Ё.Баатарбилэг: УИХ-ын гишүүд хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэг байх ёстой
Өнөөдөр /2018.06.14/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваагийн санаачилсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг асуулт асуулаа.
Ё.Баатарбилэг: Дэгийн тухай өөрчлөлтийн асуудал 2016 оны парламент бүрдсэнээс хойш л ярьсан.
УИХ-ын гишүүн хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй байх асуудал гардаг.
Чуулганы хуралдаан дээр гишүүд үг хэлж, санал бодлоо илэрхийлэхдээ янз бүрийн л юм яригдаж байна. Энэ талаар хариуцлагын асуудал тусгагдсан уу? Хууль бус, хууль зөрчсөн агуулгатай үг хэлэх, уриалах, тодорхой асуудлаар байр суурь зөрөлдсөн тохиолдолд бие биенийгээ гутаан доромжлох зүйлс мэр сэр харагдаж байна.
Санал өгөх асуудал яаж орж байна? Хурууны хээгээр санал өгөх тухай яригдсан. Хүний кноп дарахгүй, гишүүд өөрсдөө ирцээ бүртгүүлсэн бол асуудалдаа хариуцлагатай биечлэн оролцох хэрэгтэй. Энэ асуудлыг яаж тусгасан бэ?
Эргүүлэн татах асуудал Үндсэн хуулийнхаа тодорхой заалттай нийцэж байгаа юу?
Д.Хаянхярваа: Хэлсэн үгэндээ хариуцлага хүлээх тухай энэ хуулинд тухайлан зааж, өөрчлөлт оруулаагүй. 10.1'1.3 дээр Хуралдааны явцад ёс зүйн зөрчил гаргасан гэж үзвэл Ёс зүйн зөвлөлд хандана гэсэн. Энэ нь хүний нэр хүндийг гутаан доромжлох, элдвээр гүжирдэх асуудал гарвал ёс зүйтэй нь холбож үзэх ёстой болов уу гэж үзсэн.
Мөн энэ хуулинд кнопыг хурууны хээгээр дарна гэсэн асуудал ороогүй. Хүний өмнөөс санал өгч, кноп дарах асуудлыг хязгаарлаж, хариуцлага хүлээлгэх асуудлыг тусгасан. Цаашдаа энэ хууль батлагдвал ямар шугамаар, яаж санал өгөх вэ гэдэг асуулыг хэлэлцэх явцдаа ярина. С.Бямбацогт гишүүн нарын санаачилсан хуулинд энэ зүйлс тодорхой туссан учраас цаашдаа энэ хоёр хууль хамтран хэлэлцэгдээд явна гэж үзэж байна.
Эргүүлэн татах хуулийн хүрээнд нийт чуулганы хуралдаан суусан цагийн гуравны нэг гэдэг нь УИХ-ын хуулинд өөрчлөлт оруулах асуудал яригдсан. Хуулийг боловсруулах явцад хуульчид янз бүрийн асуудал ярьсан. Үндсэн хуульд харшлахгүй юм байна гэж үзээд энэ асуудлыг оруулсан.
Д.Лүндээжанцан: Нарийн судалгаа хийгдсэн. УИХ-ын гишүүн чуулганы болон БХ-ны хуралдаанд биеэр оролцож, өөрийн итгэл үнэмшлээр санал өгнө гэж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд явж байгаа. Үндсэн хуульд энэ заалт орвол өөр хүний товчлуур дарж, Үндсэн хууль зөрчсөнөөр УИХ-ын гишүүнээсээ огцрох асуудал яригдах учир хариуцлагын тогтолцоо сайжирна гэсэн байр сууриар хийсэн.