүлэх сургалтад улсын зардлаар суралцахыг хуульчилсан. Төрийн зардлаар суралцах эмнэлгийн мэргэжилтнүүдийн тоог тасралтгүй нэмэгдүүлж байна.
-Орон сууцны зээлийн тухайд?
-За ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй олон хүн байдгийн хэсэг нь манай эрүүл мэндийн салбарынхан. Таван мянган эрүүл мэндийн ажилтныг энэ зээлд хамруулахаар ажиллаж байна. Санхүү мөнгөний асуудал гол бэрхшээл болж байгаа. Барилга, хот байгуулалтын сайдтай ярилцаж байгаа. УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлэг саяхан “Сувилагчдаа сонсъё” хэлэлцүүлэг Төрийн ордонд зохион байгуулсан. Эрүүл мэндийн 90 гаруй байгууллагын төлөөлөл оролцож, жаргал зовлонгоо илэн далангүй ярилцсан үр дүнтэй хэлэлцүүлэг болсон. Энэ үеэр хэлэлцүүлгийг санаачлагч, бүлгийн дарга Д.Оюунхорол гишүүн бусад эмэгтэй түшээд маань ипотекийн зээлтэй холбоотой санхүүжилтийг төсөвт суулгах чиглэлд ажиллахаар болсноо дуулгасан. Бид үүний дагуу ажиллана аа. Энэ асуудлаар Монголбанкинд ч хандана.
-Эрүүл мэндийн салбарын харьяалалтай царцаасан барилга олон байгаа. Тухайлбал, Түлэнхийн төв байна. Энэ барилгыг хэзээ ашиглалтад оруулах вэ?
-Түлэнхийн төвийн барилга одоогоос долоон жилийн өмнө яригдаж эхэлсэн ч санхүүгийн асуудал шийдвэрлэгдэхгүй явсаар ирсэн байдаг. Ж.Эрдэнэбат гишүүн Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Кувейтын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Төрийн ордон барих байсан зориулалтыг өөрчилж, Түлэнхийн төв барих шийдвэр гаргасан нь олон нийтийн талархлыг хүлээсэн. Ингээд гарааны санхүүжилт болох 500 сая төгрөгийг төсөвт суулгаснаар зогссон энэ ажил тасралтгүй явж энэ онд ашиглалтад орох төвшинд хүрснийг хэлэхэд таатай байна.
Ихэвчлэн хүүхдүүд ирдэг ГССҮТ-ийн Түлэнхийн тасгийн орчин нөхцөл муу, өрөө тасалгаа хүрэлцэхгүй зэрэг олон хүндрэлтэй асуудал бий. Энэ бүхэн удахгүй ард хоцорно гэдэгт итгэлтэй байна. Барилгын салбарт олон жил ажилласан туршлагатай, өөрсдийгөө таниулсан, хариуцлагатай “Цаст констракшн”,”Нутгийн буян” компаниуд түлэнхийн төвийн барилгыг барьж байна. Мөн төсөв мөнгө, компаниудын үйл ажиллагаатай холбоотойгоор зогссон байсан Геронтологийн үндэсний төв, Говь-Алтай, Дорноговь аймгийн 50 ортой төрөх эмнэлэг, Говь-Алтай аймгийн Цээл сумын эрүүл мэндийн төв, Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын эрүүл мэндийн төвийн барилга зэрэг хэд хэдэн эмнэлгийн барилга угсралтын ажил эхлээд явж байна.
Говь-Алтай аймгийн 50 ортой төрөх эмнэлгийг ирэх зургадугаар сарын 1-нд ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажил эрчимтэй явж байна. 2015 онд эхэлсэн Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн барилга угсралтын ажил барилга угсралтын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна. 2018 оны III улиралд багтаан Улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.
-Хан-Уул дүүрэгт барих IV төрөх эмнэлгийн барилгын ажлыг үргэлжлүүлж байгаа юу?
