МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2018.06.15
Эдийн засаг, Худалдаа

Б.Баттөмөр: Хөрөнгийн биржийг 100 хувь хувьчлах тал дээр эсрэг саналтай байна

Өнөөдөр /2018.06.15/ УИХ-ын нэгдсэн чуулганаар “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр энэ хувьчлалуудыг яагаад заавал хийх хэрэгтэй байгааг тодруулсан юм.

Татварын бүрдүүлэлтийг аваад үзэхээр хэдэн уул уурхайн компаниуд, сүүлд бий болсон компаниуд голлон байдаг. Хувьчлаад өндөр үр дүнд хүрсэн юм байхгүй.

Би бол өмч хувьчлалыг дэмжиж байгаа. Яг энэ байдлаар биш. МИАТ-ын 49 хувийг гаргаж ирээд нэг өдөр цацна гэвэл том алдаа болно. Монгол шуудан компанийн хувьчлал яаж амжилттай болсон гэвэл эхлээд 34 хувийг нь хувьчлаад бодлоготой явж байгаа учраас юм.

Хөрөнгийн биржийг 100 хувь хувьчлах тал дээр эсрэг саналтай байна. Шууд нэг амьсгаагаар ингэж болохгүй шүү дээ. Бүх юм аа хувьчилчхаад зүгээр суугаад байж болохгүй.

Төрийн зохицуулалт Монгол улсад байхгүй учраас бид ингээд дампуурчхаад байна. Төрийн өмчөөрөө дамжуулж төрийн зохицуулалт гэдэг зүйлийг хийх ёстой. Төрийн банкыг 100 хувь өмчлөхийг бас эсэргүүцэж байна. Яагаад гэвэл Монголын төр ганц банкаараа дамжуулаад Ипотекийн зээлтэй.

АЗЗА хувьд миний мэдээлэл бага байна. Гэхдээ АЗЗА бол улсаас мөнгө авч байж л зам засна. Тэр бол ойлгомжтой, өөрийнхөө мөнгөөр засаад хямралгүй болчихно гэж байхгүй. Монголын ард түмний хадгаламж гээд 9,9 их наяд төгрөг байна. Харилцахын үлдэгдэл гээд 3,9 их наяд гээд бараг 14 их төгрөгийн үлдэгдэл байна. Энэ мөнгөөр тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийх боломж байна. Гэтэл зөвхөн 5 дугаар сар гэхэд хадгаламжийн хэмжээ 240 тэрбумаар өссөн байна. Яагаад ингэж өсч байна гэхээр бизнес хийх орчин нь алга, байгаа мөнгөө банканд аваачиж хийхээс аргагүй байна. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд өмч хувьчлал ашигтай ч гэсэн зөв хийгүй бол болохгүй. Бид 30 жилийн турш өмч хувьчилана гэж явсаар байгаад өнөөдрийг хүрч байна. Оргил-ыг их амжилттай хувьчилчихлаа гэдэг. Оргил яаг үнэндээ 15 тэрбум биш 30, 40 тэрбум төгрөг хүрэх байсан. Яагаад гэвэл тэр рашаан ундрага нь асар үнэтэй.

Яагаад IPO гаргаж болоогүй юм. 3-аас 5 тэрбум төгрөгийн IPO гаргахад Оргил хөгжөөд л явчих байсан. Хамгийн муу менежерүүд төрийн өмчийн байгууллагад л ажиллаж байна. Оргил дээр бол хэн, хэн билээ дархлагдсан хэдэн нөхдүүд захирлаар очдог тэгээд л балгас болгоод орхидог. Сая Бат-Эрдэнэ сайдын хэлж байгаачлан МИАТ л гэхэд авгай хүүхдээ дагуулаад гадаад явдаг юм байна. Тэнд байгаа захирал юу хийж байгаа юм бэ? Тэр зохисгүй юмыг засах гэж л Монголын төрийг төлөөлж сууж байгаа биз дээ.

Би юу гэж хэлэх гээд байна гэхээр хувьчлах нь бол зүйтэй. Хэзээ яаж хувьчлах вэ гэдэг тактик, стратегиа зөв боловсруулах хэрэгтэй.

