Ё.Баатарбилэг: Хууль санаачлагч нар өөрсдөө асуулт асуудагаа болих хэрэгтэй
Улсын Их Хурлын чуулганаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Мөнхбаатар, Я.Содбаатар нарын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Тус хуулийн төсөлд Улсын Их Хурлын гишүүний ёс зүй, хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр хуралдааны дэг зөрчиж, үг хэлэх эрхээ хасуулсан гишүүн дэгийг дахин зөрчвөл хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хуралдааны танхимаас гаргахаар шийдвэрлэх, хэлэлцэж байгаа асуудалтай холбогдолгүй асуудлаар үг хэлж байгаа гишүүнийг сануулах, сануулгыг зөрчвөл үг хэлэх хугацааг дуусгавар болгох, гишүүний хуралдаанд оролцсон ирцийг сар бүр олон нийтэд мэдээлж байх, хуралдаанд оролцоогүй цагийн хугацаанаас хамаарч гишүүний бүрэн эрхийн хугацааг дуусгавар болгож, эгүүлэн татах асуудлыг оруулах хариуцлагын заалтуудыг тусгасан байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг УИХ, Байнгын хорооны үйл ажиллагаатай холбоотой хэд хэдэн асуудлыг хуулийн төсөлд тусаж байгаа эсэхийг санаачлагчаас асуусан юм. Түүний асуултыг мөн хууль санаачлагчын хариултын хамт хүргэж байна.
УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах 2дах хувилбар орж ирж байна. Хууль санаачлагч нар өөрсдөө хуулийн төслөө орж ирэхээр чуулган дээр хуулийнхаа талаар асуулт асуугаад байгааг би сайн ойлгохгүй байна. Үүнийг дэгийн хуульд оруулмаар байгаа юм. Санал хэлж бол болно, харин өөрийнхөө оруулсан асуудлаасаа асуулт асуугаад байдаг манай гишүүд. Хуулийн төслөө мэдэж гарын үсэг зурах хэрэгтэй шүү дээ.
Чуулгандаа ирцээ бүрдүүлээд сууж байдаг, холбоотой асуултаа асуугаад сууж байдаг гишүүдтэй хамаатай асуудал байна. Чуулганы цагийг үр ашигтай ашигламаар байна. Тухайлбал, редакцын өөрчлөлт гээд цэг, таслал, ганц нэг үг өөрчлөх гээд хэдэн арван зарчмын зөрүүтэй санал маш их цаг авдаг. Үүнийг хэрхэн зохицуулж байгаа вэ?
УИХ болон байнгын хорооноос байгуулсан ажлын хэсгийг хугацаатай байгуулдаг. Үүнийг хугацаатай байгуулж баймаар байна. Нөгөө талаар ажлын хэсэгт орж байгаа гишүүдийн идэвхи оролцоо дээр бүртгэл, хариуцлагатай болмоор байна.