-Яармагт баригдаж байгаа 300 ортой төрөх эмнэлгийн түүх их гунигтай. 2010 оны үед ажил эхэлсэн, тухайн үед барилгын компани нь төсөвт өртгийнхөө 90 гаруй хувийг нэг мөр авсан ч гүйцээлгүй дутуу хаяад хууль хяналтын байгууллагад асуудал нь шилжсэн юм билээ. Одоо эмнэлгийн асуудлыг Үндэсний хөгжлийн газар хариуцан ажиллаж байна. Хэдийгээр барилгын ажлыг харьяалж буй байгууллага өөр байгаа ч манай салбарын асуудал учраас бид байнга хяналт тавина. “Томо билдинг” гэдэг компани ирэх онд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа. Удахгүй газар дээр нь очиж барилгын ажлын явцтай танилцана.
Энд хүүхдийн ортой тасаг бас нээх учиртай. Энэ дашрамд хэлэхэд, тендерт шалгарсан атлаа ажлаа хагас дутуу, чанаргүй хийдэг компаниудын хар жагсаалт гаргах шаардлагатай байна. Хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалах зориулалттай эмнэлгийн барилгын ажлыг хэдэн жилээр хойш татдаг байж таарахгүй. Ер нь дуусаагүй барилгын асуудлыг онцгойлон анхаарч байна. Хариуцлагагүй хэдэн хүнээс болж эрүүл мэндийн салбар, иргэд үйлчлүүлэгчид хохирох ёсгүй.
ҮНДЭСНИЙ ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН ТӨСЛИЙН НЭГЖИЙН БҮТЦЭД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА
-Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн барилгын ажил нэлээд асуудалтай байгаа гэсэн. Асуудал нь юундаа байна вэ?
-БНСУ-ын Экзим банкны хөнгөлөлттэй зээлээр баригдаж буй Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн барилга энэ оны аравдугаар сард ашиглалтанд орох төлөвлөгөөтэй. Ирэх оны гуравдугаар сард тоног төхөөрөмж суурилуулж дуусаад туузаа хайчлахаар төлөвлөсөн. Гэвч одоогоор ажил удаашралтай байгаа юм. Тоног төхөөрөмжүүдийн захиалгын үнэ өндөр, цахим системийн ажил зуун задгай, хариуцсан хүн нь мэргэжлийн бус зэрэг олон алдаа дутагдал аудитын дүгнэлтээр илэрсэн.
Тэр ч бүү хэл цогцос хадгалах барилгын гүйцэтгэлийг хуурамчаар үйлдэн өндөр хувь тавьж санхүүжилт авах гэсэн оролдлого гарсан. Энэ мэтчилэн хууль дүрэм зөрчсөн, алдаа дутагдал гаргасан зүйл их байгаа учраас удирдлагын зөвлөл хуралдаж төслийн нэгжид бүтцийн өөрчлөлт хийх шийдвэр гаргалаа. Шаардлагатай гэж үзвэл хууль хяналтын байгууллагад хүсэлт тавьж шалгуулна. Монгол Улс анх удаа цөмийн изотопын үйлдвэртэй оношилгооны төвтэй болж байна. Гэтэл энэ чиглэлийн мэргэжлийн зөвлөх төслийн нэгжид алга. Энд тэндээс шахсан хүмүүс ажилладаг гэдэг мэдээллийг надад өгсөн юм.
-Ийм алдаа гаргасан хүмүүст хариуцлага тооцох нь зөв. Гэхдээ бүтцийн өөрчлөлт хийлээ гээд барилгын ажлыг хугацаанд нь ашиглалтад оруулж чадах уу?