Хоёр дугаарт огт хөндөгдөөгүй сэдэв болох нийгмийн хувьчлалын асуудал. Энд хөдөлгөөн оруулахгүй юм уу? Асар их хэмжээний төрийн өмч тэнд байгаа. Үүнийг хувьчлах тал дээр ямар саналтай байна? Хоёр дугаар асуулт бол хувьчлахдаа ямар тактик ашиглах гэж байна? МИАТ-ын 49 хувийг шууд нэг өдөр зарчих уу? Эсвэл тодорхой шат дарааллаар эхлээд 34 хувийг нь, 25 хувийг нь гэх мэтээр хүрсэн үр дүн дээрээ түшиглээд цаашаа явах юм уу?

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-осор хариулав

Ер нь бол хувьчлалыг салбар салбарын санд аваад хоёр дахь жилдээ явж байна. Нийгмийн эдийн засгийн форум, эдийн засгийн чуулган, төрийн өмч зэрэг компаниуд үр ашиггүй байдлыг сайжруулах тодорхой аргуудын нэг нь бол хувьчлал гэж үзэж байгаа. Нөгөө талаас 2015 оноос хойш шийдвэр гарсан объектуудаа хувьчлах уу, үгүй юу гэдэг нь тодорхой биш байгаа учраас энэ төслүүдийг засгийн газрын хуралдаан дээр ярилцаад  оруулж ирж байгаа. Яаг одоо эцсийн байдлаар хувьчлах арга хэлбэр нь тодорхой бус, нийгэмд сөрөг үр дагавартай гэж шүүмжлэгдээд байгаа. Төрийн байгууллага, МИАТ гэх мэт асуудлууд гарч ирж байгаа. Их хурал дээр эцсийн шийдвэр нь гарах учраас тэр үед хэрэгжүүлэх тал дээр нь анхаарна. Яаг хувьчлах арга хэлбэр дээр би эхний 6 компанийн хөрөнгийн биржээр үнэхээр алдагдалтай байгаад байгаа хувийн секторуудыг дуудлага худалдаагаар худалдчихвал зүгээр юм уу гэсэн саналыг салбарын яам холбогдох хүмүүстэй ярьж байгаа. АЗЗА-ууд дээр зөв буруу хувьчлалын менежмент гээд байх юм байхгүй. Хоёр дугаарт АЗЗА 2009 онд Куветын сангаас зээлсэн 5 тэрбум төгрөгөө одоо болтол төлөөгүй. Дээрээс нь АЗЗА-ын тоног төхөөрөмжийнх нь 80 гаруй хувь нь ашиглах хугацаа дууссан. Тэгээд зах зээл дээр өрсөлдөж чадахгүй байгаа учраас АЗЗА-г хувьчилчихъя гээд байгаа.

 

Нийгмийн салбарын хувьчлал бол үнэхээр том асуудал болоод байгаа. Бид уг асуудал дээо өнгөрсөн жилээс байнгын хороо, засгийн газар дээр санал тавиад ажлын баг гаргуулсан. Ер нь бол Монгол улсын хөрөнгүүд буюу их сургууль, цэцэрлэг, хувийн өмчийн, төрийн өмчийн байгууллагууд, эмнэлгүүд зэргийг тоолоод ямар бодлого гаргах вэ хэрхэн ажиллах вэ гэдэг дээр ажлын хэсэг гаргаад ажиллаж байна.

За засгийн газрын эрхэлсэн яамдууд буюу эрүүл мэндийн яам, боловсролын яам голчлон хариуцдаг. Хэрэв шийдвэр гарчихвал төрийн бодлого зохицуулалтын газар хуулиараа зохион байгуулах үүрэгт нь оролцдог юм билээ. Нөгөө талаар 2003 оны 34 тогтоолоор нийгмийн салбарын хувьчлалд орсон хараахан шийдэгдээгүй 18 обьект байгаа. Хувьчилна гээд шийдвэр гарчихсан боловч одоог хүртэл хэгэжээгүй байгаа. Нийгмийн салбарын хувьчлалыг Шадар даргын ахалж байгаа ажлын хэсэг дээр яриад УИХ-ын хэмжээнд нэг удаа хэлэлцэх зайлшгүй шаардлага байгаа.

ШИНЭ МЭДЭЭ