-Бүтцийн өөрчлөлт хийснээр цаг хугацаандаа ашиглалтад оруулна гэж үзэж байна. Энэ бүтцийн өөрчлөлт нь төслийн анхны ТЭЗҮ-гийн бичиг баримттай нийцэж байгаа гэдгийг онцлоё. Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн төсөл дөрвөн үндсэн бүрэлдэхүүн хэсэгтэй. Барилгыг “Боми Констракшн”, цахим хангамжийг “Тайхан”, хүний нөөцийг “Ионсей”, тоног төхөөрөмжийг “Самсунг” хариуцаж байгаа. Төсөлд шалгарсан Солонгосын талтай уулзаж байр сууриа илэрхийлж, юуны түрүүнд тоног төхөөрөмжийн техникийн үзүүлэлтүүдийг ашиглалтад ортол байнга шинэчилж, сайжруулж байх, цахим хангамжийн кодыг хүлээлгэж өгөх тохиролцоонд хүрсэн.
Энэ төвийг байр сууцаа зарж, байдгаа барж гадаадад эмчлүүлэхээр явдаг ард иргэдийн урсгалыг зогсоох, монгол хүн эх орондоо дэлхийн жишигт хүрсэн тусламж үйлчилгээ авдаг болгох зорилготой байгуулах шийдвэр гаргасан. Энэ үндсэн зорилгод хүрэхэд бид бүх хүч чадлаа дайчлан ажиллах үүрэгтэй шүү дээ.
-Эрүүл мэндийн салбарын хөгжил сум, хорооны өрхийн эмнэлгийн эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээнээс ихээхэн хамаарна. Анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг үйлчилгээг сайжруулж, шаардлагатай тоног төхөөрөмж, мэргэшсэн боловсон хүчнээр хангах талаар анхаарч байгаа юу?
-Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ нь аливаа улс орны эрүүл мэндийн тогтолцоог хамгийн үр ашигтай, үр дүнтэй зохион байгуулах гол арга зам байдаг нь нэгэнт тогтоогдсон. Бага зардлаар өндөр үр дүн, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжид хүрэх боломж гэж олон улсад үздэг. Өрх, сумын эрүүл мэндийн төвүүдийг унаа машин, тоног төхөөрөмжөөр хангах асуудлыг манай яам орхигдуулалгүй авч явсаар ирсэн байдаг.
Тухайлбал, А.Цогцэцэг сайд богино хугацаанд Хан-Уул, Баянзүрх дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвд эмнэлгийн зориулалтын 14 пробокс машин, 197 сумын эрүүл мэндийн төвийг түргэн тусламжийн машинаар хангаж чадсан. Мөн билирубин хэмжигч аппарат, ургийн доплер, хэт өндөр давтамжийн шарлагын аппарат зэрэг 149 сая төгрөгийн тоног төхөөрөмжөөр хангасан байдаг. Бид энэ үйл ажиллагааг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Мөн ДЭМБ, БНСУ-ын олон улсын эрүүл мэндийн сангаас хэрэгжүүлж буй төслийн хүрээнд 310 сая төгрөгийн үнэ бүхий зөөврийн тоног төхөөрөмжөөр хангалаа. 97 сум, өрхийн эрүүл мэндийн төвд 114 сая төгрөгийн өртөгтэй 97 ширхэг лабораторын центрифуг аппарат нийлүүллээ.
-Тэгвэл анхан шатны эмнэлгүүдийн санхүүжилтийг нэмэгдүүлж байгаа юу?
-Санхүүжилт нэмэгдүүлэх асуудлыг анхан шатны эмнэлгүүд нэлээд тавьдаг. Бид санхүүжилтийг үйл ажиллагаатай нь уялдуулах зарчим барьж байна. Тухайлбал, өрхийн эрүүл мэндийн төвүүд өдрийн эмчилгээ хийх, гэрээр үзлэг, эмчилгээ хийх, нөхөн сэргээх, шинжилгээ хийх зэргээр багцаа нэмэгдүүлэн санхүүжилт авах боломжтой. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн илрүүлэг шинжилгээний эхний дамжлага анхан шатны эмнэлгүүд дээр явна. Энэ үйл ажиллагааг сувилагч нар маань гардаж хийнэ.
Энэ удаа 2800 байсан өртгийг 3500 төгрөг болгож шинжилгээ бүрт 700 төгрөг нэмэх шийдвэрийг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл хэлэлцэж шийдвэрлэлээ. Энэ нь үйл ажиллагааны зардлыг тооцсон үнэлгээ юм. Ингэснээр аль болох олон хүн хамруулах сонирхол бий болж аль аль талдаа ач холбогдолтой гэж зөвлөл үзсэн.
Анхан шатлалын 549 эрүүл мэндийн байгууллагад 10592 эмч мэргэжилтэн ажиллаж байна. Өрх, сум, тосгоны эмнэлгүүд эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжиж эхэлж байна. Үүнд зориулж 5.2 тэрбум төгрөг төсөвлөлөө. Мөн улсын төсвийн санхүүжилтийг 9.6 тэрбум төгрөгөөр 2018 онд нэмэгдүүллээ.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦАХИМ СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ
-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар бие даасан байгууллага болоод таван сар болох гэж байна. Энэ хугацаанд ажил нь нэлээд жигдэрсэн байх. Даатгалын үйлчилгээнд ямар шинэчлэл гарч байгаа вэ?
-Эрүүл мэндийн даатгалын сангаас өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, сэргээн засах зориулалтаар хийгдэх протез, ортопедийн зардалд энэ онд даатгалаас 34.5 тэрбум төгрөг төсөвлөөд байна. Хүн амын дунд зонхилон тохиолдож, улмаар нас баралтын гол шалтгаан болсон элэгний хорт хавдар, элэгний хатуурлыг бууруулах зорилгоор баталсан “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хоёр дахь шатны үйл ажиллагаа эхлээд явж байна. Үүнд зориулан 30 гаруй тэрбум төгрөг баталсан.
Эрүүл мэндийн даатгалын байгууллага бие дааснаар эхний ээлжид даатгуулагчид хөнгөлөлттэй үнээр олгох эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хяналтыг сайжруулах, ажилтнуудын ажлын ачааллыг хөнгөвчлөх зорилгоор “Эрүүл мэндийн даатгалын цахим систем”-ийг нэвтрүүлэн, энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс өрхийн эмнэлэг болон даатгалын гэрээтэй эмийн сангуудад амжилттай нэвтрүүлж эхлээд байна.
Цаашид үргэлжлүүлэн хувийн эмнэлгийг II улиралд, улсын эмнэлгийг III улиралд, рашаан сувиллыг IV улиралд цахим системд холбож, энэ ондоо Эрүүл мэндийн даатгалын цахим системийг бүрэн нэвтрүүлэхийг зорьж, шаргуу ажиллаж байна.
-Хөнгөлөлттэй эм авахад үүсдэг дараалал, давхардал арилна гэсэн үг үү?
-Тийм. Цахим программ нэвтрүүлснээр даатгуулагчийн тусламж, үйлчилгээнд зарцуулж байгаа зардал, хүлээгдэл, давхардлыг бүрэн хянах бололцоотой болж байна. Жишээ нь, “Ази фарм” эмийн сан 3000 хүнд үйлчлээд санхүүжилт нь дуусдаг байсан бол одоо цахим орсноор 4000 хүнд үйлчлээд санхүүжилт 50 хувьтай байна.
Энэ байдлаар нэг сард 7000 хүнд үйлчлэх боломжтой болж байгаа юм. Нэг жорын дундаж худалдан авалтын дүн 25 мянган төгрөг байсан бол одоо 15 мянган төгрөг болж буураад байна. Өрхийн эмнэлгээс хэрэгцээгүй жор бичүүлдэг явдал байхгүй болж зөвхөн хэрэгцээнд суурилдаг болсон гэхэд болно. Мөн эрүүл мэндийн даатгалын байгууллага нь Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн стратегийн төвшний шийдвэрийг шуурхай хэрэгжүүлэн ажиллах боломжтой болсон.
Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөл таван удаа хуралдаж, даатгуулагчдын эрх ашиг, тулгамдсан асуудлуудыг цаг тухай бүрт нь шийдвэрлэн ажиллаж байна. Хамгийн сүүлд үндэсний зөвлөл хувийн хэвшлийн эмнэлгүүдийн даатгалаас санхүүжих хувь хэмжээг төрийн өмчийн эмнэлгүүдтэй ойртуулах шийдвэр гаргалаа. Үүнийг төсвийн хуулийн хэлэлцүүлгээр баталгаажуулах учиртай. Бид хэдэн төгрөг хуваарилаад суух бус бодлого төлөвлөгөө, менежменттэй ажиллаж буйн эхний илрэл гэж хэлж болно.
Урьдчилан сэргийлэх үзлэгийг уламжлалт аргаар бус хүн амын дунд зонхилж буй өвчлөлийг эрт илрүүлж эмчлэх бодлого барьж шийдвэр гаргалаа. Ингэснээр эрүүл мэндийн даатгалын сангаас сард 55 мянга, улиралд 165 мянган төгрөгийн боломжоо ашиглаад өгч болох цус, шээсний ерөнхий шинжилгээ өгөх төдий багц биш нас баралтын тэргүүлэх шалтгаан болоод байгаа зүрх судас, эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хорт хавдрыг илрүүлэх, хэвлийн хөндийн эхо гэсэн багцыг энэ жил гаргахаар төлөвлөсөн.
Харин ирэх жилийн багцад ходоод, улаан хоолой, уушигны хорт хавдрыг илрүүлэх, эмчлэх багц гэх мэтээр зохион байгуулахаар төлөвлөж байна. Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн өртгийн судалгааг шинэчлэн хийж, тарифыг нэмэгдүүлэх ажил хийгдэж байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийг үндэслэн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл “Эрүүл мэндийн даатгалын эрсдлийн сангийн хөрөнгийг тооцох, зарцуулах, банкинд хадгалуулах журам ”, “Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг зарцуулах, банкинд хадгалуулах, Засгийн газрын бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авах журам”-ыг тус тус баталлаа.
-Хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтыг шинэчилж байгаа юу. Одоо хэчнээн эмийг, хэдэн эмийн сангаар хөнгөлж олгож байгаа вэ?
-Хүчин төгөлдөр үйлчилж байгаа хөнгөлөлттэй эмийн жагсаалтаар дан найрлагатай 17 бүлэг 662, нийлмэл найрлагатай 11 бүлгийн 155, нийт 817 нэр төрлийн эм байна. Эдгээрээс өндөр зардалтай буюу нийт зардалд 0.5 хувиас дээш хувийг дангаараа эзэлдэг 18 нэр төрөл, тэг буюу сангаас огт зардал гаргадаггүй 83 нэр төрөл, бага зардалтай 150 нэр төрлийн эм байна. Эм бус биологийн идэвхт бүтээгдэхүүн ч хөнгөлөлттэй эмийн жагсаалтанд байна. Судалгааны ажил үндсэндээ дууссан.
Жагсаалтаас хасах болон нэмэх, хөнгөлөлтийн хувь хэмжээг хэдэн хувиар тогтоох зэргийг ажлын хэсгээр хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа. Хөнгөлөлттэй эм борлуулдаг 835 эмийн сангийн 317 нь нийслэлд, 518 нь орон нутагт байгаа юм.
-Оюутнууд хотод эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад нэлээд хүндрэлтэй байдаг. Энэ асуудалд хэрхэн анхаарах бол?
-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт, Эрүүл мэнд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалаар нийслэлд суралцаж байгаа орон нутгийн оюутнуудыг дүүргийн эмнэлгүүдэд хуваарилж өгсөн юм билээ. Гэвч хэрэгжилт хангалтгүй байна. Тиймээс сонгуулийн мөрийн хөтөлбөрийн дагуу даатгалдаа хамрагдсан оюутнууд харьяалал харгалзахгүй үзүүлдэг байх журмыг сайд нартайгаа хамтран Засгийн газарт санал оруулж батлуулна.
Оюутнууд эрүүл мэндийн даатгалын шимтгэлд 4800 төгрөгийг нэг сард төлдөг байсныг 2400 болгож бууруулсан.Тиймээс иргэн хүний хувьд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, нөгөө талаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ төлбөргүй авах боломжоо бүрдүүлэх, өөрийн эрүүл мэндийнхээ төлөө хариуцлагатай байх үүргээ биелүүлэхийг уриалж байна. Мөн оюутан олонтой хотхонд НҮБ-ын Хүн амын сан, ДЭМБ-ын дэмжлэгтэй байгуулагдсан “Оюутны клиник” ажиллаж эмнэлгийн тусламж, үйлчилгээ, эрүүл мэндийн боловсролыг амьдран суугаа газраасаа авах боломжоор оюутнууд маань хангагдсан байгаа.
Түүнчлэн Эрүүл мэндийн яам жил бүрийн есдүгээр сарыг “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар” болгон зарлаж, эрүүл мэндэд нь тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулдаг. Засгийн газар “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хоёр дахь шатанд оюутан залуус, армид алба хааж буй дайчдаа элэгний В, С вирусийн илрүүлэг шинжилгээнд хамруулж байна. Монголын оюутны холбоо,10 гаруй их, дээд сургууль манлайлан оролцож байгаа. Одоогийн байдлаар 1200 гаруй оюутан, сурагч шинжилгээнд хамрагдсан.
-Гуравдугаар шатлалын эмнэлгүүдээр үйлчлүүлэхэд өвчтөн нэг сар гаруй хугацаагаар хүлээх нь элбэг. Одоогоор ийм байдлыг арилгаж, эмнэлгийн хүрэлцээг сайжруулж, ачааллыг багасгах боломж байна уу?
-Лавлагаа, шатлалын эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахад мэргэжлийн үнэлэлт дүгнэлт, эрэмбэлэн ангилалт явагддаг. Энэ бол аль ч оронд хийгддэг зохион байгуулалт. Яаралтай тусламж, үйлчилгээ авах шаардлагатай иргэнд хүлээгдэл чирэгдэлгүй эмчилгээ үйлчилгээ үзүүлэхэд онцгой анхаарч байна.
Харин архаг өвчний оношилгоо эмчилгээний хүлээгдлийг бууруулахад чиглэн эмнэлэг хооронд өвчтөн шилжүүлэх үйл ажиллагаанд цахим мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр орон нутагтаа лавлагаа шатлалын эмнэлэгт оношилгоо, эмчилгээнд хамрагдах өдрийн товоо мэдэж өөрийн ажил амьдралаа зохицуулах боломж бүрдүүлэх юм.
Мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор өдрийн эмчилгээ, гэрээр үзүүлэх сувилахуйн тусламж, үйлчилгээний төрлийг нэмсэн. Иргэдэд учрах санхүүгийн хүндрэлийг бууруулах зорилгоор өдрийн эмчилгээний төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцахаар шийдвэрлээд байгааг дээр хэлсэн. Юуны өмнө сум, тосгон өрх, дүүргийн тусламж, үйлчилгээг нэмэгдүүлэх, мэдээллийг сайжруулах нь хүлээгдэлтэй холбоотой асуудлыг зохицуулах ажлын нэг хэсэг гэж үзэж байгаа.
-Донорын тухай хуулийг баталснаар иргэд эх орондоо эрхтэн шилжүүлэн суулгах боломжтой болсон. Энэ хуулийн хэрэгжилт ямар байна вэ?
-Донорын тухай хууль энэ оны нэгдүгээр сард батлагдсан. Улс орон даяар хоёрдугаар сарын 19-нөөс хэрэгжиж эхэлсэн. Гуравдугаар сарын 1-нд эд, эс, эд эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албыг Эрүүл мэндийн хөгжлийн төвд байгуулаад ажиллаж байна. Одоогоор хуулийн дагуу хэрэгжүүлэх холбогдох журмуудыг боловсруулж байгаа.